Захирал Г.Бум-Эрдэнэд авлига өгсөн хүмүүс нь УИХ-ын гишүүн, БСШУСЯ-ны ажилтнууд байжээ

АТГ-аас нийслэлийн Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг бусдаас авлига авсан хэрэгт буруутган саатуулан шалгаж байгаа юм.

Нийслэлийн Нэгдүгээр сургуульд хүмүүс хүүхдээ оруулахын тулд захиралд нь авлига өгдөг асуудал ийнхүү хуулийн байгууллагад анх удаа шалгагдаж эхлээд буй нь энэ юм. Захирал Г.Бум-Эрдэнэд авлига өгсөн хүмүүс төрийн томоохон байгууллагуудын удирдах албан тушаалтнууд байгаа аж.

Тодруулбал, УИХ-ын гишүүн, БСШУСЯ-ны албан тушаалтан, Нийслэлийн нэгэн агентлагийн нэр бүхий албан тушаалтнууд байжээ.

Уг авлигын хэрэгт зөвхөн захирал Г.Бум-Эрдэнэ холбогдогдоод зогсохгүй авлига авах нөхцлийг бүрдүүлсэн боловсролын байгууллагын хэд, хэдэн албан тушаалтан байгаа аж. Нэр дурдвал, Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтсийн бага боловсрол хариуцсан мэргэжилтэн М, 32 дугаар сургуулийн захирал М, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын дэд захирал О нар захирал Г.Бум-Эрдэнэтэй үгсэн тохирч хамран сургах тойргийн бус хүүхдүүдийг Нэгдүгээр сургуульд элсүүлэх, шилжүүлэн суралцуулсныхаа төлөө эцэг, эхээс удаа дараагийн үйлдлээр хахууль авсан гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж.

АТГ-аас зөвхөн эдгээр албан тушаалтнуудыг шалгаад зогсохгүй нийслэлийн Засаг дарга С.Батболдод анхааруулах зөвлөмжийг хүргүүлсэн байна. Зөвлөмжид авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгах, дахин энэ төрлийн гэмт хэргийг үйлдүүлэхгүй байх, албан хаагчдын ёс зүйг дээшлүүлэх чиглэлээр тодорхой ажлууд зохион байгуулах, мэдэгдэлд нэр дурдагдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаанд хариу мэдэгдэхийг хүсчээ.

Эх сурвалж: news1.mn Б.ЗАЯА

SHARE