Малыш Б.Энхтүвшин: Миний бичсэн үндсэн хуулийн төслийг  Б.Чимид гуай авчихсан

 Монголчуудын дунд “Малыш” нэрээр танил болсон Баттогтохын Энхтүвшинтэй ярилцлаа. Тэрээр  МоАХ-г үүсгэн байгуулагч, удирдагчдын нэг. Үүний зэрэгцээ  санхүүжүүлэгч байсан гэдгээ өөрөө хэлдэг. Зарим нь түүнийг тагнуулын байгууллагаас тийш нь  шургуулсан туршуул байсан  ч гэдэг.

Харин  түүний өвөө Б.Чоймбол Завхан аймгийн Алдархаан сумын нэгдлийг өөрийн хөрөнгөөр байгуулсан бол авга ах Б.Магванжав нь Ю.Цэдэнбалын улстөрийн  комиссар байсан нь бодит үнэн юм. Харин нагац өвөө нь Ардын хувьсгалын партизан Б.Пунцаг, нагац ах Б.Рагчаа нь  НАХЯ-ны дээд сургуулийн захирлаар насаарааа жилласан нь түүхэн үнэн юм. 

/Хоёрдугаар хэсэг/

 

-Ардчиллын анхдагчдын нэг  Чимидийн Энхээ АН-д  гомдолтой явдаг юм билээ. Түүний тухайд та ямар бодолтой  байдаг вэ?

-Чимидийн Энхээ өндөр боловсролтой хүн. Орос хэлийг гайхалтай эзэмшсэн. Зурдаг, зурна гэдэг чинь юмыг хардаг,сэтгэдэг гэсэн үг.  Адам Смитийн “Үндэстнүүдийн  баялаг” номыг  гайхалтай орчуулсан. Ийм хүн Монголд ер нь байхгүй ээ. Тэр ардчиллыг байнга чимж явна. Чимидийн Энхээ ардчиллыг чимнэ шүү.

-Одоо хоёулаа өнөөгийн  ардчиллынхны тухай ярилцая. Та  АН-ын тухайд  ямар байр суурьтай байна?

-Гайхалтай гэдэг нэг үгээр хэлье. АН өөрчлөгдөж байгаа. Ардчилсан нам байх тал руу өөрчлөлт хийж байгаа. Би С.Эрдэнийг   үүнийг хийж чадсанд нь, чадаж байгаад  нь талархаж байгаа. Амар биш шүү. Би өөрөө тэнд ямар байдгийг мэднэ. Хүн мөнгөтэй болоод ирэхээрээ зан авир нь яаж өөрчлөгддөг гэж бодож байна. Тэгээд бүлэглэл гэдэг гэмт хэрэг сэдэхээс өөр юм сэтгэхгүй шүү дээ. Ийм юмыг өөрчилнө гэдэг хэцүү, бараг байж боломгүй. Байж боломгүй юмыг байлгасан учир АН найдлага төрүүлж байгаа. Тиймээс би сүүлийн үед тийшээ очдог болсон. Хэрэв тийм найдлага төрүүлээгүй бол очихгүй.

-Та 2020 оны сонгуульд нэр  дэвших гэж байгаа юм уу? 

-Ардчилсан нам анх байгуулагдаад хамгийн анхны Удирдах зөвлөлийн гишүүнээр намайг сонгож байсан юм. Тэгэхээр миний хувьд энэ намыг өөрчлөхийн төлөө байдаг. Нам ямар байх ёстой юм, тийм л үүднээс. Түүнээс би дунд нь оролцоод, албан тушаал авах гээд ч юм уу, сонгуульд оролцохгүй.  Нэгэнт л Ардчилсан намыг нам шиг байлгая, жинхэнэ нам байгуулъя гэж бодож байсан бол очиж саналаа хуваалцах нь зүйн хэрэг.

-Төр, засгийн хувьд  өөрчлөлт бас хэрэгтэй байна аа?

-Өөрчлөгдөх ёстой. Ингэхдээ эрс өөрчлөгдөх ёстой. Реформ гэж хэлээд байгаа чинь гарцаагүй.

-Яаж өөрчлөгдөх ёстой вэ?

-Үндсэн хуулийн өөрчлөлт зайлшгүй хийгдэнэ. Хүссэн, хүсээгүй Үндсэн хууль өөрчлөгдөнө.

-Хэзээ?

-Наадах чинь  эдийн засгийн үзүүлэлтээс  шалтгаална. Манай эдийн засгийн үзүүлэлт яаж түүнд хүрч очих вэ гэвэл, бид төсвөө бүрэн бий болгож чадаж байгаа бол тэр хугацаа дууссаны дохио. Тэгэхээр хүссэн, хүсээгүй тэр өөрчлөгдөнө. Манай улс 11 тэрбум ам.долларын төсөвтэй айл. Зургааг нь өөрсдөө, үлдсэнийг гадаадын туслалцаа, зээл хөнгөлөлтөөр бүрдүүлдэг. Тэгвэл анх удаа Монгол Улс 11 тэрбум ам.долларыг өөрсдөө бий болгочихлоо.  Ингээд би  бараг хоёрхон долоо  хоногийн өмнө  Үндсэн хуулийн өөрчлөлт  болоогүй гэж бодож байснаа нэгэнт өөрчлөх үзүүлэлт бий болчихлоо гэж бодох болсон. Энэ бол хэн нэгний хүсэл биш, нөхцөл бүрдэнэ гэдэг чинь материаллаг талаас болдог зүйл. Ийм байхад  дэлхийн бүх улс  бидэнд “Эрхэм ээ, та нарын шилждэг үе өнгөрчээ” гэж хэлнэ. Тэгж хэлүүлэхээс өмнө  бид нийтээрээ үүнд орлоо.

-Өөрчлөлт ярихаар түүнийг ойлгох ухаан, Үндсэн хуулийн боловсрол энэ тэр  гээд бас ярих юм?

-Боловсрол насан туршийн бөгөөд гурван үзүүлэлтэй  юм. Иргэн, идэвхтэй иргэн, дэлхийн иргэн гэсэн үзүүлэлттэй. Иргэн гэдэг нь өөрийгөө мэдсэн хүн. Өөрийгөө мэдчихээд битгий бусдыг муул гэсэн утгатай. Идэвхтэй иргэн гэхээр нийгмийн шинжлэх ухаанаас орсон зүйлээр бүгд оролцоод байдаг, хамгийн муу хүн гараад байна гэдгийг мэдчихээд ирэх  идэвхтэй иргэн. Идэвхтэй иргэний хэлдэг нь  “Би та нарт итгэхгүй” гэсэн үг. Дэлхийн  иргэн болоод ирэхээр цэвэр агаар, усны менежментийг л ярьдаг. Энд Монголын, АНУ-ын Германы гэсэн юм байхгүй. Бид суурин  газар амьдарч байгаа бол хүн муулдаггүй бай. Төр, засагт битгий итгэ. Дэлхийгээ хайрла. Иймл месэжээр явна.  Тэр нь насан туршийнх гэсэн үг. Энэ бүгдийг  тодорхойлодог зүйл  суурин газарт төсөв байдаг. Төсвөө бүрдүүлж чадаж байгаа бол хамтран амьдрах гэрээгээ шинэчилдэг. Тэгэхээр ардчилал гэдэг бол хамтран амьдрах ухаан, Үндсэн хууль гэдэг чинь хамтран амьдрахад оролцож байгаа иргэдийн гэрээ. Тэр гэрээнд хөгжил тусгагддаг. Хөгжил яаж заагладаг вэ гэвэл, төсвөө бүрдүүлдэг газар сонгууль явагдана. Төсөв бүрдүүлдэггүй газар менежмент бий болгоно. Ийм энгийн юмыг монголчууд зүгээр л цаасан дээр зөгнөл биччихсэн. Бодит амьдрал дээр прагматик байдлаар буухгүй байгаа. Манай улсын 21  аймгийн 11 нь  төсвөө бүрдүүлдэггүй. 360-аад сумаас хоёрхон  нь төсвөө  бүрдүүлдэг. Төсөв бүрдүүлдэггүй газар сонгууль явагдана гэдэг утгаа алдаж байна. Бүх юм утга учиртай байх ёстой. Ийм энгийн зүйл болохгүй байна.

-Яагаад ийм болчихов оо?

-Энэ бол юмаа мэдэхгүй байсны,  хоосны хөөрөл. Тэгэхээр тогтуун байх хэрэгтэй. Ингээд  нийтээрээ дахиж хэлэлцээнд орох хэрэгтэй. Энэ бол бид боловсролынхоо түвшинг, хамтран амьдрах, бие биеэ ойлгох, ойлголцох хэсгээ дээд болгож байна гэсэн үг. Түүн дээр манайхан төр барих  эртний соёлтой гэж яриад байдаг шүү дээ. Тэр соёлыг Чингис хаан бий болгосон. Өөрийнх нь хэлсэн үг ч бий. “Эв найрамдлаас илүү их хүч энэ дэлхийд байхгүй” гэсэн тэр  үг бидний хамтын гэрээний гол зүйл байгаа юм. Би өмнөх Үндсэн  хуулийг бичиж  байсан хүний хувьд үүнийг  хэлнэ.

-Одоо мөрдөж байгаа 1992 оны Үндсэн хуулийг   уу?

-Тийм. Тэрийг маань Б.Чимид гуай авч  нуучихаад надад  эргүүлж өгөөгүй. Энэ тийм сайхан мэдээ биш л дээ. Тэр хуулийн төсөлд “Хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм” гэж тезисээр оруулж өгсөн. Тэгвэл тэрийг  “Хүмүүнлэг, иргэний, ардчилсан”  гэж  оруулсан байгаа, тезис учраас  тэгж нэг үгээр ордог учиртай. Сүүлийн үг нь ардчилсан гэж байгаа бол хүмүүншсэн, иргэншсэн гэж гурвуулаа адил байх юм. Тезис гэдэг бол магистр, докторын ажлын үндэс. Тэгэхээр Үндсэн хууль тэгж задарч байна гэсэн үг. Энд би задаргааг бичсэн байсан. Зорилгыг бичих боломжгүй байсан, тухайн үед. Одоо зорилго нь “Эрхэмсэг Монгол оршихуй”. Үнэт зүйл нь “Монгол эмэгтэй” байгаа юм. Үүн дээр монголчууд нэгдэж, хийхдээ яах гэж “Эв найрамдлаас илүү хүч энэ дэлхий дээр байхгүй”  гэж тунхаглаж байгаа юм бэ. Бид мөнхийн хоёрхон хөрштэй, тэгэхээр Их хуралд сонгогдсон депутатууд биш, найрамдлын нийгэмлэгийн төлөөлөл оролцоно. Ингээд бид Чингисийн тогтоосон хүчээр 10, 10-аар нь багцална. Тэгэхээр Орос-Монголын найрамдлыг тогтоосон 10, 10-н хүн орох нь байна. Хятад-Монголын найрамдлын нийгэмлэгийн 10 төлөөлөл орох нь байна. Ингээд бид XXI  зуунд амьдарч байгаа учраас квотыг нь тогтоож өгнө гэсэн үг. 50 хувь нь эмэгтэй байна, 75 хувь нь тухайн оронд магистраас дээш цол хамгаалсан хүн байна. Бид хоёр хөрштэйгээ тогтоосон найрамдал бий болохоос Баянхонгороос төд, Баян-Өлгийгөөс тэд гэдэг тогтолцоо биш. Бид нэгдмэл улс.

-Тэгэхээр засаглал нь  ямар байх юм бэ.Тухайлбал, хэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байх вэ?

-Бидний зорилго тогтвортой хөгжилтэй, ядуу хүнгүй Монгол. “Эрхэмсэг  Монгол оршихуй” маань энэ. Үүнийгээ улсаа тойроод хэлэлцүүлээд яв.  Ингээд намуудаар   орлоо гэж үзье, энд хамгийн нэр хүндтэй нь Ерөнхий сайд болно. Дэлхийд тогтсон гурван зүйл бол эрх мэдэл, мөнгө, нэр хүнд. Эрх мэдэл, мөнгө хоёр юунд ч хүргээгүй. Нэр хүнд байнга лидер байсныг аль ч улсын түүх харуулж байгаа. Бид лидерээ тодорхойлох гээд байгаа болохоос  менежментийг биш. Лидер бол менежмент хийж чадах хүнийг томилдог. Ингээд бид хамгийн нэр хүндтэй хүнийг Ерөнхий сайдаа болгоод, тэр хүндээ танхимаа бүрдүүлэх бүрэн эрхийг нь өгөх учиртай. Тэр хүн нэг намаас танхимаа бүрдүүлж болохгүй. Бид цөөхүүлээ учраас чадвартай хүмүүс нэг намд байна гэж байхгүй. Ингэж чадвартай хүмүүсийг бий болгосноор  хөгжил хурдасна. Үндсэн хуулийн бий болгож байгаа мөн чанар нь хөгжлийг бүрдүүлэх байх ёстой. Гэтэл бид хөгжлийн загвар байхгүй, шилжилтийн нийгэмд байсан учраас өнөөдрийн Үндсэн хууль ямар ч байсан тэрийг шүүмжлэх гээд хэрэггүй. Энэ зэргийн Үндсэн хуультай байсан нь их юм. Дараагийн Үндсэн хуулийг бий болгохдоо бусад хуулийг хэмжиж чадаж байгаа эсэхийг нь  харж байгаад  хамгийн дээд загварыг гаргаж болно. Дэлхий дээр хамгийн төгөлдөр Үндсэн хуулийг биччих юм бол Монгол Улсын Үндсэн хуулийг дэлхий дахин судалдаг болно. Үгүй ядахад, хуулийн сургуульд. Ийм  нөхцөл бүрдчихсэн байгаа.

Үндсэн хуулийн тухайд өнөөдөр гурван байр суурь л илүүтэй  яригдаж байгаа шүү дээ. Д.Лүндээжанцан гишүүний ахалсан Ажлын хэсэг нэмэлт өөрчлөлт оруулна гэдэг.Нөгөө хэсэг нь одоогийн хуулиа өөрчлөх хэрэггүй гэдэг.  МАХН-ын дарга Н.Энхбаяр нар Дээд хууль нэртэй шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулсан…?

-Аль нь ч биш. Бас хүндээ ч биш юм. Миний яриаг та огт ойлгохгүйгээр ингэж асууж байна шүү дээ…Үндсэн хууль өөрчлөх чинь хүнтэй холбоогүй, төсөвтэй холбоотой юм. Хэдий чинээ мөнгөтэй байж яаж амьдрах вэ гэдгийг л ярьж гэрээгээ хийх ёстой юм шдээ. Бид прагматик нийгэмд амьдарч байна. Гурван сая монголчуудад ямар мөнгө хүртэх вэ, санхүүгийн тооцоо гарчихсан байгаа шд. Тэр тооцоон дээр л бид Засгийн газар нь ямар байх вэ, төсөв нь ямар байх вэ гэдгээ ярина. Ер нь  Үндсэн  хууль маань зургаахан бүлэг юм шүү дээ. Нээх том ухаансаад байх юм ерөөсөө байхгүй. Тэгэхэд гэрээ есөн бүлэгтэй байгаа. Хоёр хүн хоорондоо гэрээ хийхэд есөн бүлэгтэй, тэрийг 11 эсвэл 13 болгохгүй шд. Зургаан бүлэг, тэр байтугай үгийн тоо ч байгаа. Америкийн Үндсэн хууль 3600 үгнээс бүрдсэн байдаг юм. Энэ үйл явц тунхаглал маягаар явж болно. Дараа нь хэсэг болгонд  өөрийн гэсэн  процедурын хууль гарч ирнэ. Ийм энгийн юман дээр  талцал, хэрүүлийн өвчинд баригдаж болохгүй. Тэр тунхаглалыг чинь Чингис хаан гаргачихсан юм. Тэр л тунхаг дээр бид  цааш явна. Манайх нэгдмэл нэг улс.

Үргэлжлэл бий…

 

Эх сурвалж: news1.mn Ч.Ариунганга

 

 

 

SHARE