Уэйн Руни Английн шигшээд дахин тоглоно

 

33 настай Уэйн Руни энэ сарын 15-нд “Уэмбли”-д болох Англи-АНУ-ын нөхөрсөг тоглолтод оролцохоор болжээ. Түүнийг Английн Хөлбөмбөгийн холбооноос албан ёсоор  урьсан байна. “Гурван арслан”-гийн төлөө 119 тоглолтод гарч 53 гоол оруулсан түүхэн шилдэг мэргэн буучийг хүндэтгэлтэйгээр шигшээ багаас үдэх ёстой гэж үзжээ.

Энэхүү нөхөрсөг тоглолтоос ойролцоогоор 500 мянган паундын орлого олно гэж тооцож буй бөгөөд бүх орлогыг хүнд хэцүү амьдралтай, өвчтэй хүүхдүүдэд тусалдаг Wayne Rooney Foundation-д хандивлана.

“Гарет Саутгейт болон Английн Хөлбөмбөгийн Холбооны урилгыг хүлээн авч, маш их баярлаж буйгаа илэрхийлье. “Уэмбли”-д дахиад гарна гэхээр сэтгэл их догдолж байна. Мөн миний сайн үйлсийн сангийн ажилд их дэм болж буйд баярлалаа” гэж Уэйн Руни өгүүлжээ.

Уэйн Руни өнгөрсөн ДАШТ-ий урьдчилсан хэсгийн тоглолтын үеэр шигшээ багийнхаа замналыг өндөрлүүлж буйгаа зарласан юм.

Энэ улиралд АНУ-ын нийслэлийн “Ди Си Юнайтед” багийн төлөө тоглож Мэжор лигт 20 тоглолтод гарахдаа 12 гоол оруулсан.

News1.mn Р. Гэгээ

 

SHARE