“Оюутолгой”-г шалгасан улстөрчдийн дүгнэлт 4 улирал дамнах нь

УИХ-аас томилогдсон Ажлын хэсэг Оюутолгойн гэрээний хэрэгжилтэд шалгалт хийгээд дууссан ч, дүгнэлтийг танилцуулахгүй хавар, зуныг өнгөрөөж намартай золгоод байна. Уг нь хаврын чуулган хаалтаа хийхээс өмнө гэрээнээс илрүүлсэн элдэв асуудал бий эсэхийг тодорхой танилцуулах учиртай байв. Гэсэн ч хойшилсоор өвлийн тэргүүн сартай золгоод байна. Шалгалт хийсэн Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва хэлэхдээ “Манай дэд ажлын хэсгүүд зуны турш боломжийн сайн ажилласан. 13 гишүүний саналыг тусгасан эцсийн санал дүгнэлт гаргахаас өмнө би хэсэгчилж ярьмааргүй байна. 262 хуудас санал, дүгнэлтийг иж бүрнээр нь ярихгүй бол өнөөдөр нэг асуудал ярихаар зөвхөн тэр асуудал нь хөндөгдөж байгаа юм шиг болно. Тиймээс  нэгтгэсэн дүгнэлтээ гаргаж, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар оруулаад, дараа нь УИХ-д танилцуулна” гэж байв. Тэр ийн яриад сар гаруйн хугацаа өнгөрсөн ч,  нэгтгэсэн дүгнэлт гараагүй байгаа юм.

Сүүлийн мэдээллүүдээс үзэхэд  Ажлын хэсэгт ажилласан нөхдүүд өнгөрсөн долоо хоногт уулзалдаж, санаа оноогоо нэгтгэх ёстой байсан. Мөн гүний уурхайтай холбоотой Аудитын байгууллагын дүгнэлтийг Ажлын хэсэг дүгнэлтдээ тусгах ёстой аж. Мөн  АТГ-ын зүгээс Оюутолгойн гэрээтэй холбоотой санаа, зөвлөмжөө Ажлын хэсэгт хүргүүлэх ёстой ч, өнөөдрийг хүртэл таг чиг байгаа гэх мэдээлэл байна. Ерөнхийдөө гэрээний хэрэгжилтэд хийсэн шалгалтын дүн дөрвөн улирал дамнаж, удаж буй нь анхаарал татаж байгаа билээ.

Р.Гэгээ

SHARE