Фламини Озил нар дэлхийн эрчим хүч, түлшний зах зээлд ШИНЭ тоглогч болно

 

Матье Фламини Месут Озил нар долоо хоногийн дараа буюу арваннэгдүгээр сарын 6-нд дэлхий нийтэд тун хэрэгтэй зүйлийн талаар танилцуулга хийх гэж буйгаа зарлалаа. Яг юу болохыг нь задлаагүй ч “Маш онцгой зүйл” гэж тодотгосон юм.

Матье Фламини бол “Дэлхийн хамгийн баян хөлбөмбөгч” гэх тодотголтой нэгэн. Арваад жилийн өмнөөс нефтийн бүтээгдэхүүнийг орлох хэмжээний турмалин хүчил гаргаж авах ажилд ханцуй шамлан орж, бизнес экологийн салбарт ихээхэн амжилт олжээ.

Мөдхөн Аргентинд болох Их 20-ын уулзалтад оролцож, илтгэл тавихаар зэхэж байгаа юм билээ.

Матье Фламини 2008 онд найз Паскаль Гранатынхаа хамт GF (Granata-Flamini) Biochemicals эрчим хүч боловсруулах компанийг байгуулсан юм. Энэ нь турмалин хүчил-цагаан талст бодис үйлдвэрлэлийн дэлхийн анхны компани болсон. Одоо тус компанийн бүтээгдэхүүнийг эм найруулга, автомашины шингэн үйлдвэрлэлд маш их хэмжээгээр хэрэглэж байна. Ирээдүйд түлшийг ч орлох хэмжээний бүтээгдэхүүнийг бий болгохоор ажиллаж байгаа ажээ.

2015 онд Фламини анх удаагаа өөрийн ажлын явж, амжилт, ирээдүйн зорилгынхоо талаар мэдээлсэн. Дэлхийн эрчим хүч, биотүлшний цоо шинэ салбар бий болгож, нэг ёсондоо нээлт хийж яваа гэж ойлгоход буруутахгүй юм.

2016 онд Фламинигийн компани Америкийн экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Segetis Inc-ийг худалдан авснаар үйлдвэрлэлийн хүчин чадал нь эрс нэмэгдэж, нано-түлшний салбар дахь нөлөөгөө батжуулсан юм.

Сүүлийн хэдэн жилийн турш Фламини дэлхийн эдийн засгийн манлайлагчдын тоонд нэрлэгдэж байна. BBC-гээр шинэ түлшнийхээ тухай ярьж, Financial Times-д томоохон ярилцлага өгч нүүрийг нь чимэх зэрэг нь түүний амьдралын жирийн хэмнэл болжээ. Мөн 2024 оны Парисын олимпийн наадмын Экологийн хороог удирдаж байна.

Өнгөрсөн тавдугаар сард Дэлхийн Эдийн засгийн чуулганд  дэлхийн шинэ манлайлагчдын төлөөлөгчдийн хувиар илтгэл тавьсан. Долоо хоногийн өмнө л гэхэд Европын Холбооны Экологийн асуудал хариуцсан хорооны хуралд уригдан, шинэ түлшнийхээ талаар мэдэгдэл хийжээ.

Фламини хөлбөмбөгийн хүрээнийхнээ ч ажилдаа татан оруулсаар байгаа.  Месут Озилоос гадна Томаш Росицки, Аарон Рэмзи, Франсеск Фабрегас, Гаэль Клиши, Лоран Косьелни гээд “Арсенал”-ын андуудаа тэр шинэ төсөлдөө соронзон мэт татаж, хамтран ажиллаж эхлээд байна. Ийнхүү Фламини найз нарынхаа хамтаар дэлхийн эрчим хүч, түлшний зах зээлд шинэ хүчтэй тоглогч болж байна.

news1.mn Р.Гэгээ

SHARE