Мейветер Насукаватай тулаан хийхгүй гэдгээ зарлав

 

Мөнгө хочит Флойд Мейветер энэ оны сүүлчийн өдөр Японы кикбоксчин Теншин Насукаватай тулаан хийх тухай зар тарсан. Флойд ч өөрөө Японд очиж, хэвлэлийн бага хуралд оролцож, тулааны зураг хүртэл авахуулсан. Гэвч АНУ-д буцаж ирсэн хойноо тэрбээр тулаан хийхгүй гэж зарлалаа.

“12 дугаар сарын 31-нд товлосон гэх тулааны талаар хэлэх надад юм байна. Би Теншин Насукаватай тулаан хийхийг зөвшөөрөөгүй. Үнэндээ Японд очихоосоо түүний тухай нэг ч удаа сонсож байгаагүй. Намайг гурван үетэй, нийт есөн минутын үзүүлэх тоглолтод оролцохыг урьсан юм. Rizin өөрсдөө тулаанчаа сонгоно гэсэн. Ингээд л би очсон. Энэ бол телевизээр шууд дамжуулах албан ёсны тулаан биш гэж би ойлгосон.

Гэвч албан ёсны тулаан гэж зарламагц нь би татгалзсан. Тухайн хэвлэлийн бага хурал дээр шууд татгалзаагүйн учир бол алс холоос тэнд очсон хүмүүсийн урмыг хугалаад яахав гэж бодсон юм. Үүндээ уучлалт хүсье.

Би боксчны замналаа өндөрлүүлсэн тамирчин шүү дээ. Одоо би хэвлэлийн бага хуралд оролцох юмуу, богино хугацааны үзүүлэн тоглолтоор л их мөнгө олдог” хэмээн Флойд Мейветер мэдэгджээ.

news1.mn Р.Гэгээ

SHARE