АСЕМ зохион байгуулсан 17 даргыг АТГ яагаад “сонирхох” болов?!

/Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг/

Монгол Улсад 2016 онд АСЕМ-г зохион байгуулах үеэр нэр бүхий  17 албан тушаалтан 290.8 тэрбум төгрөгийг хувьдаа завшиж, үргүй зарцуулсан байх магадлалтай гэх мэдээлоийг өнгөрсөн зургадугаар сард ҮАГ-аас мэдээлж байв. Тэр мэдээлэл тэгсгээд чимээгүй болсон. Харин хэд хоногийн өмнө дахин босч ирлээ.

Учир нь Нийслэлийн прокурорын газарт ҮАГ-аас 2018 оны зургадугаар сарын 14-нд 01/1370 тоот Мэдээлэл хүргүүлэх тухай албан бичгээр нэр бүхий 17 албан тушаалтныг шалгуулахаар явуулсан байна.

АСЕМ-ийн нэрийдлээр их хэмжээний мөнгө шамшигдуулсан байж болзошгүй албан тушаалтнууд нь Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан, Ерөнхийлөгчийн зөвлөх асан А.Ганбаатар, ГХЯ-ны ТНБД, АСЕМ-ын БАА-ны дарга асан Д.Ганхуяг, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан П.Цагаан, Хөдөлмөр сайд асан Г.Баярсайхан, ИНЕГ-ын дарга Г.Нямдаваа, Үнэлгээний хорооны дарга А.Дагвадорж, “Дулааны 2 дугаар цахилгаан станц” ТӨХК гүйцэтгэх захирал М.Баянмөнх, Цах-ДХХА цехийн дарга С.Батсайхан, ХААХ-н мэргэжилтэн М.Энхбат, “Дулааны 4 дүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн захирал, Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл, НЗД-ын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, НХААГ-ын дарга С.Ганбаатар нар байгаа юм.

“АСЕМ”-ын бэлтгэл ажлыг хангах болон зохион байгуулан явуулсан зарим ажил нь хууль зөрчсөн байна

Аудитын дүгнэлтэд “Ерөнхийлөгчийн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 163 дугаар зарлигаар Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүрэгтэй Үндэсний зөвлөл байгуулагдсан байна. Гэтэл Ерөнхий сайдын 2015 оны 17 дугаар захирамжаар Үндэсний зөвлөлийг 6 ажлын хэсгээр байгуулж, 2015 оны 128, 2016 оны 13 дугаар захирамжаар ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан байна.

Монгол Улсын Засгийн газрын зохион байгуулсан дараах ажлууд хууль зөрчсөн байна.

-Уулзалтын тов, сэдвийг тодруулж холбогдох талуудтай тохирох;

-ҮЗ-ийн ажлын хэсгүүд болон ажлын албыг байгуулан ажиллуулах;

-ҮЗ-ийн ажлын төлөвлөгөө баталж, хэрэгжилтийг сар, бүр гаргаж МУ-ын Ерөнхийлөгчид танилцуулж байх;

– Уулзалтын хүрээнд “АСЕМ”-ын парламентчидын, бизнесийн, иргэний нийгмийн болон оюутан, залуучуудын чуулга уулзалт, Сангийн сайд нарын болон ахлах албан тушаалтны уулзалт, “АСЕМ”-ын 20 жилийн ойн арга хэмжээ, бусад арга хэмжээг зохион байгуулах;

-Уулзалтыг зохион байгуулах хурлын төв болон бусад дэд бүтцийн бэлтгэлийг хангах дараах арга хэмжээг авах:  “Чингис хаан” олон улсын нисэх буудлын агаарын хөлгийн зогсоолын талбайг нэмэх, газрын үйлчилгээ үзүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, хүндэт зочдын танхимыг сайжруулж тохижуулах; Шинээр барьж буй олон улсын нисэх буудал болон түүний хурдны автозамыг хугацаанд нь барьж ашиглалтад оруулах арга хэмжээ авах, орон нутгийн нислэгийг тухайн үед нь зохицуулах, нөөц нисэх буудлын асуудлыг судалж үзэх; Их тэнгэрийн ам хүртэлх авто замд өргөтгөл шинэтгэл хийж, богд уулын арын авто замд гэрэлтүүлэг, хайс, бэхэлгээ хийх;  Уулзалтыг хийх хурлын төв, зочид буудлыг бэлтгэх, Их тэнгэрт ОУ-ын хурлын төв шинээр барих асуудлыг судалж шийдвэрлэх; Уулзалтын хүндэт зочдыг байрлуулах хотхоныг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барихад дэмжлэг үзүүлэх; /мөнгөн бус/ Шаардлагатай барилгын ажил гүйцэтгэх, тоног төхөөрөмж, угсрах зорилгоор гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний тоог тогтоож, зөвшөөрөл олгох; ТБОНӨХБАҮХАТХ-ийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх заалтыг үндэслэн шаардлагатай материал, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж болон төлөөлөгчдөд үйлчлэх унаа, тээврийн хэрэгслийг нийлүүлэх компанийг сонгож шууд гэрээ байгуулах; Уулзалтын бэлтгэлийг хангаж зохион байгуулахад гадаадын улсуудаас тусламж авах чиглэлийг тодорхойлж холбогдох улсуудтай яриа хэлэлцээ хийх;

-Уулзалтын үеэр ажиллах англи, орос, хятад, франц, испани, араб болон бусад шаардлагатай хэлний синхрон орчуулагчдыг бэлдэх, сайн дурынхныг сонгон сургаж дадлагажуулах.

УИХ-аас “АСЕМ”-ын үйлчилгээнд ашиглах зориулалтаар импортоор оруулж байгаа суудлын автомашин, микроавтобус, тусгай зориулалтын автомашин, техник хэрэгслийг Гаалийн, Нэмэгдсэн өртгийн, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийг 2016 оны 02 дугаар сарын 05-нд баталж гаргасан байна. Дээрх хуулиуд батлагдсантай холбогдуулан Засгийн газраас импортоор оруулж ирэх автомашин техник хэрэгслийн жагсаалтыг 2016 оны 142, 248, 342, 220, 227, 317 дугаар тогтоолуудаар баталсан байна.

ҮАБЗ-ийн 2014 оны 63/37 дугаар зөвлөмжийн 3.5.7 дахь хэсэгт заасны дагуу ТБОНӨХБАҮХАТХ-ийн дараах заалтыг баримтлан шууд гэрээ байгуулсан байна.

– 3.4-д “Хуулиар төрийн нууцад хамааруулсан болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын тоног төхөөрөмж, байгууламж, ажил, үйлчилгээ болон галт зэвсэг худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй”,

– 34.1.5-д “гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас нээлттэй буюу хязгаарлагдмал тендер шалгаруулалтын журмын дагуу тендер хүлээн авах доод хугацааг мөрдөх боломжгүй бол”.

Дээрх 2 заалтыг хэрэгжүүлсэн байдал нь “АСЕМ”-ын уулзалтыг зохион байгуулахтай холбоотой ажил, үйлчилгээ бүхэлдээ үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой асуудал мөн эсэх, мөн “гэнэтийн болон давагдашгүй хүчний шинж”-тэй онцгой байдал мөн эсэх зэрэг маргаантай асуудлыг үүсгэж байгаа боловч түүнийг тодруулах эрх зүйн зохицуулалт байхгүй байна.

Аудитын явцад ТБОНӨХБАҮХАТХ-ийг зөрчсөн дараах зөрчил илэрлээ.

Үүнд: Үнэлгээний хороо байгуулаагүй, үнэлгээний хороо байгуулсан боловч хэрхэн хэлэлцэж шийдвэрлэсэн нь тодорхойгүй, худалдан авах ажиллагааг багц болгон явуулсан боловч багц тус бүрээр үнэлгээ хийгээгүй, шууд гэрээ байгуулсан үндэслэл, тайлбарын талаар төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдэж  байгаагүй, гүйцэтгэлийн баталгаа шаарддаггүй, худалдан авах ажиллагаанд оролцогчийн зүгээс үнэлгээний хорооны шийдвэрт нөлөөлсөн зэрэг болно.

Ерөнхийлөгчийн 2014 оны 163 дугаар зарлиг болон ҮАБЗ-ийн зөвлөмжийн 3.3-т заасны дагуу ҮЗ-ийн ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг Ерөнхийлөгчид танилцуулж ажиллахыг даалгасан боловч хэрэгжээгүй байна.

“АСЕМ”-ыг Монгол Улсад зохион байгуулахын зорилго, түүний ач холбогдлын талаар тодорхойлсон болон түүний үр дүнг УИХ, ЗГ дүгнэсэн албан ёсны баримт материал ГХЯ-ны архивд байхгүй байна.

“АСЕМ”-ыг зохион байгуулсан нэгжүүд түүнд оролцсон иргэн, хуулийн этгээдийн үүрэг оролцоог гэрээнд тодорхой зааглаж тусгаагүй, төлөвлөгөө, тайлан гаргах талаар эрх зүйн баримт бичигт тодорхой заагаагүй байна

“АСЕМ”-ын БАА болон “АСЕМ 2016 уулзалтыг дэмжих сан” ТББ-аас “АСЕМ”-ын үйл ажиллагаанд нийт 24.5 тэрбум төгрөгийн зарцуулалтын ихэнхийг иргэн, хуулийн этгээдтэй гэрээ байгуулж, зарцуулсан байна.

“АСЕМ”-ын үйл ажиллагааг бэлтгэн зохион байгуулсан иргэн, хуулийн этгээдтэй хийсэн ихэнх гэрээнд захиалагч, гүйцэтгэгч 2 тал нь хийсэн ажлаа дүгнээгүй, гэрээгээр хүлээсэн ажлын үйл ажиллагааны тайлан, санхүүгийн тайлангаа гаргаж хянуулахаар заалт орсон боловч хэрэгжүүлээгүй байна.

“АСЕМ”-ын бэлтгэл үйл ажиллагаа 2014 оны 12 дугаар сард Ерөнхийлөгчийн зарлиг гарснаар эхэлсэн гэж үзэх талтай боловч эрх зүйн зохицуулалтыг дутуу хийсэн байна.

Тухайлбал,

  • Иргэн, хуулийн этгээдтэй хийх гэрээний үлгэрчилсэн иж бүрэн загварыг гэрээгээр гүйцэтгэх ажлын төрлөөр гаргаагүй, түүнд захиалагч, гүйцэтгэгчийн эрх үүрэг хариуцлага, хяналтын талаар тодорхой тусгах асуудлыг орхигдуулсан, иргэн, хуулийн этгээдтэй ажил үйлчилгээ үзүүлэх, хөрөнгө түрээслэх гэх мэт гэрээнүүд утга агуулга, бүтцийн хувьд хангалтгүй болсон зэргээс гэрээгээр хяналт тавих боломжгүй болгосон байна.
  • Мөн “ажлын шаардлага”-аас гэсэн үндэслэлээр гэрээг тухайн үед байгуулалгүй нөхөн гаргасан зөрчлүүд гарч байна.

Иргэн, хуулийн этгээдүүд гэрээгээр гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийн актыг нэр төдий, хянах боломжгүй, хийсэн ажил тодорхой бус бичигдсэн байдлаар хийсэн байхад түүнийг төдийлөн харгалзан үзээгүйгээр хүлээн авч байжээ.

Гэрээгээр зарцуулсан мөнгөнөөс хөрөнгө, материал бэлтгэсэн боловч түүнийгээ захиалагчид өгөх талаар гэрээнд тусгаагүйгээс өгөөгүй байна.

Аудитын явцад иргэн, хуулийн этгээдтэй холбогдож гэрээгээр гүйцэтгэсэн ажлын санхүүгийн гүйцэтгэлийн тайлан, баримттай танилцаж, тодруулан шалгах гэсэн боловч тэдгээрийн ихэнх нь холбогдоогүй учир бэлтгэсэн хөрөнгө, материалын нэгдсэн судалгааг гаргах боломж гарсангүй.

“АСЕМ”-ын үйл ажиллагааны зардлын нэгдсэн төсөв гаргаагүйгээс гүйцэтгэлийн тайлагнал байхгүй, түүнд тавих дотоод хяналт орхигдсон байна

“АСЕМ”-ын бэлтгэл, үйл ажиллагаанд улсын төсвөөс зарцуулагдах зардлын төсвийг УИХ-аас батлан гаргасны дагуу ГХЯ тайлагнажээ.

Харин бусад эх үүсвэрээс санхүүжигдсэн орлого, түүний зарцуулалтыг төлөвлөн, гүйцэтгэлийг нэгтгэн гаргаагүй байна.

ҮЗ 2015-2016 онд нийт 31 удаа хуралдаж, нийт 79 хүн /давхардаагүй/ оролцож “АСЕМ”-ыг зохион байгуулахтай холбоотой 130 асуудлыг хэлэлцэн 174 асуудлыг шийдвэрлэсэн байна. /ГХЯ-ны архивд ҮЗ-ийн Анхдугаар хуралдааны материал байхгүй байна./

ЗГ-ын 2014 оны 382 дугаар тогтоол болон ГХС-ын 2015 оны 08 дугаар сарын 31- ний А/75 дугаар тушаалаар “АСЕМ”-ын БАА байгуулагдсан байна.

Энэхүү ажлын алба “АСЕМ”-ын уулзалт болон түүний дагалдах арга хэмжээнүүдийг зохион байгуулах бэлтгэл ажлуудыг хангах, ҮЗ-ийн ажлын хэсгүүдийн нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэх, ажлын хэсгүүдийн уялдаа холбоог зохицуулах ажлыг хариуцсан байна. “АСЕМ”-ын БАА-нд 2015 оны 09 дүгээр сарын 01-ээс 2016 оны 08 дугаар сарын 01-нийг хүртэл нийт 46 хүн /зөвлөх 8, ахлах мэргэжилтэн 2, зохицуулагч 1, мэргэжилтэн 35/-ийг ажиллуулахаар “ажил гүйцэтгүүлэх гэрээ” байгуулан ажиллаж, цалин, нийгмийн даатгалд нийт 645.2 сая төгрөг зарцуулсан байна.

ГХЯ-ны архивд байгаа “АСЕМ”-ын БАА-аас 2015 оны 11 дүгээр сард гүйцэтгэсэн ажлын тайланг эс тооцвол “АСЕМ”-ын бэлтгэл, үйл ажиллагаа, санхүүгийн зарцуулалтын тайланг ҮЗ болон ЗГ-т танилцуулагдаж байсан гэсэн нотлох баримт байхгүй байна. “АСЕМ”-ын үйл ажиллагаанд нийт 395.7 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд үүний 23.0 хувь буюу 90.9 тэрбум төгрөг нь улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөс, 11.6 хувь буюу 46.1 тэрбум төгрөг нь төрийн өмчит аж ахуйн нэгжийн өөрийн хөрөнгө, хандив тусламжийн хөрөнгөөс, 65.4 хувь буюу 258.7 тэрбум төгрөг нь гадаад, дотоодын банкны зээлээс зарцуулагдсан байна.

“АСЕМ”-ын хүрээнд гарсан эрх зүйн баримт бичигт “АСЕМ”-ын хөрөнгийн зарцуулалтад тавих хяналтыг орхигдуулсан бөгөөд “АСЕМ”-ын үйл ажиллагааны санхүүгийн тайлагналыг хэзээ гаргах, түүнд хэн хяналт тавих талаар эрх зүйн заалт байхгүй байна. “АСЕМ”-ын БАА-аас төсвийн хөрөнгийн зарцуулалт, хандив тусламжийн хөрөнгийн орлого, зарцуулалтад тавих дотоод хяналтыг мөн орхигдуулснаас төрөөс тавих хяналтгүй болсон байна.

Эх сурвалж: news1.mn Д.Бат-Очир

 

 

SHARE