Д.Анар их шөвөг, үзүүр түрүүнд хөмрөх мэхээр дараалан давж, түрүүллээ

Эзэн богд Чингис Хааны мэндэлсний 856 жилийн ойд зориулсан Монгол бахархлын өдрийн барилдаанд хүчит 128 бөх барилдлаа.  Тодорхой шалтгааны улмаас “Буянт Ухаа” спорт цогцолборт болсон юм.

Наадмаас хойш томоохон барилдаанд зодоглоогүй шинэ аварга Н.Батсуурь зүүний магнайд босч, улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, Ц, Содномдорж, Р.Пүрэвдагва, улсын гарьд Б.Гончигдамба нарын зэрэг өнөө цагийн шилдэг хүчтэнүүд зодоглосон тус барилдаанд улсын начин Д.Анар түрүүлж, улсын харцага Б.Бат-Өлзий үзүүрлэлээ.

Улсын арслан Р.Пүрэвдагва шуудагны барьцнаас шахаж түрж хөөхдөө аймгийн арслан О.Гантулгын баруун тосгуулж хавирсан мэхэд өвдөг шороодсон. Харин улсын арслан Э.Оюунболдыг улсын харцага М.Бадарч сугадаж тонгороод далаар нь цэвэр унагав.

Улсын арслан П.Бүрэнтөгс шөвгийн наймд улсын гарьд Н.Гончигдамбыг амлан авч барилдаад өвдөг шороодлоо. Мөн шөвгийн наймд улсын аварга Н.Батсуурийг хутгахад нь улсын начин Д.Анар хий хутгуулж зайлж бусгаад давсан юм.

Шөвгийн дөрөвт улсын гарьд Б.Гончигдамба улсын начин Д.Анарыг амлаж, улсын харцага М.Бадарч, Б.Бат-Өлзий нар тунав.

Гарьд Б.Гончигдамбыг Д.Анар хөмрөөд давсан бол улсын харцага Б.Бат-Өлзий М.Бадарчийг холоос мордоход нь сунгаж татаад давлаа.

Ийнхүү үзүүр түрүүнд улсын начин Д.Анар харцага Б.Бат-Өлзий нар шалгаран үлдэж, Дорнодын уугуул, улсын начин учраагаа хашиж мордоход нь  дагуулж хөмрөөд давж, түрүүллээ.

Барилдааны дүйз

ДӨРВИЙН ДАВАА

  1. у.ав Н.Батсуурь – а.а Б.Түмэндэмбэрэл
  2. у.а П.Бүрэнтөгс – а.х.а О.Гантулга
  3. у.а Э.Оюунболд – у.н Д.Цэрэнтогтох
  4. у.а Ц.Содномдорж – у.н Д.Анар
  5. у.г Б.Гончигдамба – у.н Бо.Батжаргал
  6. у.х Б.Бат-Өлзий – у.н Б.Сангисүрэн
  7. у.х Х.Гантулга – у.х О.Хангай
  8. у.х Д.Бат-Эрдэнэ –у.х М.Бадарч

ТАВЫН ДАВАА

  1. у.ав Н.Батсуурь – у.н Д.Анар
  2. у.а П.Бүрэнтөгс – у.г Б.Гончигдамба
  3. у.а Э.Оюунболд – у.х М.Бадарч
  4. у.х Б.Бат-Өлзий – у.х О.Хангай

ЗУРГААГИЙН ДАВАА

  1. у.г Б.Гончигдамба – у.н Д.Анар
  2. у.х Б.Бат-Өлзий – у.х М.Бадарч

ДОЛООГИЙН ДАВАА
1. у.х Б.Бат-Өлзий – у.н Д.Анар

news1.mn

SHARE