АСЕМ зохион байгуулсан 17 дарга яагаад АТГ-ын үүдэнд “чулуу няслах” болов-1

Д.Бат-Очир

Монгол Улсад 2016 онд АСЕМ-г зохион байгуулах үеэр нэр бүхий  17 албан тушаалтан 290.8 тэрбум төгрөгийг хувьдаа завшиж, үргүй зарцуулсан байх магадлалтай гэх мэдээлоийг өнгөрсөн зургадугаар сард ҮАГ-аас мэдээлж байв. Тэр мэдээлэл тэгсгээд чимээгүй болсон. Харин хэд хоногийн өмнө дахин босч ирлээ.

Учир нь Нийслэлийн прокурорын газарт ҮАГ-аас 2018 оны зургадугаар сарын 14-нд 01/1370 тоот Мэдээлэл хүргүүлэх тухай албан бичгээр нэр бүхий 17 албан тушаалтныг шалгуулахаар явуулсан байна.

АСЕМ-ийн нэрийдлээр их хэмжээний мөнгө шамшигдуулсан байж болзошгүй албан тушаалтнууд нь Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан, Ерөнхийлөгчийн зөвлөх асан А.Ганбаатар, ГХЯ-ны ТНБД, АСЕМ-ын БАА-ны дарга асан Д.Ганхуяг, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан П.Цагаан, Хөдөлмөр сайд асан Г.Баярсайхан, ИНЕГ-ын дарга Г.Нямдаваа, Үнэлгээний хорооны дарга А.Дагвадорж, “Дулааны 2 дугаар цахилгаан станц” ТӨХК гүйцэтгэх захирал М.Баянмөнх, Цах-ДХХА цехийн дарга С.Батсайхан, ХААХ-н мэргэжилтэн М.Энхбат, “Дулааны 4 дүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн захирал, Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл, НЗД-ын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, НХААГ-ын дарга С.Ганбаатар нар байгаа юм.

Аудитын байгууллага үзэхдээ “…МУ-ын ҮАБЗ-ийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 63/37 дугаар зөвлөмжөөр Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулахаар тогтжээ. Уг зөвлөмжөөр доорх байгууллагуудаар хийж гүйцэтгэх ажлыг тусгаж өгсөн байна.

Тухайлбал: Монгол Улсын Засгийн газарт уулзалтын тов, сэдвийг тодруулж холбогдох талуудтай тохирох; ҮЗ-ийн ажлын хэсгүүд болон ажлын албыг байгуулан ажиллуулах; o ҮЗ-ийн ажлын төлөвлөгөө баталж, хэрэгжилтийг сар, бүр гаргаж МУ-ын Ерөнхийлөгчид танилцуулж байх; Уулзалтын хүрээнд “АСЕМ”-ын парламентчидын, бизнесийн, иргэний нийгмийн болон оюутан, залуучуудын чуулга уулзалт, Сангийн сайд нарын болон ахлах албан тушаалтны уулзалт, “АСЕМ”-ын 20 жилийн ойн арга хэмжээ, бусад арга хэмжээг зохион байгуулах;

Уулзалтыг зохион байгуулах хурлын төв болон бусад дэд бүтцийн бэлтгэлийг хангах дараах арга хэмжээг авах:

– “Чингис хаан” олон улсын нисэх буудлын агаарын хөлгийн зогсоолын талбайг нэмэх, газрын үйлчилгээ үзүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, хүндэт зочдын танхимыг сайжруулж тохижуулах;

-Шинээр барьж буй олон улсын нисэх буудал болон түүний хурдны автозамыг хугацаанд нь барьж ашиглалтад оруулах арга хэмжээ авах, орон нутгийн нислэгийг тухайн үед нь зохицуулах, нөөц нисэх буудлын асуудлыг судалж үзэх;

– Их тэнгэрийн ам хүртэлх авто замд өргөтгөл шинэтгэл хийж, богд уулын арын авто замд гэрэлтүүлэг, хайс, бэхэлгээ хийх; –

Уулзалтыг хийх хурлын төв, зочид буудлыг бэлтгэх, Их тэнгэрт ОУ-ын хурлын төв шинээр барих асуудлыг судалж шийдвэрлэх;

– Уулзалтын хүндэт зочдыг байрлуулах хотхоныг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барихад дэмжлэг үзүүлэх; /мөнгөн бус/

– Шаардлагатай барилгын ажил гүйцэтгэх, тоног төхөөрөмж, угсрах зорилгоор гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний тоог тогтоож, зөвшөөрөл олгох;

– ТБОНӨХБАҮХАТХ-ийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх заалтыг үндэслэн шаардлагатай материал, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж болон төлөөлөгчдөд үйлчлэх унаа, тээврийн хэрэгслийг нийлүүлэх компанийг сонгож шууд гэрээ байгуулах;

– Уулзалтын бэлтгэлийг хангаж зохион байгуулахад гадаадын улсуудаас тусламж авах чиглэлийг тодорхойлж холбогдох улсуудтай яриа хэлэлцээ хийх;

Уулзалтын үеэр ажиллах англи, орос, хятад, франц, испани, араб болон бусад шаардлагатай хэлний синхрон орчуулагчдыг бэлдэх, сайн дурынхныг сонгон сургаж дадлагажуулах.

МУ-ын Ерөнхийлөгчийн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 163 дугаар зарлигаар Үндэсний зөвлөлийг байгуулж, түүний бүрэлдэхүүнийг нь дараах байдлаар баталжээ. Үүнд:

❖ Үндэсний зөвлөлийн даргаар: МУ-ын Ерөнхий сайд,

❖ Үндэсний зөвлөлийн дэд даргаар: ГХС, ЕТГ-ын дарга,

❖ Үндэсний зөвлөлийн гишүүдэд: СС, ЗГХЭГ-ын дарга, НЗД бөгөөд УБ хотын захирагч, Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх, УИХ-ын даргын Ахлах зөвлөх, Ерөнхий сайдын Ахлах зөвлөх, Ерөнхий сайдын олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөх, ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга нарыг тус тус оролцуулахаар,

❖ Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн даргаар: ГХЯ-ны ТНБД ажиллахаар,

❖ Үндэсний зөвлөлийн ажлын хэсгүүд болон ажлын албыг байгуулан ажиллуулах, ҮЗ-ийн ажлын төлөвлөгөөг баталж, түүний хэрэгжилтийг нь сар бүр танилцуулж ажиллахыг Үндэсний зөвлөлийн дарга буюу Ерөнхий сайдад даалгасан байна.

МУ-ын Ерөнхий сайдын 2015 оны 01 дүгээр сарын 16-ны 17, 2015 оны 05 дугаар сарын 22-ны 128, 2016 оны 01 дүгээр сарын 21-ний 13 дугаар захирамжаар ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг, хоёрдугаар хавсралтаар чуулга уулзалтыг зохион байгуулах ажлын хэсгүүдийн бүрэлдэхүүнийг баталсан байна.

Үүнд:

  1. Байр, зочид буудлын асуудал хариуцсан,
  2. Аюулгүй байдал, ёслол, улсын хил нэвтрэх асуудал хариуцсан,
  3. Зам, тээвэр, харилцаа холбоо, нисэх буудлын асуудал хариуцсан,
  4. Үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээ, хоол хүнс, түүний аюулгүй байдлыг хариуцсан, 5. Дээд түвшний уулзалтын хуралдаан, үндсэн арга хэмжээнүүдийн зохион байгуулалт, баримт бичгийн асуудал хариуцсан,
  5. Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны асуудал хариуцсан нийт 6 ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчилсэн байна.

ҮАБЗ нь чиг үүргийнхээ дагуу түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа хуулийг дээдлэх, улс, үндэснийхээ язгуур эрх ашгийг эрхэмлэн хамгаалах зарчмыг баримтлан, хууль, тогтоомжийн бусад актуудад нийцүүлэн, эрх хэмжээнийхээ асуудлыг хамтран хэлэлцэж шийдвэр гаргадаг байгууллага болохыг тус хуульд зааж өгсөн байна. Гэтэл ҮАБЗ-ийн 2014 оны 63/37 дугаар зөвлөмжийн 3.5.7 дахь хэсгээр өгсөн зөвлөмжийг үндэслэл болгон ЗГ болон бусад төрийн байгууллагаас эрх зүйн шийдвэр гаргаж хэрэгжүүлэхдээ ТБОНӨХБАҮХАТХ-ийн 3 дугаар зүйлийн 3.4, 34 дүгээр зүйлийн 34.1.5 дахь заалтын дагуу “АСЕМ”-ын үйл ажиллагааг зохион байгуулахад хамааралтай гэж үзсэн бүх төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгохдоо шууд гэрээ байгуулсан нь ТБОНӨХБАҮХАТХ-ийг зөрчих нөхцөл бүрдүүлсэн байна. Аудитын явцад Шүүхийн тухай хуулийн 17.3.11 -д заасны дагуу Улсын дээд шүүхээс ТБОНӨХБАҮХАТХ-ийн 34.1.5 дахь “гэнэтийн болон давагдашгүй хүчний шинж”-тэй онцгой байдлын талаарх тайлбар гаргуулахаар хандсан боловч “тайлбар өгөх” журам гараагүй учраас боломжгүй гэсэн байна. Иймд ТБОНӨХБАҮХАТХ-ийн 3 дугаар зүйлийн 3.4, 34 дүгээр зүйлийн 34.1.5 дахь заалтыг хэрхэн хэрэгжүүлэх талаар эрх зүйн зохицуулалт шаардлагатай байна. Аудитын явцад ТБОНӨХБАҮХАТХ-ийг зөрчсөн дараах зөрчил илэрчээ.

“АСЕМ”-ын БАА болон “АСЕМ 2016 уулзалтыг дэмжих сан” ТББ-аас “АСЕМ”-ын үйл ажиллагаанд нийт 24.5 тэрбум төгрөгийн зарцуулалтын ихэнхийг иргэн, хуулийн этгээдтэй гэрээ байгуулж, зарцуулсан байна. “АСЕМ”-ын үйл ажиллагааг бэлтгэн зохион байгуулсан иргэн, хуулийн этгээдтэй хийсэн ихэнх гэрээнд захиалагч, гүйцэтгэгч 2 тал нь хийсэн ажлаа дүгнээгүй, гэрээгээр хүлээсэн ажлын үйл ажиллагааны тайлан, санхүүгийн тайлангаа гаргаж хянуулахаар заалт орсон боловч хэрэгжүүлээгүй байна. “АСЕМ”-ын бэлтгэл үйл ажиллагаа 2014 оны 12 дугаар сард МУ-ын Ерөнхийлөгчийн зарлиг гарснаар эхэлсэн гэж үзэх талтай боловч эрх зүйн зохицуулалтыг дутуу хийсэн байна.

Тухайлбал,

  • Иргэн, хуулийн этгээдтэй хийх гэрээний үлгэрчилсэн иж бүрэн загварыг гэрээгээр гүйцэтгэх ажлын төрлөөр гаргаагүй, түүнд захиалагч, гүйцэтгэгчийн эрх үүрэг хариуцлага, хяналтын талаар тодорхой тусгах асуудлыг орхигдуулсан, иргэн, хуулийн этгээдтэй ажил үйлчилгээ үзүүлэх, хөрөнгө түрээслэх гэх мэт гэрээнүүд утга агуулга, бүтцийн хувьд хангалтгүй болсон зэргээс гэрээгээр хяналт тавих боломжгүй болгосон байна.
  • Мөн “ажлын шаардлага”-аас гэсэн үндэслэлээр гэрээг тухайн үед байгуулалгүй нөхөн гаргасан зөрчлүүд гарч байна. Иргэн, хуулийн этгээдүүд гэрээгээр гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийн актыг нэр төдий, хянах боломжгүй, хийсэн ажил тодорхой бус бичигдсэн байдлаар хийсэн байхад түүнийг төдийлөн харгалзан үзээгүйгээр хүлээн авч байжээ. Гэрээгээр зарцуулсан мөнгөнөөс хөрөнгө, материал бэлтгэсэн боловч түүнийгээ захиалагчид өгөх талаар гэрээнд тусгаагүйгээс өгөөгүй байна. Аудитын явцад иргэн, хуулийн этгээдтэй холбогдож гэрээгээр гүйцэтгэсэн ажлын санхүүгийн гүйцэтгэлийн тайлан, баримттай танилцаж, тодруулан шалгах гэсэн боловч тэдгээрийн ихэнх нь холбогдоогүй учир бэлтгэсэн хөрөнгө, материалын нэгдсэн судалгааг гаргах боломж гараагүй байна.

“АСЕМ”-ын бэлтгэл, үйл ажиллагаанд улсын төсвөөс зарцуулагдах зардлын төсвийг УИХ-аас батлан гаргасны дагуу ГХЯ тайлагнажээ. Харин бусад эх үүсвэрээс санхүүжигдсэн орлого, түүний зарцуулалтыг төлөвлөн, гүйцэтгэлийг нэгтгэн гаргаагүй байна. ҮЗ 2015-2016 онд нийт 31 удаа хуралдаж, нийт 79 хүн /давхардаагүй/ оролцож “АСЕМ”-ыг зохион байгуулахтай холбоотой 130 асуудлыг хэлэлцэн 174 асуудлыг шийдвэрлэсэн байна. /ГХЯ-ны архивд ҮЗ-ийн Анхдугаар хуралдааны материал байхгүй байна./ ЗГ-ын 2014 оны 382 дугаар тогтоол болон ГХС-ын 2015 оны 08 дугаар сарын 31- ний А/75 дугаар тушаалаар “АСЕМ”-ын БАА байгуулагдсан байна. Энэхүү ажлын алба “АСЕМ”-ын уулзалт болон түүний дагалдах арга хэмжээнүүдийг зохион байгуулах бэлтгэл ажлуудыг хангах, ҮЗ-ийн ажлын хэсгүүдийн нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэх, ажлын хэсгүүдийн уялдаа холбоог зохицуулах ажлыг хариуцсан байна. “АСЕМ”-ын БАА-нд 2015 оны 09 дүгээр сарын 01-ээс 2016 оны 08 дугаар сарын 01-нийг хүртэл нийт 46 хүн /зөвлөх 8, ахлах мэргэжилтэн 2, зохицуулагч 1, мэргэжилтэн 35/-ийг ажиллуулахаар “ажил гүйцэтгүүлэх гэрээ” байгуулан ажиллаж, цалин, нийгмийн даатгалд нийт 645.2 сая төгрөг зарцуулсан байна. ГХЯ-ны архивд байгаа “АСЕМ”-ын БАА-аас 2015 оны 11 дүгээр сард гүйцэтгэсэн ажлын тайланг эс тооцвол “АСЕМ”-ын бэлтгэл, үйл ажиллагаа, санхүүгийн зарцуулалтын тайланг ҮЗ болон ЗГ-т танилцуулагдаж байсан гэсэн нотлох баримт байхгүй байна. “АСЕМ”-ын үйл ажиллагаанд нийт 395.7 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд үүний 23.0 хувь буюу 90.9 тэрбум төгрөг нь улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөс, 11.6 хувь буюу 46.1 тэрбум төгрөг нь төрийн өмчит аж ахуйн нэгжийн өөрийн хөрөнгө, хандив тусламжийн хөрөнгөөс, 65.4 хувь буюу 258.7 тэрбум төгрөг нь гадаад, дотоодын банкны зээлээс зарцуулагдсан байна.

“АСЕМ”-ын үйл ажиллагаанд улсын төсвөөс нийт 58.3 тэрбум, нийслэлийн төсвөөс 32.6 тэрбум, нийт 90.9 тэрбум төгрөг, төрийн өмчит аж ахуйн нэгжийн өөрийн хөрөнгөөс 23.9 тэрбум, нийт 114.8 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.

Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт “АСЕМ”-ыг Монгол Улсад зохион байгуулахдаа түүний үр дүн, ач холбогдлыг тодорхойлоогүй, гарсан үр өгөөжийг тооцож тайлагнаагүй байна.

ҮАБЗ-ийн 2014 оны 63/37 дугаар зөвлөмжийн 3.5.7 дахь хэсгээр өгсөн зөвлөмжийг үндэслэл болгон ЗГ болон бусад төрийн байгууллагаас эрх зүйн шийдвэр гаргаж хэрэгжүүлэхдээ ТБОНӨХБАҮХАТХ-ийн 3 дугаар зүйлийн 3.4, 34 дүгээр зүйлийн 34.1.5 дахь заалтын дагуу “АСЕМ”-ын үйл ажиллагааг зохион байгуулахад хамааралтай гэж үзсэн бүх төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгохдоо шууд гэрээ байгуулсан нь ТБОНӨХБАҮХАТХ-ийг зөрчих нөхцөл бүрдүүлсэн байна.

“АСЕМ”-ын уулзалтыг Монгол Улсад зохион байгуулахын тулд МУ-ын Ерөнхийлөгч 2014 онд Үндэсний зөвлөлийг байгуулсан байхад энэхүү ажлыг цаг хугацааны хувьд бүрэн төлөвлөн зохион байгуулалттай, санхүүгийн хяналттайгаар хуулийн хүрээнд явуулах боломж байсан байна. Гэвч “АСЕМ”-ын үйл ажиллагааны төлөвлөгөө, зарцуулах хөрөнгийн төсвийг санхүүжилтийн бүх эх үүсвэрээр нэгтгэн гаргаж батлаагүй байна.

МУ-ын Засгийн газар, МУ-ын Ерөнхийлөгчийн 2014 оны 163 дугаар зарлигаар байгуулагдсан “АСЕМ-ын Үндэсний зөвлөл, Ерөнхий сайдын 2015 оны 17, 128, 2016 оны 13 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүд, ЗГ-ын 2014 оны 382 дугаар тогтоол болон ГХС-ын 2015 оны 8 дугаар сарын 31-ний А/75 дугаар тушаалаар байгуулагдсан ГХЯ-ны “АСЕМ”-ын Бэлтгэл ажлын алба нь “АСЕМ”- ын үйл ажиллагаанд төсвийн болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлсэн хөрөнгө, түүний зарцуулалтын тайланг гаргаж ЗГ, УИХ-д танилцуулаагүйгээр ажлаа дуусгасан байна.

“АСЕМ”-ын үйл ажиллагаанд улс, нийслэлийн төсвөөс төсөвлөн зарцуулсан болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлсэн хөрөнгийн зарцуулалтад тавих санхүүгийн хяналтыг холбогдох эрхийн актад орхигдуулснаас “АСЕМ”-ын үйл ажиллагаанд зарцуулсан 395.7 тэрбум төгрөгийн хөрөнгө хяналтгүй зарцуулагдсан байна.

Нийслэл “АСЕМ”-ын үйл ажиллагаанд зарцуулсан хөрөнгийн 74 хувийг өмчлөлд бүртгээгүйгээр байна. “АСЕМ”-ын бэлтгэл ажлын хүрээнд гэрээний захиалагч, гүйцэтгэгч талууд гэрээний 2.741 ба 3.642 дахь заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй, зарим гэрээнд энэ талаар дурдаагүйгээс гүйцэтгэгч хөрөнгийг хяналтгүй зарцуулсан ба гүйцэтгэлийг тайлагнаагүй байна.

“АСЕМ” нэрийн дор түүнд хамааралгүй төсөл, арга хэмжээг хууль зөрчин шууд гэрээгээр гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтгүй явуулсан байна. Сангийн сайдын 2015 оны 241 дүгээр тушаалаар батлагдсан “Ази Европын дээд түвшний уулзалтын төлөөлөгчдийг байрлуулах зочид буудлуудад олгох хөнгөлөлттэй зээлийг санхүүжүүлэх, хяналт тавих журам”-ыг СЯ, ХБ хэрэгжүүлээгүй байна.

“АСЕМ”-ын үйлчилгээнд БНСУ-ын Экспорт-импортын банкны зээлээр авсан 43 автобусыг ашиглах шаардлагагүй байсан ба “АСЕМ”-тай холбоотойгоор 195.0 сая төгрөгийн нэмэлт зардал гаргасан бөгөөд эдгээр автобусны борлуулалт 2 жилээр хойшилсон байна.

Одоогийн байдлаар 10 автобусыг эрх зүйн зөвшөөрөлгүйгээр төсвийн байгууллага лизингийн зээлээр авсан байна.

“АСЕМ ”-ын үйл ажиллагаанд зориулж ирсэн хандив тусламжийг хүлээн авах, хуваарилахад ажлын хэсгийг ажиллуулаагүйгээс хандив, тусламжийн хөрөнгийн бүртгэл будлиантаж, бүрэн хэмжээгээр бүртгэлд тусгасан эсэх нь нотлогдохгүй байна.

“АСЕМ”-д зориулж ирэх хандив, тусламжийн хөрөнгийг тооцоолсон бол тэр хэмжээгээр төсвийн хөрөнгийг хэмнэх боломж байсан байна. Аудитаар нийт 290,890.8 сая төгрөгийн зарцуулалттай холбоотой асуудлыг хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулах нь зүйтэй гэж үзлээ” гэжээ.

 

Эх сурвалж: news1.mn

SHARE