Б.Ганбаатар: Хятад аялагчид амьд үлдэх магадлал маш бага

БНХАУ-ын аялагч хоёр иргэн Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд ууланд аялахаар яваад сураггүй болоод байгаа билээ. Эрлийн ажиллагаа 21 дэх хоногтоо үргэлжилж байна. Хятад аялагчдаас сураг гарсан эсэх, эрлийн ажиллагаа хэрхэн үргэлжилж байгаа талаар Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагч Б.Ганбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-Эрлийн ажил хэр ахицтай явж байна вэ?

-Хатгал тосгоны нутагт сураггүй болсон БНХАУ-ын хоёр аялагчийг эрэн хайх ажлыг онцгой байдал, цагдаа, хилийн цэрэг, Тусгай хамгаалалттай газрын захиргаа, байгаль орчны газрын хамтарсан баг зохион байгуулсаар байна. Сүүлийн хоёр өдөр нисдэг тэргээр хайлаа. Олж чадаагүй байна.

-Эрлийн ажиллагаа ямар хэмжээтэй газар нутгийг хамраад байна вэ?

-Хорьдол сарьдагийн нуруунаас нааш Хатгал хүртэл бүх газрыг хамарсан. Хорьдол сарьдагийн орчимд айл буудаггүй аглаг газар учраас хайгуулын ажлыг үргэлжлүүлэхэд хүндрэлтэй байна. Одоо ч хайгуулын ажил үргэлжилж байна.

-Хятад аялагчид сураггүй болоод 20 орчим хонож байна. Сураг гарсан уу?

-Ямар нэгэн сураг одоо хүртэл гараагүй байна. 10-р сарын 21-нд Мөрөнгөөс Улаанбаатар, 23-нд Улаанбаатараас Хөх хот руу нисэх тийзээ авчихсан байсан юм билээ. Тийм хүмүүс ямар нэгэн аргаар холбоо барих байсан. Одоо үед хөдөөний ямар ч айл утсан холбоотой байгаа.

-Тэгвэл амьд олдох магадлалгүй гэсэн үг үү?

-Тийм.

-Сураггүй болсон иргэдийн ар гэрийнхэн холбоотой байгаа юу?

-Нэгнийх нь ээж ирээд байгаа. Эрлийн ажилд оролцохоор тэдний мэргэжил нэгт нөхөд, өвөрмонгол оюутнууд ирээд байгаа. Сураггүй болсон иргэд өөрсдөө сайн дурын аврагчид байсан юм билээ. Аялалаар явах сонирхолтой. Аялсан газруудынхаа зургийг цахим хуудастаа тавьдаг, түүнийг нь үзэж сонирхдог олон дагагчтай гэж БНХАУ-ын хэвлэл мэдээллээр мэдээлж байгаа гэсэн.

Бидний талаас эрэн хайх ажиллагааг зохих журмын дагуу үргэлжлүүлсээр байна.

Эх сурвалж: news1.mn Б.ЗАЯА

SHARE