Антонио Конте “Челси” рүү хоёр фронтоор зэрэг довтолж байна

 

Итали мэргэжилтэн Антонио Конте Английн “Челси”-г шүүхэд өгчээ. Гэрээ нь дуусгавар болохоос жилийн өмнө халсан явдалд эгдүүцсэн Антонио Конте хугацаанаасаа өмнө халагдсандаа нөхөн төлбөрт 11.3 сая паунд, харин дасгалжуулагчийн замналд нь хохирол учруулсан хэрэгт 8.7 сая паунд буюу нийтдээ 20 сая паунд нэхэмжлэн шүүхэд хандаад байна.

“Челси”-гийн удирдлага Контетой тохиролцохыг хичээсэн ч сонсохыг ч хүсэхгүй байгаа аж. Тиймээс Лондоны баг хариу тактик хэрэглэж Контегийн эсрэг мөн гомдол гаргажээ. Диего Костатай зүй бусаар харилцсан, ивээн тэтгэгчдийн үйл ажиллагаанд оролцдоггүй байсан, хэвлэлийн бага хуралд байсхийгээд хоцордог, Кобхэм дэх баазын дэргэдэх авто зогсоолд автомашинаа өөрийнхөө зогсоол дээр тавьдаггүй байсан гэх мэт хариу гомдол дурьдаж байгаа аж.

Ингээд хоёр тал нэгэнт зөвшилцөлд хүрэх шинжгүй тул шүүхээр хэргийг таслуулахаар болжээ. Антонио Конте хөдөлмөрийн гэрээ зөрчсөн гэсэн үндэслэлээр шүүхэд хандсанаас гадна мөн Спортын арбитрын шүүхэд давхар гомдол гаргаж, хоёр фронтоор зэрэг дайрч байна.

News1.mn Р.Гэгээ

SHARE