МАЛЫШ Б.ЭНХТҮВШИН:  ХАМГИЙН НЭР ХҮНДТЭЙ НЬ ЕРӨНХИЙ САЙД,  МӨНГӨТЭЙ НЬ  ЕРӨНХИЙЛӨГЧ  БАЙЖ  ЧАДНА  

 Монголчуудын дунд “Малыш” нэрээр танил болсон Баттогтохын Энхтүвшинтэй ярилцлаа. Тэрээр  МоАХ-г үүсгэн байгуулагч, удирдагчдын нэг. Үүний зэрэгцээ  санхүүжүүлэгч байсан гэдгээ өөрөө хэлдэг. Зарим нь түүнийг тагнуулын байгууллагаас тийш нь  шургуулсан туршуул байсан  ч гэдэг.

Харин  түүний өвөө Б.Чоймбол Завхан аймгийн Алдархаан сумын нэгдлийг өөрийн хөрөнгөөр байгуулсан бол авга ах Б.Магванжав нь Ю.Цэдэнбалын улстөрийн  комиссар байсан нь бодит үнэн юмХарин нагац өвөө нь Ардын хувьсгалын партизан Б.Пунцаг, нагац ах Б.Рагчаа нь  НАХЯ-ны дээд сургуулийн захирлаар насаарааа жилласан нь түүхэн үнэн юм. 

/Төгсгөл/

– Үндсэн хуулиа хэнээр батлуулах юм бэ гэдэгт айдас байна.  Жишээ нь, нэг намын 65 гишүүнээр батлуулах нь эргэлзээтэй?

-Наадахыг нь хэт их юм бодож санаа зовох өвчин гэдэг юм. Бүх юм болно, цаг нь ирэхээр болдог зүйл. Би хэлж байна шүү дээ, цаг нь ирсэн гэж. Түүнээс Д.Лүндээжанцан юу хэлэв, Н.Энхбаяр юу хийв, тэр огт хамаагүй. Энгийн юмыг Д.Лүндээжанцан ядаргаатай болгож нуршаад байна, ядаж байхад нээх бөөрөнхий. Өнөөдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар   гэдэг хүн гарч ирээд ганц мэдэгдэл хийсэн. Бид 11 тэрбум ам.долларыг дангаараа хийчихлээ гээд. Хариу нь яаж гарч байна вэ, тэгвэл Үндсэн хууль өөрчлөх цаг болчихжээ. Ердөө л энэ шүү дээ. Энэ бас хувьсгалын тохироо ч биш. Олон улс үүнийг хараад Монгол Улсад шилжилтийн үе дуусчээ гэнэ. Бид санхүүгийн өөр тохироо, өөр зэрэглэлд орно. Эх орон бол бахархал. Монголчуудын цорын ганц бахархал бурхан биш, Чингис хаан. Үүнийг бүдэгрүүлж байгаа бол тэр гадны нөлөө. Манай хоёр хөрш орон бахархалгүй. Ихэхнх улс орон бахархалгүй. Бид бол бахархалтай учраас ямар ч айдасгүй. Тэгээд Үндсэн хуулиар хүнийг айдасгүй болгох ёстой. Энэ хоёрхон зүйлээр гардаг. Нэг нь даатгал, тэр нь олон төрлийнх, тодруулбал 87 төрлийн даатгал байна. Түүний нэг нь тэтгэвэр. Монголын иргэд тэтгэвэрт гарахдаа хоёр хөршөөсөө өндөр тэтгэвэртэй гарах юм бол та эх орноороо бахархаж болно. Үүнийг л хамтын амьдрах гэрээ гэнэ. Түүнээс ямар ч Засгийн газар гуай, ямар УИХ нь байх нь дараагийн асуудал. Тэр нь заавал олон улсын жишгийг дагах шаардлагагүй.

-Монгол Улс  11 тэрбум ам.доллар хийчихлээ, Үндсэн хуулиа өөрчлөх цаг болсон” гэлээ. Гэтэл төр, засаг маань ойрын жилүүдэд гадаад өр төлнө гээд байгаа шүү дээ?

-Өөдрөг байцгаая л даа. Өртэй улстай харьцуулахад манайх  юу ч биш. Өрийн өршөөлд орно гэж нэг юм бий.  Африкийн 47 орон, Латин Америкийн 36 орны өрийн өршөөлөөс гарсан нөхцөл, кейсүүдийг би АНУ-д байхдаа уншиж байсан. Европын орнуудыг ч судалсан. Өрөнд ороо л биз, хэн санаа зовоод үхчих гээд байгаа юм бэ. Өрнөөс гарах өчнөөн гаргалгаа бий шүү дээ. Тэгэхээр тийм юманд санаа зовох шаардлагагүй. Хөгжил гэдэг санаа зовох юм уу, эрсдэлээс тойрч зугтаасныг хэлдэггүй юм. Эрсдэл хийж байж л хөгжинө. Нийт монголчууддаа хэлэхэд, өрнөөс гарах тохируулгууд бий. Өрнөөс гарна гэдгээс илүү нэг зүйлийг хэлэхэд, ардчилсан нийгэм гэдэг нь бүтээлч, чөлөөт иргэдийн нийгэм. Засгийн газар гэдэг нь тэр бүтээлч иргэдийг ажиллах нөхцлийг бүрдүүлж байгаа хүмүүсийг хэлдэг болохоос би өмнөөс нь аваад бүтээчихье гэдэг юм ердөө ч биш. Энэ хоёрын хооронд асар их ялгаа бий. Монгол Улс төсөвтөө нэг хүн тийм хэмжээний мөнгөтэй байдаг нийгмийг ардчилсан нийгэм гэдэг.

Та  Монголыг хөгжүүлэхэд  эмэгтэйчүүдийн оролцоо чухал, эмэгтэй хүн бол манлайлагч гэж ярьж, бичдэг. Бодитой дэмжлэг үзүүлэхэд юу анхаарч байна?

-Эмэгтэйчүүд бол манлайлагч. Эмэгтэйчүүдийг дэмжих хөгжлийн сан байгуулах хэрэгтэй. Би үүнийг хийнэ. Үүний төлөө  26 яаж  тэрбумыг ам.долларыг   босгох вэ гэдгийг тооцоолсон байгаа. Үүний дараа мөрөн голыг татаж авчрах том төсөл хэрэгжүүлнэ, 36 тэрбум ам.долларыг босгоно.   Бид суурин иргэншилд орж байгаа нь эргэлт буцалтгүй. Хот бол мөрөн гол дээр байдаг. Монгол хоёр мөрөнгөө гадагш алдсан. Нэг нь Сэлэнгэ,  нөгөө нь Амар мөрөн. Энэ асуудлаар  НҮБ-д хандаж, усны байдал, гамшгийн асуудлаа тавих ёстой. Нөхцөл бүрдсэн. Гадаад мөсөн далайн гурав нь хайлчихлаа, усны түвшин өсчихлөө. Энд тэнд үер болж байна, Монголд ган болж байна. Ган болж буй Монгол дэлхийн гамшгийн цэг болсон. Энэ нь ганц Монголд бус дэлхийд түгж буй учраас ийшээ орохоос аргагүй. Гэтэл 36 тэрбум төгрөгийг хахуульд идэгдсэн Засгийн газар авч явбал энэ бүтэхгүй. Энэ онцлогоороо Үндсэн хууль өөр байх учиртай. Засгийн газар, Ерөнхийлөгч төсвийг мэдэх ёсгүй. Энэ өөрчлөлтийг би төсвийн тэнцэтгэлийн ардчилал гэж хэлнэ. Монгол Улс гурван төсөвтэй явж болно. Өөрийн хүчээр хийдэг нэг төсөв, зөвхөн эмэгтэйчүүдийн хөгжилд зориулсан өөр нэг төсөв, Монголын байгалийн гамшгаас аврах нэг төсөв байх юм, үүнийг олон улсын байгууллага хийнэ. Эмэгтэйчүүдийн хөгжлийн төсөв тэтгэвэрт гарч буй хүмүүст зориулсан  ажил зохион байгуулна. Үүнийг дэлхийн улсууд  хийж чадахгүй байгаа. Нефтиэсээ, газнаасаа гаргаад ч хийж чадахгүй байгаа. Энэ бол өгөгдлөөсөө тусдаа мөнгө хийдэг хэлбэр юм. тэр мөнгийг хийдэг юм нь Монголын соёл байна. Монголын соёл дотроо охидын нугараа, эмэгтэфчүүдийн ардын бүжиг байна. Сэтгэ, тэгвэл хөгжил ирнэ.

БОЛОВСРОЛ АЙДСААР ЯВАХГҮЙ…

-Та залуусын боловсролыгих  дэмждэг. Энэ салбарын талаар юу хэлэх бол?
-Боловсролд статистик их чухал. Гэтэл математикийн хичээл ийг аваад үзэхэд, манай ес, аравдугаар ангийн хүүхдүүдийн математикийн хичээлийг аваад үзэхэд статистик ганц хуудсаас хэтэрдэггүй. Үүнийг хөгжүүлэх ёстой. Удахгүй бид америк хүүхдүүдтэй хамт энэ шалгалтад орно.Чадна гэдэгтээ итгэлтэй байгаа. Тэр цагт намайг онгирлоо гэнэ үү, чадлаа гэх нь үү. Боловсролыг бид үйлдвэрлэлийн хэмжээнд оруулж чадсан. Кембриж гэдэг сургууль Монголд чхүтэй нөлөөлсөн. Үүнд би талархдаг. Оролцсон хүмүүс нь их  үнэтэй оруулж ирсэн боловч боловсрол үнэтэй болохыг ойлгуулсан. Бид ямартай ч боловсролын технологио олсон. Боловсролын гол цөм нь мэдлэгийн онол байдаг. Тэнд хоёрхон үзүүлэлт бий. Та юу ч уншсан ойлгодог бай. Шинжлэх ухааныг судлахад бааталгааг нь задалж харж бай. Учир нь баталж байж үнэн рүү очдог. Үнэн өөрөө оршин тогтнохын баталгаа. Эцэст нь хэлэхэд боловсрол бол үнэнийг олох ухаан. Үнэн өөрөө оршин тогтнохын баталгаа. Тэгэхээр монголчууд удахгүй боловсролоор тэргүүлнэ. Тийм өгөгдөл бий. Энэ бас  үндэсний онцлог. Энд эмэгтэйчүүд манлайлж байна. Эмэгтэй хүн хоёр тархи нь ажиллаадаг учраас  хэлэнд авьяастай. Монгол эмэгтэйчүүд хэл сурах маш их авьяастай. Хоёр эмэгтэйн нэг нь TOEFL –ийг  100 оноотой өгдөг. Энэ дэлхийд байдаггүй үзүүлэлт шүү. Мөрөөдөөд ч гарахгүй. Үүнийг би 18 жил энэ чиглэлээр  явсан хүний хувьд хэлж чадна. Ийм учраас би эмэгтэй хүн манлайлагч гэж ярьж байгаа юм. боловсрол бол сонголт, итгэл, үнэмшил. Боловсролд хүнийг биеэ даалгах байдлыг олгох хэрэгтэй. Монголчууд зургадугаар ангиасаа биеэ даах байтал үүнийг бий болгохгүй байна. Одоогийн боловсрол дэндүү байна. Боловсролыг системээр нь солих ёстой.

-Яаж солих вэ, зарчим нь?

-Жишээ нь, иймэрхүү хүнийг боловролын яаманд томилдоггүй байх ёстой. Чи сонс доо, тэр Боловсролын сайдын үгийг, миний охин “Хобби” төгссөн. Миний ач бас “Хобби”-д сурч байгаа гээд ярьж байна шүү дээ. Ийм юм яриад сууж байгаа хүн өнөөдөр төрд 30 гаруй жил ажиллаж, хувийн сургуульд гурав дахь удмаараа мөнгө төлөөд явж байна. Тэгээд ямар ч ач холбогдолгүй сургуулийг рекламдаад сууж байдаг. “Хобби”  сургууль төгсөөд тэтгэлэг авч байсан тохиолдол цөөхөн шүү дээ. Канад багшийн үед гайгүй байсан, одоо юу ч байхгүй. Тэгээд тэр хүн хувийнхаа итгэл үнэмшлийг нийтэд гарч ярихдаа хувийн дүгнэлтээ л ярьсан. Дүгнэлт хийх олон салаа юм бий. Манай  урд хөрш л гэхэд боловсролын системээ  өөрчлөх гэж байна. Удирдах хүмүүсийг их анхаарах ёстой гэж байна. Миний санаа бол боловсролын салбарыг намаас ангид байлгах ёстой. Үүнд би манлайлж оролцоно гэж бодож байгаа. Ямар ч улс төрийн, эрүүл саруул ухаантай хүнийг дэмжинэ. Эмэгтэйчүүдийг дэмжинэ, залуусыг дэмжинэ. Нам харгалзахгүй. Үүний тулд би телевизийн камер хүртэл авсан шүү дээ. Студи байгуулсан. Нэвтрүүлгээ телевизүүд рүү шууд явуулж байгаа. Хоёр ч телевизтэй хамтраад үр дүн гарсангүй. Асар хариуцлагагүй юм билээ. Ажилладаг хүмүүс нь цалин бага учраас арга ч үгүй биз. Удахгүй би “Реформ” гэсэн сэдвээр хэлэлцүүлэг, нэвтрүүлэг явуулна. Боловсролын асуудлаар ч, шинэ Үндсэн хуулийн асуудлаар ч байр сууриа идэвхтэй илэрхийлнэ гэж бодож байгаа.

-Багш бэлтгэх тогтолцоо буруу яваад байна гээд байгаа шүү дээ, боловсролын салбарт?

-Биеийг нь даалгачих, тэгээд аяндаа болчихно. Монголын багш нар супер, тэдний олонх нь эмэгтэйчүүд байгаа. Тэд чадна. Би 15 сая төгрөгийн цалинтай багш бэлдэж байгаа. Ер нь бол багш нарын цалинг нэг сая төгрөг болгох боломжтой, одоогийн тогтолцоонд.  Дараа нь тогтолцоог өөрчилж гурван сая болго. Цаашаа ахлах багш нар таван саяын цалин авах нөхцөл гараад ирнэ. Төрийн дэмжлэгтэйгээр бага ангийн багшийг таван саяын цалинтай болгох боломжтой. Гэхдээ энэ эмзэг асуудал. Багш нар ч үзүүлэлт өндөртэй байх ёстой. Үзүүлэлтээ гаргачихаад ярих асуудал. Энэ аль ч улсад яригддаг. Багш нарт стандарт байх ёстой гэж шүүмжилж байхаар үүнийг би хэлчихье, шууд. Таван таагүй зүйлийг л байлгах ёсгүй юм. Эхнийх нь no seks, хоёр дахь нь тамхидалт, гурав дахь нь спиртийн төрлийн юм хэрэглэддэггүй байх, тэгээд хар тамхи, хэрцгий байдлыг байлгаж болохгүй. Ийм зүйлийг бүрдүүлэхгүйн төлөө боловсрол байдгаас биш физик чухал биш. Монголд байгаа физик нь  XVII юм яриад байгаа. Өнөөдөр тэгж судлах бүү хэл нэг сэдвийг дангаар нь судлахад ч хэтэрхий том, цаг их орохоор болчихсон. Мэдлэг энд чухал. Мэдлэг гэдэг юм хоёр зүйлээс, тайлбар, үйлчилгээ хоёроос шалтгаална. Финяландад ном ч хэрэггүй байна шүү, цаана чинь. Дээр нь 15-аас доош насныханд тоогдоно гэдэг супер хэмжүүр. Ээж, аавтайгаа хэрэлдэж байна гэдэг голж байна гэсэн үг. Тэгэхээр багшийг голох энүүхэнд. Манайхан үүнийг айдсаар бариад байна. Боловсрол айдсаар явахгүй. Боловсрол бол танин мэдэхүйн баясал. Супер зүйл. Би 15 настнуудтай 18 жил ажилласан учраас үүнийг дэндүү сайн мэднэ. Энэ насныхны сэтгэлгээ  тэсэрч задардаг. Түүнийг хэдэн хуучинсаг хүн бариад сууж болохгүй.

-Одоо Үндсэн хуулийн сэдэв рүүгээ эргээд оръё. Ард түмний санал асуулга явуулъя гээсн байр сууриуд их гарч байна. Та аль талд нь байна?

-Ганц санал асуулгаар юм урагшлахгүй. Гэхдээ санал асуулга явуулж бололгүй яахав. Байнга явуулж байх ёстой. Өргөн агуулгаар явуулах ёстой. Дээр нь хэлэлцүүлгийг байнга явуулах хэрэгтэй. Ингэж байж нийгэм сэрнэ шүү дээ. Гэвч энэ маань удаан явагдах байх. Үүний дараа монголчууд цөөхүүлээ учраас хүчирхэг том гэгээрлийг авна. Үндсэн хууль гэдэг маань одоо  тээр хол байгаа, олон жил сурч мэддэг зүйл шиг байгаад байна. Цэцэрхэхээр хэдэн боть болох ч уг нь бол зургаахан бүлэг юм шүү дээ. Долоо дахь бүлгийг би бичсэн байсан юм, тэр нь санхүүтэй холбоотой. Гэтэл тэрийг долоогийн тоо гэдгээр л хассан шиг билээ. Тэнд санхүү гэдэг ойлголт байх ёстой. XXI  зууны амьдрал санхүүгийн хүчээр явна. Тэр байхгүй учраас бид зүгээр л Улаанбаатарт суурилсан хэдэн хүн хаашаа яаж сонгогдох вэ гээд сууж байгаа шүү дээ. Тэгэхээр энд менежментийг ойлгох нь чухал. Төсөв бүрдэхгүй газар мянган сонгууль явуулаад яах юм бэ. Төсвөө бүрдүүлэх амьдралын хэмнэлийг бий болго. Хүн бол Масловын онолоор маш аймхай амьтан шд. Тиймээс хүнд хамгийн түрүүнд баталгаа  хэрэгтэй. Эмэгтэй хүн бол төрөлхийн үнэлгээчин байдаг учраас тэдний бүхий л авир баталгаан дээр тогтдог.

-Та ярилцлагын эхэнд “Миний бичсэн Үндсэн хуулийг   Чимид гуай аваад өгөөгүй” гэсэн. Үндсэн хууль гарахад та хаана юу хийж явав?

-Би тэр үед АНУ-д байсан. Үндсэн хууль гарахад харсан, миний бичсэн ихэнх зүйл тэр дотор байсан. Одоо ч байна. Түүнээс хойш олон жил өнгөрлөө. Үндсэн хууль амьдрал дээр прагматик байдлаар ямар байх вэ гэдэг зүйлүүд надад харагдаж байгаа. Би хүчирхэг долоон орны Үндсэн хуулийг хараад Японых дээр нэлээд түшиглэсэн. Одоо бид бусад улсыг яриад хэрэггүй юм. Манайх гуравхан сая хүн амтай, экспортын эдийн засагтай. Хүчихэг байхын тулд төсвийн тэнцэтгэлийн ардчиллыг гуван чиглэлээр гаргаж ирж бий болгох ёстой. Аль болох дэлхий дээр байхгүй юмыг  гаргаж ирж хийх нь чухал. Бид зориуд бодлогоороо Оросыг хүчирхэг болгосон, Хятадыг ч хүчирхэг болгосон. Тэр улсуудаа, жишээ нь Оросыг  ах нар гэдэг байсан. Иймд бид хөршүүдтэйгээ энхтайвнаар зэрэгцэн орших  хэрэгтэй. Нйамаа байхгүй бол дайн болно. Тэгвэл энэ хоёртойгоо наймаагаа хийе. Энэ тунхаглалыг хятадууд илүү мэддэг учраас наймааг 15 тэрбум ам.долларт хүргэх гэж байна. Оростой хийвэл мөн л ингэж  өснө. Ертөнц энэ хоёроор тогтохгүй. Миний түрүүнд хэлсэнчлэн парламент  найрамдлын нийгэмлэгийн төлөөлөл болно. Үлдсэн хэсгийг хэн авахыг хэлэх үү, тэр бол урал алтай хэлний нийгэмлэгүүд байна. Энэ хэлэнд Солонгос-Монгол, Монгол-Япон, Турк-Монгол гэж ордог. Саяхан Беларус улс  нэг тунхаглал гаргасан, Беларус руу дотолбол Орос руу довтолсонтой нэг адил гэж үзэж дараагийн үйл ажиллагаа бий болно гэж байна. Түүнтэй адил Турк тэгж зарлаж болно шүү дээ. Турк болон Турк шиг тусгаар тогтнолтой улсад аюул учирваас Туркт аюул учирсантай  нэгэн адил үзнэ. Ингээд Монгол аюулгүй байдлаа хангана шүү дээ. Сэтгэхэд ийм  гаргалгаа гарна. Ийм энгийн юман дээр цэцэрхэх шаардлага байхгүй. Гэхдээ дуулгаж, ярьж байх ёстой. Удаан ярих ёстой. Би үүнийг хувийн эрх ашгийн төлөө яриагүй ч болох ёстой юм болдгоороо болно.

НАМАЙГ ЗОДООН ХИЙХИЙГ ЭЭЖ МИНЬ ДЭМЖДЭГ БАЙЛАА

-Та өөрийнхөө тухай маш бага ярьдаг. Ярилцлагынхаа төгсгөлд таны дотоод руу өнгийе гэж бодлоо. Та бухимддаг уу?

-Би азтай хүн, миний орчин сайхан энергитэй учраас би бухимдах, уурлахыг мэдэхгүй. Аавын маань аав, ээжийн аав хоёул сайхан хүмүүс байсан. Аавын талаа яривал өвөө, эмээ хоёр маань Завханы Алдархаан сумыг өөрийн хөрөнгөөр байгуулсан улс. Тэр тухайгаа журнал хөтөлсөн байдаг юм. Өвөө маань улаан армид суурь адуу  бэлэглэсэн байдаг. Ээжийн талаа яривал тэр өвөө маань Пунцаг партизан шүү дээ. Ийм хүмүүсийн хүүхдүүд өөр явдаг. Миний аав Дархан хотын дарга байлаа. Би багаасаа орос сургуулиар явсан, 23 дугаар сургуулийг төгссөн. Түүний  дараа би Оросын генералуудтай хамт байсан. Их сургуульд багшлах үедээ С.Зоригтой таарч ардчилсан хувьсгалыг хийсэн. Тохируулгыг нь хийж чадсан учраас амжилттай болсон. Дараа нь АНУ руу явсан. Ирээд сүүлийн 20 жил дандаа 15 настнуудтай боловсролын чиглэлд ажиллаж байна. Хийж байгаа ажил болгон маань бүтэмжтэй. Одоо ярьж байгаа зүйлүүд маань ч бүтэмжтэй. Яагаад гэвэл, монголчууд гайхалтай гэгээлэг улс. Бид бас хиймортой, азтай. Доошоо бууна гэсэн нөхцөл байхгүй. Дэлхийн хамгийн хүчирхэг хоёр орны дунд байна. Нэг нь дэлхийд нэгдүгээрт орно гээд байгаа шүү дээ. Нөгөөх нь тавдугаарт орно гэж яриад байна. Ийм улсын дунд байгаа орон хэзээд юмнаас  хүртэнэ. АНУ-ын хоёр талд байгаа Канад, Мексик хоёр яаж хүртэж байна вэ. Тэгвэл хоёр улсын дунд байгаа орон ойлгомжтой. Та асуултаараа надад нэг зүйлийг санууллаа. Би аав, ээжийнхээ төрсөн нутаг Завхан аймгийг саятан аймаг болгоно. Тэр юунаас эхлэх вэ гэвэл, германчуудаар төмөр зам тавиулснаар эхэлнэ. Энэ ажил бараг эхэлчихсэн. Дараа ярилцлага өгөхдөө яаж хийсэн түүхийг ярьж болох юм. Би бас Майдар хотын бүтээн байгуулалтад оролцоно. Ийм л байна.

-Таныг яагаад “Малыш” гэдэг юм бэ?

-Нэгдүгээр ангид ороход анги даасан  орос багш маань намайг жижигхэн гээд “малыш” гээд нэрлэчихсэн. Нэгд би жижигхэн биетэй байсан, хоёрт гэвэл зургаан настай сургуульд орсон юм. Хүүхдүүд найман настай ордог байсан үе шүү дээ. Би ангидаа хамгийн цэмцгэр нь байлаа. Монгол ангийнхан хичээл тарахад намайг зодох гээд хүлээж байна. Орос ангидаа тэр олон хүүхдээс гоё хувцастай, цагаан цамцтай гэдгээрээ үзэн ядагддаг байлаа. Яагаад ингэж байгаа юм гэж би уйлагнаж байгаагүй, шууд  л зодолддог байлаа. Намайг хоёрдугаар ангид байхад ангийн маань найз намайг өмөөрч зодох гээд ирсэн хүүхдүүдийн нэгийг хутгалчихаж байлаа. Тэгсэн надаас бүгд айх болсон. Аз болж намайг гуравдугаар ангид байхад манайх нүүж, Улаанбаатарын атмануудын  байранд очсон, бүх асуудал дууссан. Би ч өөрийгөө хамгаалах гэж зодолдсоор байгаад зодоонч болчихсон. Хүн зодолдохоороо уурладаг юм байна лээ, уурлах ёсгүй юм байна лээ. Хоёрдугаарт, тэнд хоёр юм л хэрэгтэй, нэг бол зугт, эсвэл зодолд. Би зугтдаггүй, хүлээж аваад зодолддог байсан юм. Дээр нь миний зодоон хийхийг ээж  маань дэмждэг байлаа.  Миний хүү  онц сур гэж хэзээ ч хэлэхгүй, тэгсэн атлаа чи жижигхэн биетэй шүү, зоригтой бай гэнэ. Эцэст нь жижигхэн хүнд зориулагдсан эв байдаг юм билээ, зодоонд. Тэрэнд суралцсан. Эсрэг талынхаа давуу болон сул талыг олоод харчихдаг. Энэ урт гартай юм байна шүү, энэ хүчтэй юм байна шүү гээд. Тэгээд ганц цохилтоор нам авахгүй бол зодуулна гэдгээ тооцоод үзэж тарна. Хамгийн сүүлд би гурван жилийн  өмнө хүн цохисон, тэгээд өөрийгөө зогсоосон. Одоо болъё гэж бодох болсон шүү /инээв/.

-Та аавдаа алгадуулж  байв уу?

-Үгүй, Манай аав супер аав байлаа шүү дээ. Тийм аавтай учраас би дотроо “За би аав шигээ нөхөр байж чадахгүй юм байна. Аав шиг аав байж чадахгүй юм байна. Нэгэнт чадахгүйгээс хойш болъё” гэж бодсон. Тэр нь ч болсон. Дэндүү супер аавтай байх тэгдэг юм билээ. Хэрэв би өөр аавтай байсан бол өдийд хэдэн ч хүүхэнтэй сууж, хэчнээн ч хүүхэдтэй байх юм. Хэдээс салж яаж ч явах юм бэ. Миний аав жентельмэн хүн байлаа. Ээжийг загнаж байсан удаагүй. Бидэнд гар хүрч байсангүй. Бүх зүйлд хүлээцтэй, тэвчээртэй сайхан эр хүн байсан даа. Харин аав ээжийг “найзаа” гэж дууддаг  байсан. Одоо бол ханиа, хайраа гээд дуудах байсан биз. Авгайгаа “найзаа” гэж дууддаг  сонин шүү,  нээрээ /инээв/. Аав,ээж хоёр маань таван хүүхдээ сайхан өсгөсөн. Биднийг онц сур, тэг ингэ гэж  шахаагүй, тэгсэн ч бид онц сурсан юм даа.

-Ярилцлага  маань энэ хүрээд өндөрлөж байна. Бидний урилгыг хүлээж авч ярилцсан танд баярлалаа.

-Одоо болсон байлгүй дээ, их ч удаан ярилаа. Та гайхаж байж магадгүй, миний яриад байгаа зүйлүүд бүгд бодит ажил болно. Тэр цагт ирж  дахин ярилцаарай.

Эх сурвалж: news1.mn Ч.Ариунганга

 

 

 

 

SHARE