Байлдааны онгоц унаж шатсан гэх хэргийг шалгажээ

 

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутагт байлдааны онгоц унаж шатсан тухай мэдээлэл саяхан олон нийтийн цахим сүлжээгээр тарсан. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас энэ хэргийг шалгажээ.

Алтанбулаг сумын иргэд ОХУ-ын Буриад, Хиагт орчмын район руу машины шинэ дугуй хилээр гаргаж худалдан оронд нь хуучирч муудсан дугуйг машиндаа тавьж буцаж оруулж ирдэг явдал сүүлийн жилүүдэд ихэссэнээс тус сумын нутагт их хэмжээний хог болон үлддэг болжээ. Шалгалтаар тус суманд барилгын ажил гүйцэтгэж байсан иргэн О.Г нь өөрийн гар утсаар “Байлдааны онгоц  уналаа” гэх 19 секундийн бичлэг хийн улмаар нүүр номын найз руугаа цахим сүлжээгээр тараасан болох нь тогтоогджээ.  Их хэмжээгээр хураагдсан хаягдал хуучин дугуйнуудыг шатаах явцад гарсан утаа байсан байна.

Тиймээс цагдаагийн байгууллагаас тухайн иргэнийг Хог хаягдлын тухай хуулийг зөрчсөн эсэхийг шалгуулахаар Мэргэжлийн хяналтын газарт шалгуулахаар ханджээ. Мөн Алтанбулаг сумын Засаг даргад зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар прокурорын мэдэгдэл хүргүүлсэн байна.

Иргэд баталгаагүй мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тараахгүй байх, төрийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагаанд саад учруулахгүй байх, хуулийг хэрэгжүүлэхийг Сэлэнгэ аймгийн прокурорын газраас анхааруулав.

Эх сурвалж: news1.mn  Б.ЗАЯА

 

SHARE