Хабиб Нурмагомедовын дараагийн тулаанд 50 сая ам.доллар амлав

 

UFC-гийн хөнгөн жингийн дэлхийн аварга, 27 тулаанд 27 ялалт байгуулсан Оросын тамирчин Хабиб Нурмагомедов дахин тулаан хийвэл 50 сая ам.долларын урамшуулал хүртэх боломжтой гэнэ.

TMZ-д өгсөн ярилцлагадаа Хабиб Нурмагомедовын менежер Али Абдель-Азиз “Хэрвээ 50 сая ам.долларын урамшуулал олгоно гэвэл Хабиб дараагийн тулаанд гарч болно. Тэрнээс түүнийг хэт доогуур үнэлж, Конороос хавьгүй бага мөнгө өгч байна” гэж мэдэгдсэн юм.

UFC-гийн ерөнхийлөгч Дэн Уайтаас 50 сая ам.доллар Хабиб Нурмагомедовт амлаж тулаан зохиох боломж байгаа эсэхийг нэгэн сэтгүүлч асуухад “Боломж байлгүй яахав. Тэд ч гэсэн ийм боломж бий гэдгийг мэднэ. Тэгэхээр асуултынхаа хариултыг тэд мэдэж байгаа гэсэн үг” хэмээн өчжээ.

Хабиб Нурмагомедов аравдугаар сарын 6-нд Конор Макгрегорыг боох мэхээр ялсан ч тулааны дараагаар октагон даван харайж ирланд тулаанчийн бэлтгэл хангагчтай нударга зөрүүлсэн хэргийн улмаас 2 сая ам.долларын урамшууллаа хүртээгүй байгаа юм.

Одоогоор Хабиб Нурмагомедовын дараагийн өрсөлдөгч хэн байхыг товлоогүй байна.

news1.mn

SHARE