Намын даргаа ёворсон МАН-ын бүлгийн даргын үг буюу Дэрмээбаатар даалгавар биелүүлэх шиг боллоо

“Богд хаант Монгол Улсын төрийн зүтгэлтэн, жанжин баатрууд” гэдэг ном байдаг юм. Тухайн үеийн түүхэн хүмүүсийн тухай ном л доо.

Тэр номд бичсэнээр Дамбийжаа, Жа лам гэж түүхэнд үлдсэн Дамбийжанцанг хурал ном айлдаж байхад туслах Дэрмээбаатар орж ирэн “Багшаа хоёр хятад олоод ирлээ. Зүрхийг нь сугалах уу” гэжээ. Тэрхүү Дэрмээбаатар болбоос Дамбийжаагийн Тоодгор гэж бас л түүхэн зартай хүн юм. Тэрээр Жа ламаас илүүтэйгээр хүний зүрхийг сугалах, толгой цавчих дуртай байсан гэдэг.
Түүнийг ийн орж ирэхэд ном айлдаж, мэргэ тавьж байсан Жа багш хя­ламхийн “Би энд ажилтай байна. Цаанаа байж бай” гэсэн аж. Төд удалгүй Дэрмээбаатар сэ­лэмнээсээ цус дуслуулан орж ирээд “Багшаа зүрхийг нь сугал­чихаад ирлээ” гэжээ.
Энэ талаар тэр номд “Өргөөнд нь цустай сэлэмтэй орж ирэх, нэ­рийг барин аллага үйл­дэх Дэрмээбаатараас Жа лам эмээж түүнийг зог­соож дийлэхгүйгээ мэ­дээд устгасан” гэж бичсэн байдаг юм. Ер нь бол Дэрмээ­баатарыг Дамбий­жаагийн тоодгор хэмээн хочилдог. Өдгөө төр засгийн нэр барьсан, сүр­жигнэсэн, даргын өмнөөс орж далдаганасан нөхдийг Дамбий­жаагийн тоодгор гэдэг болоод удаж байна.

Тэгвэл өнөөдөр /2018.11.7./ УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокурорын саналыгУИХ-аар хэлэлцлээ.

Хоёр цаг гаруй хоорондоо хэрэлдэж, бас Улсын ерөнхий прокурор руу “нийтийн дайралт” хийсээр Б.Батзоригийг авч үлдэхээр шийдэцгээв.

Энэ чуулганы шийдвэр өчигдөр гарчихсан, урьдаас бэлтгэсэн драм байсан нь төвөггүй ойлгогдож байв.

Драмын төгсгөлийг уламжлал ёсоор УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа хийв. Д.Хаянхярваа энэ удаад хаалтаа хийхдээ баахан хазайчих шиг боллоо. Аль эсвэл “дээр”-ээс өгсөн даалгаврыг биелүүлэв бололтой.

Тэрээр өнөөдөр үг хэл нь хурц гэж жигтэйхэн. Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн өчигдөр хэлснийг өлгөж ирээд “Засгийн газар бол УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллага. У.Хүрэлсүх бол түүнийг л удирддаг хүн. Хэрвээ олон юм яриад байвал өөрөө явах хэрэгтэй” гэж хэллээ. Дараа нь саналаа нууцаар өгөх горимын санал гаргаж, бусад нь үг дуугүй дэмжив. Төлөвлөсөн юм ийм л сайхан байдаг.

Харин Д.Хаянхярваа Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн үгийг өөрөө лав тогтож сайн сонсоогүй бололтой юм. Уг нь У.Хүрэлсүх МАН-ын даргын хувьд ард түмнээс уучлалт гуйгаагүй хүнийг 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй, намын нэр дээр барилдуулахгүй гэж хэлсэн. Ерөнхий сайд сонгуульд хэн нэр дэвшихийг мэдэхгүй, намын дарга л мэддэг.

Тэгэхээр Д.Хаянхярваагийн хэлсэн нь Д.Хаянхярваагийн биш Дэрмээбаатарын л үг болоод явчихлаа шүү.

Харамссалтай нь хөшиг нээлттэй үлдсэн. Драм өөр танхимд үргэлжилж байна.

Эх сурвалж: news1.mn Д.Бат-Очир

SHARE