Малыш Б.Энхтүвшин: Урвагчгүй хувьсгал байдаггүй

Монголчуудын дунд “Малыш” нэрээр танил болсон Баттогтохын Энхтүвшинтэй ярилцлаа. Тэрээр  МоАХ-г үүсгэн байгуулагч, удирдагчдын нэг. Үүний зэрэгцээ  санхүүжүүлэгч байсан гэдгээ өөрөө хэлдэг. Зарим нь түүнийг тагнуулын байгууллагаас тийш нь  шургуулсан туршуул байсан  ч гэдэг.

Харин  түүний өвөө Б.Чоймбол Завхан аймгийн Алдархаан сумын нэгдлийг өөрийн хөрөнгөөр байгуулсан бол авга ах Б.Магванжав нь Ю.Цэдэнбалын улстөрийн  комиссар байсан нь бодит үнэн юм. Харин нагац өвөө нь Ардын хувьсгалын партизан Б.Пунцаг, нагац ах Б.Рагчаа нь  НАХЯ-ны дээд сургуулийн захирлаар насаарааа жилласан нь түүхэн үнэн юм. 

/Нэгдүгээр хэсэг/

-Ардчиллынхан ойгоо тэмдэглэнэ гээд бужигнаж байна. Энэ хүртэлх 30-аад жилд  “Ардчиллын түүх”-ийг  яагаад, хэн ч зориглож  бичсэнгүй вэ?

-Учир нь ардчиллын гэж ярьдаг ихэнх хүмүүс түүнд өөрийн гэсэн хувь нэмэр оруулаагүй, хорчин, хорлосон, ховлосон түүх л их бий. Харж л байя. Одоо 30 жил болох гэж байхад ямар түүх бичиж, юу хийх нь вэ. Би бол хүлээж л байгаа. Түүнээс  “Миний удирдсан ардчилсан холбоо” нэртэй миний ном гараад нэг хэсэг нь зарагдаад дуучихсан. Надад  бичих юм асар их бий. Заримд нь би хэлчихдэг “Бичээд,  бичээд хоёр хуудаснаас илүү гарахгүй улсууд байх юм”  гэж. Жишээ нь, Д.Сосорбарам байна. Дөрвөн удаа жагсаалд оролцсон гэж бичих юм уу. Тэр нь хоёр хуудаснаас илүү гарахгүй шд.

Ер нь бол манайх шиг эдийн засгийнх нь 60 хувь зөвлөлтөөс бүрддэг газар зүв зүгээр ардчиллыг бий болгочихно гэж  хэзээ ч байхгүй. Хэн ч ингэж чадахгүй. Монголын түүхэнд Д.Сүхбаатар байгаагүй бол хэн нэг нь Сүхбаатар болох л байсан. Х.Чойбалсан байгаагүй бол хэн нэг нь Чойбалсан болох л байсан. Урвагчгүй хувьсгал гэж бас байдаггүй. Урвагч дандаа муухайгаар харагдахгүй. Хэн нэг нь урваагүй бол бид өдий хэмжээнд байхгүй. Юмыг нийтэд нь цагаанаар эсвэл хараар будна гэж байдаггүй. Тэгэхээр урвагч байхгүй бол товчхондоо урвагчийг бий болгодог л байхгүй юу. Амьдрал үүнийг шаарддаг. Тэр тусмаа улсын тогтолцоог тэр чигээр нь өөрчлөх гэж байхад. Одоо бол бид огт өөр шатанд орох цаг нь болсон.

-“Ардчиллын алтан хараацайнууд” гэлцдэг. Гэвч  Улсын баатар болсон нь Э.Бат-Үүл. Тэр  ямар гавьяа байгуулсан бэ?

-Тэр чинь шийтгэл. Энэ чинь монгол хүний сэтгэхүйд л байдаг зүйл  байхгүй юу.

-Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ардчилалд ямар хувь нэмэр оруулсан юм бэ?

-Тодорхой хэлье, наад хоёр хүн чинь урвагч. Ардчиллын үр дүн байгуулж байгаа нам дээр харагдах ёстой. Гэтэл Ардчилсан хөдөлгөөний  нам нь большвек загварын нам болсон. Тэр намынхаа хурал дээр намайг оруулахгүйгээр  гадаа байсан хүмүүст мөнгө өгч хөлслөөд ямар ч өрсөлдөөнгүйгээр Э.Бат-Үүл дарга болж байсан.  Эндээс анзаарвал, тэр үед нөгөө санхүүжүүлж байсан хүний эсрэг бүлэглэл ороод ирчихсэн байгаа биз. Э.Бат-Үүл тухайн үед Д.Бямбасүрэн гэж хүний бичсэн юмыг уншсан. Д.Бямбасүрэн байгаагүй бол бас нэг Бямбасүрэн байх байсан. Д.Бямбасүрэн бол Ю.Цэдэнбалыг унагасан хүн. Тэгэхээр түүний хойно асар том хүч байх нь ээ. Энэ нь хуучны Зөвлөлт Холбоот Улс, Кремль. Үүнээс илүү үнэн Монголд байхгүй. Энэ бол эргэлзээгүй үнэн. Баатарлаг үйлс бүтээх нөхцөл Монголд хараахан бүрдээгүй байна. Хэдий тийм боловч бид бүрдүүлэх л ёстой. Энд хамтын ухамсар хэрэгтэй. Нэг хүний хүчин зүйлээр болдог зүйл ердөө ч биш. Хамтын ухамсар хэрэгтэй. Ухамсар гэдэг нь боловсролын дээд оргилыг хэлдэг. Тэгэхээр их л боловсролтой улсууд нийлж байж хамтын ухамсарыг бүтээх нь байна.

-Таныг ардчиллыг анх байгуулж, далдаас удирдсан гэдэг. Тэгвэл ил гарч удирдсан С.Зориг алуулсан.  Энэ хэрэг эцэслэгдэхгүй  байгааг та  юу гэж үздэг вэ?

-Ардчиллыг  байгуулсан хүний нэг гэдгээс илүү   би  ардчилсан хөдөлгөөний санхүүжүүлэгч. Энэ их ялгаатай. Санхүүжүүлнэ гэдэг чинь бүх  юмаа удирдан зохион байгуулна гэсэн үг. Тэнд, ардчилсан хөдөлгөөнд тэргүүнээр нь явсан С.Зориг  амь насаа алдсан.  Энэ асар  эмзэг асуудал. Дээр нь хэрэг  их удаж байна. Энэ бүхэн зөвхөн  тагнуултай холбоотой. Тэгэхээр Монголын тагнуулд асуудал байна гэсэн үг.

-Яагаад?

-Үүнийг ойлгуулахын тулд тагнуултай холбоотой тодорхойлолтыг олон улсын зэрэглэлээр нь хэлье л дээ. Тагнуул гэдэг нь  мэдээлэл, тодорхой үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт гэсэн гурван хэсгээс бүрддэг. Манайд мэдээлэл нь бол байгаа. Бүр хангалттай бий. Тийм их мэдээлэлтэй хэрэг Монголд  байсангүй. Хэд, хэдэн ботиороо мэдээлэл цугласан. Одоо харин  тодорхой үйл ажиллагааг тодорхойгүй болгочихоод байна. Эцэст нь  бүтэц зохион байгуулалт гэсэн хэсэг бий. Бүтэцэд  гадны субьект оролцсон учраас үр дүн бүрхэг боллоо. Миний мэргэжил тагнуул учраас би ингэж  л дүгнэдэг.Тагнуул оролцож байж, хэрэг бүртгэл бий болж байж, мөрдөн байцаалт өргөжиж байж, тэрийг нь прокурор хэрэгт дүйцэж байгаа, эсэхийг хянаж байж шүүх хурал хуралддаг. Энэ зураглалаар харвал,  бүх юм болчихсон  шиг харагдаад байгаа. Гэтэл үнэн гэж  юм бий. Үнэн алдагдаж байна. Үнэн алдагдахаар үр дүнгийн зураглал өөр болчихдог. Асуудал ийм л байна. Тэгэхээр хэзээ ч энэ асуудал сэргэнэ. Сая би чамд  тагнуулын тухай олон улсын тодорхойлолтыг хэлсэн. Одоо  тусгай албад ямар байдгийг хэлье. Тусгай алба  төгс байх ёстой. Энд бодит юм бодитоороо л явна. Бодит юмыг бий болгох гэж хиймэл зүйл хийдэг. Түүнээс хиймэл зүйлийг бүрдүүлэх гэж бодит байдлыг ашигладаггүй. Тэр хооронд ялгаа бий. Шуурхай байх ёстой. Энэ байдал алдагдсан. Иймэрхүү байдалд бүтэн 20 жил болж байна. Алдах  эрхгүй гүйцэтгэлтэй байх ёстой. Гүйцэтгэлд алдаа гарсан. Туйлын чанд сахилга баттай байх ёстой.Ингэж байж  нууц алдагдахгүй. Бүх юм алдагдсан учраас нууц ч бас алдагдсан.

-Тэгэхээр  хэрэг хэзээ нэгэн цагт жинхэнээрээ илэрнэ гэсэн үг үү?

-Энэ хэргийг хэдэн хүн “Шүүх хурал болчихсоон, хуулийнхаа  дагуу явчихсаан” гэж хэлж  байгаа бол “Үгүй” гэдэг нууц бол түмэн хэсэг рүү бутарчихсан. Тийм учраас энэ хэрэг хэзээд илэрнэ. Хэн хэнийг ч хуурч болно. Үнэн бол хүчирхэг. Ийм л энгийн юм. Тэгэхээр яагаад илрэхгүй байна гээд байх биш, нэг талаараа таагүй харагдаж байгаа боловч Монголын бүх болдоггүй зүйл  энд  орчихсон. Тэгээд манай хөгжилд ч, ухамсарт ч,  үнэн байдалд ч  маш хүчтэй нөлөөлнө. Энэ талаараа хувьсгалд ч нөлөөлж болно. Ийм болно гэж би бодоогүй. Би өмнө нь нэг ярилцлагадаа “С.Зориг маань үхэхдээ хүртэл нийгмийг өөрчилж байна” гэж хэлж байсан. Гэтэл түүх нь хүртэл нийгмийг өөрчилж байна. Гайхалтай буянтай хүн юм.

-С.Зориг агсныч  эхнэр Б.Булган гэрч үү, эсвэл…?

-Хараагүй, сонсоогүй л бол гэрч биш шүү дээ. Гэтэл тэр хүн “Гурван хүн үүнд оролцоогүй” гэдгийг хэлсэн  байна. Түүнд хүндэтгэлтэй хандах ёстой. Дээр нь монголчууд хүлээцтэй хүмүүс.  Хүлээцтэй байдаг зүйл нь ердөө энэ. Хэрэг илэрснээрээ Монголын ёс суртахуунд асар том үнэлгээг өгсөн, сургамж үлдээсэн асуудал бий болно.

Гэхдээ шүүх гурван хүнийг  “Алуурчин мөн”  гээд яллачихсан шүү дээ?

-Шүүх мөн болгосон учраас бид нэг хэсэгтээ “мөн” гэж явахаас аргагүй. Гэхдээ тэглээ ч “тэглээ” гэж хүлээж авдаггүй цорын ганц байгууллага нь бас тагнуул шүү дээ.

-С.Зоригийг амиа алдахад ардчиллынхан таныг дуудсан уу? 

-Би тэр үед АНУ-д байсан. Хоёр жилийн дараа ирээд  энэ талын мэдээллийг хамгийн түрүүнд авсан.  Тагнуулын байгууллагынхан, цагдаагийнхан надтай уулзаад “Ажлын хэсгийг удирдаж авч яваач” гэсэн хүсэлт тавьсан. “Гурван өдөр цоожлоодохъё” гэдэг чинь тэр үед тийм их мэдээлэл цугласан гэсэн үг. Мэдээллийг гурван өдөр уншдаг байсан тухайн үед. Тэгээд чи саналаа дэвшүүл гэсэн. Би татгалзсан. Нөгөөтэйгүүр, тэр үед хэрэг илэрчихсэн байсан. Сэжим  нь  тодорхой байсан учраас “Та нар болгочихсон байна шдээ. Би оролцоод яах юм бэ. Хүний хийчихсэн юман дээр орохгүй” гэсэн. Огт юу ч хийгээгүй, цагаан цаас байсан бол оролцолгүй яах вэ. Энэ хорвоод илэрдэггүй хэрэг гэж байхгүй шүү дээ. Тагнуул гэдэг тэр чигээрээ урлаг.

-1998 оны аймшигт аллагын дараа  Э.Бат-Үүл яагаад “Энэ хэрэгт МАХН огт оролцоогүй шүү” гэж мэдэгдсэн юм бол?

-Тэр хүн анхнаасаа л МАХН-ын Оросоос ирсэн групптэй холбоотой байсан. Тэр группын зорилго нь МАХН унах гэж байна гэж  айсан. Тэдний операцийн нэр нь “Хувьсгалт намыг аврах”, түүндээ АН, сөрөг хүчнээс хоёр хүнийг сайд болгох байсан. Тэрүүгээр нь л болсон. Түүнээс нээх сайхан сэтгэл гаргаад сөрөг хүчнээ Засгийн газарт оруулъя гэсэндээ биш. Энэ бол технологи. Тэгээд үүрэг өгсөн, эхлүүлсэн, ингээд хоёр нам дээд удирдлагадаа нэгдмэл байдалтай байсан. Хоёулаа большвек загвартай. Өнөөдөр томъёолоод байгаа МАНАН гэдэг чинь  энэ л дээ. Тэгээд тэр  хүмүүс л олигархиуд болсон.

Үргэлжлэл бий…

Эх сурвалж: news1.mn Ч.Ариунганга

SHARE