2018 оны хамгийн аймшигтай таван киног Forbes нэрлэв

 

Forbes сэтгүүл хэллоуинтэй холбогдуулан энэ оны хамгийн аймшигтай таван киног нэрлэлээ.

Жагсаалтыг Ари Астерийн зохиож, найруулсан Hereditary тэргүүлжээ. Тони Коллетт, Габриэл Бирний гол дүрийг нь бүтээсэн тус кинонд нэгэн эмэгтэйн үхлийн дараагаар тэр гэрт ээлж дараалан учир нь үл тайлагдах аймшигт явдлууд гарч буй талаар өгүүлдэг. Ердөө 10 сая ам.доллараар бүтсэн энэ кино одоогоор 80 сая ам.долларын орлого олоод байгаа юм.

Аман хүзүүнд Жон Красинскийн найруулсан A Quiet Place кино бичигдлээ. Эмили Блант болон найруулагч Жон Красински өөрөө гол дүрийг нь бүтээсэн уран зөгнөлт, триллер жанрын тус кинонд алс бөглүү нэгэн фермд хоёр хүүтэй айл амьдран суугаа талаар өгүүлдэг. Бусад хүмүүсийн амьдралаас ялгарах, онцгойрох зүйл огт үгүй мэт өнгөц харагдавч энд дуу чимээ бүрийг мэдэрдэг аймшигт мангас амьдардаг ажээ. Тиймээс тэр гэр бүлийнхэн үргэлж дуу чимээ гаргалгүй хоорондоо харилцахаас өөр аргагүйд хүрдэг байна.

Жагсаалтын гуравдугаарт, найруулагч Бутс Райлигийн бүтээл Sorry to Bother You орлоо. Хэдийгээр инээдмийн киноны төрөлд хамаарах ч найруулагчийн ажлыг мэргэжилтнүүд хамгийн “зэвүүн” гэж дүгнэснээр инээдмийн төрлийг эмгэнэлт аймшигт байдалтай хольж чадсан гэж үзжээ.

Дөрөвдүгээр байрт Дэвид Гордон Гриний Halloween жагсав. Жейми Ли Кёртисийн гол дүрийг нь бүтээсэн аймшгийн жанрын тус кинонд хар хүчийг буудаж, галдсан ч гэсэн эргээд ирдэг зүй тогтлыг харуулжээ.

Айргийн тавд Алекс Гарлендийн найруулж, Натали Портманы гол дүрийг нь бүтээсэн аймшиг, уран зөгнөл, триллер зэрэг олон жанрт зэрэг багтаж болох Annihilation бичигдлээ. Дэлхий дээр жижиг солир унаснаар их өөрчлөлтийн шалтгаан болж буйг харуулдаг.

news1.mn

 

SHARE