“С.Зоригийг хөнөөсөн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй”

 

С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Б.Содномдаржаа нарын гурван хүн гурван шатны шүүхээс ял сонссон билээ. Тэгвэл өнөөдөр Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа олон нийтэд хандаж хэргийн талаар мэдээлэл өглөө.

Тэрээр Б.Содномдаржааг уг хэрэгт хилсээр ял авсан гэдгийг хурлын эхэнд онцлов. Учир нь тэрээр саяхан хүүтэйгээ хорих ангид очиж уулзжээ. Энэ тухай Л.Жавзмаа ярихдаа “Би саяхан хүүтэйгээ очиж уулзчихаад ирлээ. Миний хүүг хориход “энэ хэргийг хүлээ” гэж олон хоногоор дарамтлаад, үнэнийг хэлүүлэх аппаратанд оруулж, учир битүүлгээр зориуд хэргийг хүлээлгэсэн байна. Ямар ч гэрчгүй гүтгээд байна. Хорих ангид эрүүгийн хүнд гэмт хэрэгтэнтэй нэг өрөөнд оруулаад дарамтлуулсан гэсэн. Мөн  “Энэ хэргийг хүлээ” гэж олон хоногоор дарамталж, “Хоолойг чинь бооно, чихийг чинь огтолно” гэж сүрдүүлжхийгээгүй хэргийг нь хүлээлгэсэн байсан. Б.Содномдаржаа болон Т.Чимгээ нарыг зөвхөн  Ц.Амгаланбаатарын үгээр л  гүтгээд байгаа. Гэтэл тэр Ц.Амгаланбаатар нь шоронд хоол унд бүх юмаар хангагдаад явж байдаг гэсэн” гэв.

Б.Содномдаржаагийн өмгөөлөгч “Энэ хэрэг гараад 20 жил болж байна. Одоо энэ хэргийг хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан учраас хэргийг хаасан гэх зүйл яригдаад байна. Хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэдгийг хэлмээр байна. Мөн энэ хэрэг угаасаа нууцад хамаарах хэрэг биш. Хүн амины хэрэг байхад анхнаасаа харьяаллыг нь буруу тогтоож, хэдэн хүмүүст хилс хэрэг үүрүүлчихээд, хүмүүс нь хэргээ хүлээчихсэн учраас хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихлаа гээд байгаа” гэлээ.

Эх сурвалж: news1.mn

SHARE