Н.Золжаргалын гэм буруугийн асуудал юу болов?

УИХ-аас байгуулагдсан Ажлын хэсэг Монголбанкны үйл ажиллагаанд шалгалт хийгээд учиргүй олон дутагдал илрүүлж байсан нь жил гаруйн өмнөх үйл явдал билээ. Ер нь бол шалгалт хийдэг, зөрчил илрүүлдэг, тэгээд баларч улирдаг жишиг манайд бүрэн тогтжээ. Ажлын хэсгийн дүгнэлтээс эргэн санахад, Монголбанк хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд санхүүгийн үүсмэл хэрэгслийн ашиг, алдагдлыг бүрэн хянах боломжтой байтал дотоодын банкуудтай своп, форвард хэлцэл байгуулсны улмаас их хэмжээний алдагдал хүлээж, энэ нь хуримтлагдсан алдагдал нэмэгдэхэд гол нөлөөг үзүүлсэн гэж байв. Тухайн үеийн Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргал нь тус хэлцлүүдээс Монголбанк их хэмжээний алдагдал хүлээхийг урьдчилан тооцоолж, мэдэж, залруулах боломжтой байж жил бүр их хэмжээнийалдагдалтай своп, форвард хэлцэл хийж, алдагдлын хэмжээг улам бүр нэмэгдүүлж, төрд онц их хэмжээний хохирол учруулсан байна гэж үзсэн. Улмаар тэдгээр үйлдэл нь тухайн албан тушаалтныг хэлцэлд орсон арилжааны банкуудтай ашиг сонирхлын зөрчил үүсэхүйц хувийн ашиг сонирхлын холбоотой байж болзошгүй, Эрүүгийн хуулийн 263-т “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах”, 264-т“Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх”, 268-д “Хээл хахууль авах”, 270-д “Хээл хахууль зуучлах”, 272-т “Албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандах” гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй гэж үзэх үндэслэлтэй байгаа учир энэ асуудлаар хуулийн байгууллагад хандаж, шалгуулах нь зөв гэж үзсэн байдаг.

Мөн Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргалын дээрх үйлдэл нь төрд онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй тул төрд учирсан хохирлыг буруутай этгээдээр нь нөхөн төлүүлэх ажиллагааг Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т ” … албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах”, Прокурорын байгууллагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчийн төлөөлөгчөөр оролцоно.” гэж заасны дагуу шүүхийн журмаар шийдвэрлүүлэх шаардлагатай гэсэн байдаг.

Түүнчлэн Н.Золжаргалыг АТГ-аас шалгаж байна гэх мэдээлэл дараа нь эх сурвалжуудаас гадагшлах болсон. Харин Н.Золжаргалын хувьд өөрийгөө зөв ажилласан гэсэн байр суурийг сошиал хуудсаараа дамжуулан илэрхийлсээр байгаа юм. Бүхэл бүтэн Ажлын хэсэг гарч ажиллаад, болзошгүй зөрчлүүдийн талаар мэдээлсэн нь үнэн учраас, уг асуудлын талаар эцэслэсэн үнэн бодитой мэдээллийг хууль хяналтын байгууллага өгөх ёстой санагдана.

Р.Гэгээ

SHARE