Аваргуудын лигийн тойм: “Црвена Звезда”-гийн адармаа ба “Тоттенхэм”-ийн сүүлчийн боломж

 

Эрхэм хөлбөмбөгийн хорхойтнууддаа Европын Аваргуудын лигийн өчигдөр болсон найман тоглолтын тоймыг хүргэе.

Аваргуудын лигийн А, В, С, D хэсгийн дөрөвдүгээр тойргийн тоглолтууд боллоо.

А хэсэг

“Монако” талбайдаа Бельгийн “Брюгге”-тэй тулсан нь 14 тоглолт дараалан хожил аваагүй хар цувралыг зогсоож, “нар үзэх” бодит боломж мэт харагдаж байв. Тэгээд ч Радамель Фалькао, Насер Шадли, Юри Тилеманс, Жибриль Сидибе нарын гэмтэл эдгэсэн нь найдлага төрүүлж байлаа. Гэвч Александр Головин дахин гэмтсэн тул тоглолтыг өнжив.

Анригийн баг энэ удаад талбайдаа дөрвөн гоол алдаж, өөрсдөө нэгийг ч оруулж чадалгүй хоцорлоо. Тэдний хожил аваагүй цуврал 15 тоглолт болж уртсав.

“Бид гоолын олон боломж гаргасан. Гэлээ ч би нэг зүйлд сэтгэл их хөндүүрлэлээ. Гоол алдчихаад манай тоглогчид сэтгэлээр маш хурдан уначихлаа. Гоол алдмагцаа тоглолтоо бүрэн алдаж, бараг тоглохоо ч больчихлоо. Энэ л миний санааг зовоолоо” гэж Тьерри Анри өгүүлжээ.

“Монако” Монако – “Брюгге” Бельги 0:4

Гоол: Ванакен 12, 17-пен, Уэсли 24, Вормер 85

Монако:  Бенальо, Сидибе, Глик (Туре, 76), Жемерсон, Баррека, Тилеманс, Аит-Беннассер (Массанго, 68), Шадли, Силла, Фалькао (Гуано, 61), Диоп.

Брюгге: Хорват, Пулен, Мехеле, Денсвил, Мата (Влитинк, 77), Вормер, Накамба, Диатта (Колс, 6), Ритс, Ванакен, Уэсли (Резаеи, 72).

Шар хуудас: Баррека (15).

Хэрвээ “Монако” 15 тоглолт дараалан хожлын бараа хараагүй бол тэдэнтэй нэг хэсэгт багтсан Германы “Боруссиа Дортмунд” яг эсрэгээрээ 15 тоглолт дараалан хожигдоогүй цувралтайгаар “Ванда Метрополитано”-д айлчилсан. Өмнөх тойрогт өрсөлдөгчөө талбайдаа 4:0-ээр бут ниргэчихсэн Люсьен Фаврын залуус энэ удаад Диего Симеонегийн багийн шүдийг үзэж, Аваргуудын лигт эхний гоолоо алдсаны зэрэгцээ улирлын анхны хожигдлоо амслаа.

Стефан Савич, Тома Лемар, Коке, Диего Коста нар гэмтлийн улмаас, харин Диего Годин гэдэсний суулгалт өвчний улмаас талбайд гараагүй ч “Атлетико Мадрид” даагаа нэхэж чадлаа. Энэ удаад Дортмундынхан хаалга онож ч цохиж дөнгөсөнгүй. Хоёр баг хоёулаа тус бүр 9 оноотойгоор хэсгээ тэргүүлж байна.

“Атлетико Мадрид” Испани – “Боруссиа Дортмунд” Герман 2:0

Гоол:  Сауль 33, Гризманн 80

Атлетико:  Облак, Хуанфран, Хименес (Монтеро, 46), Люка Эрнандес, Филипе Луис, Корреа (Витоло, 80), Парти, Родри Эрнандес, Сауль, Калинич (Желсон Мартинш, 62), Гризманн.

Боруссиа Дортмунд: Бурки, Пишчек, Топрак, Аканжи, Хакими, Витцель, Дилэйни, Пулишич (Геррейро, 59), Ройс, Санчо (Бруун Ларсен, 79), Пако Алькасер (Гетце, 75).

Шар хуудас: Корреа (6), Санчо (31), Аканжи (90), Ройс (90).

В хэсэг

“Тоттенхэм” болон “ПСВ Эйндховен”-ий хувьд хэсгээсээ шалгарах сүүлчийн боломж нь энэ тоглолт байлаа. Хожигдох юмуу тэнцвэл Европа лигийн эрх олгох хэсгийн гуравдугаар байрны л найдлага хэн хэнд нь үлдэх байв.

Уго Льорис өмнөх тоглолтод Ирвинг Лосано дээр бүдүүлэг зөрчил гаргаж, улаан хуудас хүртсэн учир хаалганд Пауло Гассанига гарлаа. Ердөө хоёр дахь минутад Голландын багийн ахлагч Люк Де Йонг мөргөж гоол оруулснаар “Тоттенхэм”-ийн хувьд байдал хүндэрч ирэв. ПСВ Голландын лигтээ 11 тоглолт дараалан гоол оруулж, гоолын мөндөр буулгаж буй ч Аваргуудын лигт багийн бүрэлдэхүүн арай л нялхдаж, туршлага дутаж буй нь илт байна.

Харри Кейний 78 болон 89 дэх минутад оруулсан гоолоор талбайн эзэд тэд хожиж чадлаа. Хойд Лондоны баг нийт 30 цохилт хийж, хамгийн сүүлд Харри Кейний сулхан мөргөсөн бөмбөг хоёр ч тоглогчид ойн чиглэлээ өөрчилснөөр хожлын гурван оноо Аваргуудын лигийн дараагийн шатанд шалгарах найдварын хамт 89 дэх минутад эргэн ирлээ.

“Тоттенхэм” Англи – “ПСВ Эйндховен” Голланд  2:1 (0:1, 2:0)

Гоол: Люк де Йонг 2, Кейн 78, 89

Тоттенхэм:  Гассанига, Орье (Триппьер, 75), Санчес, Алдервейрелд, Дэвис, Уинкс, Эриксен, Лукас Моура (Ламела, 62), Алли, Сон Хён Мин (Льоренте, 75), Кейн.

ПСВ: Зут, Думфрис, Швааб, Виргевер, Тасенде, Росарио, Хендрикс, Лосано, Перейро (Мален, 73), Бергвейн (Гутьеррес, 86), де Йонг (Сэйнсбери, 81).

Шар хуудас: Лосано (38), Сон Хён Мин (63), Швааб (90), Триппьер (90).

Италийн “Интер” талбайдаа “Барселона”-г хүлээн авч 1:1-ээр тэнцлээ. Лионель Мессигийн гарын гэмтэл хавьгүй богино хугацаанд эдгэж, бэлтгэлдээ гарсны сацуу Милан хотноо багийнхантайгаа цуг ирсэн нь олны анхаарлыг гойд татсан нь дамжиггүй. Гэвч тоглолтын мэдүүлэгт Месси багтсангүй. Мессиг тоглох, эс тоглох тухай яриа гаргасан нь төөрөлдүүлэх гэсэн Каталоны багийн нэгэн тактик гэж хэвлэлүүд дүгнэв. Месси талбайд гараагүй ч гэсэн “Интер”-ийн домог Хавьер Занеттитай зураг даруулаад амжжээ.

“Леог талбайд гаргаж эрсдэлд оруулахыг хүссэнгүй. Бэлтгэл дээр бол бид бие биенээ бодоод гэмтээлгүй зөөлөн тоглочихож чадна. Харин ийм тоглолтод хэн ч зөөлөн зан гаргахгүй. Тоглолтын явцад унах тохиолдол хэд ч гарах юм билээ. Тийм учраас түүнтэй ярилцаад талбайд гаргахгүй байхаар шийдсэн” гэж Эрнесто Вальверде тоглолтын дараагаар өгүүлжээ.

“Барселона”-д өөрийнхөө мөрөөдөлд хөтлөгдсөн ирсэн ч талбайд гарах цаг тун хомсхон олдож буй 21 настай бразил залуу Малком 83 дахь минутад хамгаалагчийг хөнгөн хөдөлгөөнөөр хялбархан хуураад сул гарсан зайгаар цохиж гоол оруулсан. “Барселона”-гийн төлөө албан ёсны тоглолтод анхны гоол оруулсан залуу баярын нулимс унагаж гоолын баяраа тэмдэглэлээ.  Гэвч “Интер”-ийн гоолын машин Мауро Икарди дөрвөн минутын дараагаар тоог тэнцүүлсэн.

“Барселона” 10 оноотойгоор хэсгээ тэргүүлж буйгаас гадна дараагийн шатанд шалгарах болзлоо хангалаа. Тэд сүүлийн 18 жил дараалан хэсгээсээ шалгарч буй нь энэ.

“Интер” Итали – “Барселона” Испани 1:1

Гоол: Малком 83, Икарди 87

Интер:  Ханданович, Врсалько, де Врей, Шкриньяр, Асамоа, Весино, Брозович (Мартинес, 85), Политано (Кандрева, 81), Наингголан (Валеро, 63), Перишич, Икарди.

Барселона: тер Штеген, Сержи Роберто, Пике, Лангле, Альба, Ракитич, Бускетс, Артур (Видаль, 74), Дембеле (Малком, 81), Суарес, Коутиньо.

Шар хуудас: Ракитич (42), Брозович (84), Перишич (88).

С хэсэг

Жанлуижи Буффон Италид, харин Эдинсон Кавани Неапольд буцан очлоо. Уругвай довтлогч гуяны булчингийн зовиурын улмаар нөөцийн сандалд тоглолтыг эхлүүлсэн. Килиан Мбаппе зүүн жигүүрээр сугарч гарч ирээд олон хамгаалагчдын дундуур дамжуулалт өгснийг Хуан Бернат бараг унаж явах үедээ цохиж гоол болгож чадсан.

Лоренцо Инсинье пенальтийг амжилттай гүйцэтгэж, хоёр баг тэнцсэнээр С хэсгийн байдал маш сонирхолтой болж ирлээ.

Энэ тоглолтод Марек Хамшик талбайд гарснаар Неаполийн багийн төлөө хамгийн олон тоглолтод гарсан хөлбөмбөгч боллоо. Тэрбээр 512 тоглолтод “Наполи”-гийн төлөө гарч Жузеппе Брусколоттигийн дээд амжилтыг давлаа. Хамшик мөн 120 гоолтойгоор Неаполийн багийн түүхэн шилдэг мэргэн бууч билээ.

ПСЖ-ийн хувьд Францын лигтээ 12 дараалан хожиж, нэг ч оноо алдаагүй тасархай тэргүүлж яваа ч Аваргуудын лигийн дөрвөн тоглолтдоо нэг л ялалт байгуулаад байна.

“Наполи” Итали – “Парис Сен-Жермейн” Франц 1:1

Гоол: Бернат 45, Инсинье 62-пен

Наполи:  Оспина, Максимович (Хусай, 76), Альбиоль, Кулибали, Мариу Руй, Кальехон, Аллан, Хамшик, Фабиан Руис (Зелиньски, 71), Мертенс (Уна, 83), Инсинье.

ПСЖ: Буффон, Маркиньос, Тиаго Силва, Керер (Шупо-Мотинг, 90), Менье (Кимпембе, 73), Ди Мариа (Кавани, 77), Верратти, Дракслер, Бернат, Мбаппе, Неймар.

Шар хуудас: Мбаппе (29), Керер (32), Фабиан Руис (45), Верратти (89), Неймар (90).

Югослав болон Сербийн аваргаар 31 удаа шалгарсан “Црвена Звезда” талбайдаа Английн 18 удаагийн аварга “Ливерпуль”-ийг хүлээн авч, 24 настай довтлогч Милан Павковын дублиэр хожлоо.

Хөлбөмбөгийн зах зээлд ердөө 150 мянган еврогоор үнэлэгдэж буй Милан Павков Сербийн шигшээд ч дуудагдсан удаагүй. Гэлээ ч энэ удаад дубль хийж дөнгөлөө. Харин “Ливерпуль” Неапольд ч, Белградад ч гоол оруулж чадсангүй.

“Өрсөлдөгч багийнханд гоолын олон боломж гарч, түүнийгээ ашиглалаа. Хоёрдугаар үед манай баг давамгай тоглосон ч гоол оруулсангүй. Одоо надад хэлэх үг алга. Бид хожигдлоо, хожигдлын гашууныг мэдэрч байна. Гэвч одоо засч залруулахын аргагүй. Учир нь тоглолт дуучихсан” гэж Клопп өгүүлжээ.

“Улаан од”-д ийнхүү “Улаанууд”-ыг хожсоноор энэ хэсгийн байдал тун адармаатай боллоо. “Ливерпуль”, “Наполи” тус бүр 6 оноотой бол “ПСЖ” 5, “Црвена Звезда” 4 оноотой явна.

“Црвена Звезда” Серб – “Ливерпуль” Англи 2:0

Гоол: Павков 22, 29

Црвена Звезда: Борян, Стойкович (Гобелич, 59), Савич, Дегенек, Родич, Крстичич (Йовичич, 73), Йованчич, Бен-Набуан, Марин (Чаушич, 64), Срнич, Павков.

Ливерпуль: Алиссон, Александер-Арнолд (Гомес, 46), Матип, ван Дейк, Робертсон, Милнер, Вейналдум, Лаллана (Ориги, 79), Салах, Старридж (Фирмино, 46), Мане.

Шар хуудас:  Марин (5), Лаллана (36).

D хэсэг

Оросын аварга “Локомотив Москва” Португалын “Порто”-д 4:1-ээр хожигдож, хэсэгтээ дөрөв дараалан хожигдсоноор дараагийн шатанд шалгарах боломжоо бүрэн алдав. Тус багийн дасгалжуулагч Юрий Сёмин “Бидний алдаа бүрийг тэд гоол болгож, шийтгэлээ. Одоо Европа лигийн эрхийн төлөө тэмцэнэ” гэж мэдэгджээ.

Аваргуудын лигийн түүхэнд хэсэг толгойлсон баг хэсгээсээ шалгарч чадаагүй хоёр дахь тохиолдол энэ боллоо. Өмнө нь 1995 оны Английн аварга “Блэкберн” Аваргуудын лигт хэсэг толгойлсон ч дараагийн шатанд шалгарч чадаагүй юм.

“Порто” хэсгийг 10 оноотойгоор тэргүүлж байна.

“Порто” Португал – “Локомотив Москва” Орос 4:1

Гоол: Эррера 2, Марега 42, Фарфан 59, Корона 67, Отавио 90

Порто:Касильяс, Макси Перейра, Фелипе, Эдер Милитао, Теллес, Эррера, Данило Перейра, Оливер Торрес (Сержио Оливейра, 85), Корона (Эрнани, 77), Марега, Браими (Отавио, 68).

Локомотив: Гильерме, Игнатьев, Чорлука, Хеведес, Идову, Крыховяк, Денисов, Алексей Миранчук, Антон Миранчук, Фернандеш (Фарфан, 46), Эдер (Смолов, 71).

Шар хуудас: Чорлука (3), Фелипе (48), Эдер Милитао (61), Отавио (84).

Өмнөх тойрогт хоёр баг гоолгүй тэнцсэн бол энэ удаад Германы “Шальке” талбайдаа өрсөлдөгчөө 2:0-ээр буулган авлаа. Гельзенкирхений баг хэсэгтээ аман хүзүүнд бичигдэж, харин “Галатасарай” Европа лигт ирэх хавраас өрсөлдөх магадлал өндөр боллоо.

“Шальке 04” Герман – “Галатасарай” Турк 2:0

Гоол:  Бургшталлер 4,  Ут 57

Шальке:  Нубель, Сане, Настасич, Стамбули, Руди (Сердар, 76), Калижури, Шопф, Ут (Бенталеб, 63), Харит (Маккенни, 56), Эмболо, Бургшталлер.

Галатасарай: Муслера, Мариано, Кабак, Азиз, Линнес (Байрам, 46), Бельханда, Донк, Ндиайе, Оньекуру, Гумуш (Челик, 72), Родригеш (Инан, 63).

Шар хуудас: Руди (54), Стамбули (55), Донк (72), Азиз (81), Челик (84).

Өнөөдрийн тоглолтуудын хуваарь

Аваргуудын лигийн үлдсэн дөрвөн хэсгийн дөрөвдүгээр тойргийн тоглолтууд өнөө шөнө болно. Та бүхэнд тоглолтуудын хуваарийг Улаанбаатарын цагт шилжүүлэн хүргэж байна.

01:55. “Валенсиа” Испани – “Янг Бойз” Швейцарь
01:55. ЦСКА Орос – “Рома” Итали
04:00. “Ювентус” Итали – “Манчестер Юнайтед” Англи
04:00. “Байерн Мюнхен” Герман – АЕК Грек
04:00. “Бенфика” Португал – “Аякс” Голланд
04:00. “Лион” Франц – “Хоффенхайм” Герман
04:00. “Манчестер Сити” Англи – “Шахтер” Украин
04:00. “Виктория Пльзень” Чех – “Реал Мадрид” Испани

News1.mn Р.Гэгээ

SHARE