Сургалтаас хасагдаагүй, шинэ номууд ингээд хэвтэж л байг уу, Ц.Цогзолмаа сайд аа?!

Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурах бичгүүдийг сургуулийн гадна хог дээр хаясан зургууд сошиал орчинд ихээхэн бухимдал төрүүлж байна.

Актлагдсан сурах бичгүүд нь ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт яг одоо хэрэглэгдэж байгаа нь хамгийн их анхаарлыг татаж байна. Математик-I , Хүн ба орчин, Иргэний боловсрол, Монгол хэл зэрэг бага ангийн сурагчдын яг одоо үзэж байгаа номууд ийнхүү сургуулийн гадна талбайд навсайгаад хэвтэж байна. Хэд, гурваараа ч биш бүр хэдэн зуун номыг ийнхүү хаяжээ. Бүгд урагдаж муудсан, ашиглах боломжгүй болсон, эсвэл аль эрт хөтөлбөрөөс хасагдсан номууд уу гэвэл үгүй. Дээр хэлсэнчлэн сургалтын хөтөлбөрт хэрэглэгдэж байгаагаас гадна цэвэрхэн, шинээрээ байгаа нь бүр хачирхалтай.

Жил бүр хичээлийн шинэ жил эхлэх болоход сурах бичгийн хүрэлцээ муу гэх хэл ам байнга гардаг болсон. Түүнээс гадна сурах бичгийг эцэг эхчүүдийг худалдаж авахыг давхар шаарддаг болсон билээ. Үүнийг дагаад сурах бичгийн наймаа ч бий болсон гэх хардах хүмүүс олон байдаг.

                  БСШУСЯ: НОМЫГ ОЛНООР НЬ ХАЯСАН ТУХАЙ МЭДЭЭГҮЙ

Ийм үед сурах бичгүүдийг ийнхүү хаяж акталсан явдлыг сургуулийнхан өөрсдөө дур мэдэж хийв үү, эсвэл салбарын яамнаас зөвшөөрсөн үү гэдэг асуудал хамгийн түрүүнд ургаж байна. Энэ асуудлаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд ямар нэгэн мэдээлэл, гомдол ирсэн эсэх, энэ асуудлыг анхааралдаа авсан эсэхийг тодруулахаар Хэвлэл мэдээллийн албатай холбогдоход “Энэ талаар ямар нэгэн мэдээлэл ирээгүй. Мэдэхгүй” гэлээ.

Уг нь хэдэн зуун мянга, саяар үнэлэгдэх шинэ сурах бичгүүд гудамжинд хог болоод хэвтэж байхад, түүнийг нь харъяа сургууль нь актлах нэрээр хаячихсан байхад салбарын яам аль эрт арга хэмжээ авсан байх хугацаа өнгөрөөд байна.

Ном бол ертөнцийг харах цонх гэж үе үеийн сурагчдад таниулж ирсэн гэдэгтэй хэн ч маргахгүй. Тийм ч учраас номоо дээдлэх, шүтэх арга ухааныг хуучин үеийнхэн өнөөгийн залууст байнга сануулдаг. Гэтэл эрхэм хүндтэй, үнэ цэнэтэй бүтээгдэхүүн ийн хогон дээр навсайж хэвтэхийг харах хамгийн муухай зүйл ажээ.

Жил бүр хичээл эхлэхэд шинэ ном авахыг шаарддаг, тэр ном нь өнгөрсөн жилийн сурах бичгээс бараг ялгаагүй байх тохиолдол олон. Үүнээс харахад сурах бичиг бизнес болж хувирсныг энэ үйл явдал харууллаа.

Сургалтаас хасагдаагүй, шинэ номууд ингээд гудамжинд хэвтэж л байг уу, Ц.Цогзолмаа сайд аа?!

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

SHARE