МАНГАР БАЦААН

УИХ-д, ер нь төрд хувийн компаниараа овоглосон хүн олширсон. Тоолох юм бол цаг, цаасны гарз болно.

Харин тэд ингэж сүрэглэх тусам төрд, ард түмэнд гай болох шинжтэй. Эхнээсээ ЖДҮХС-г цөлмөсөн нь ил болж байна.

Тэдний нэг “Оргил”-ын Ганбаа гэж УИХ-ын гишүүн байдаг. Бүтэн нэр нь Ж.Ганбаатар л даа. УИХ-ын гишүүн болоод хоёр жил болж байгаа залуу л даа. Гэвч сүүлийн нэг жилд ааш аяг нь дийлдэхээ болиод, хамартаа баас түрхчихсэн юм шиг ярвайсан нөхөр Төрийн ордонд таахалздаг боллоо.

Улстөрчдийг ч, сэтгүүлчдийг ч “дээрээс хардаг” болчихов. Мөнгөтэй хүнд хүн жижиг харагддаг байж болно. Гэхдээ энэ “Оргил”-ын Ганбаа гэдэг нөхөр эрэмбэ дараагаа гадарлах ёстой юм. Тэрийгээ мартчихаад байна. Байсгээд л хүнтэй маргана. Улс төрд маргаж л байдаг. Хэрэлдэж л байдаг. Гэвч “Оргил”-ын Ганбаагийн маргалт, хэрэлдэлт огт өөр.

Гишүүдээ тасхийтэл загначихна. чи юу юм, би мэдэж байна гээд л. Хэд хоногийн өмнө Байнгын хорооны хурал дээр Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг байж суухын аргагүй болтол зандарч байна аа. Та хаана орж ирчихээд байгаагаа бодоорой. Эсвэл би гарах юм уу гэж томроод л…

Ингэдэггүй юм, “Оргил”-ын Ганбаа?!

Н.Баяртсайхан гэдэг чинь одоо л долларынхаа ханшийг алдаж, улсыг ард түмнийг сөхрүүлсэн “хэрэг”-т унасан Монголбанкны ерөнхийлөгч болчихоод байгаагаас биш, “Оргил”-ын Ганбааг худалдагч хийгээд явж байхад Төрийн ордонд хууль батлаад явж байсан нөхөр байгаа юм. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, Сангийн сайд Н.Баяртсайхан шүү.

“Оргил”-ын Ганбаа өчигдөр /2018.10.29./ бүлгийнхээ хурал дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хэрэлджээ. PR-чид нь энэ тухай цахим сүлжээгээр бахархалтайгаар мэдээлж байна. У.Хүрэлсүх бол Монголын топ улстөрчдийн нэг. Хүссэн хүсээгүй энэ улсын алдаа онооны эзэн нь тэр хүн.

“Оргил”-ын Ганбааг дэлгүүрээ ч нээж амжаагүй байхад У.Хүрэлсүх улс төрийн хаалгаар яваад орчихсон байсан юм. У.Хүрэлсүхийн улс төрийн түүх “Оргил”-ын Ганбаагийн “Оргил” дэлгүүрээс ч урт гээд бод доо.

“Оргил”-ын Ганбаа өнөөдөр Жижиг дундын хуулийн өөрчлөлтөөр улс төр хийгээд сүйд. Тэр хуулийг Н.Баяртсайхан, У.Хүрэлсүх нар л баталсан юм ш дээ. Тэрийг“Оргил”-ын Ганбаа аягүй бол мэдэхгүй.

Ер нь тэгээд улс төр, наймаа хоёр тэс ондоо юм байгаа юм. Улс төрд удаагүй ч айхтар партнёр болж, бүлэг үүсгэсэн хүмүүс “Оргил”-ын Ганбааг яагаад замаасаа гээдэг вэ. “Оргил”-ын Ганбаа өөрөө энийгээ бодох ёстой юм байна лээ шүү.

За тэгээд, “Оргил”-ын Ганбаа хамаагүй бурж байгаад Ерөнхий сайдад “Мангар бацаан” гэж загнуулж байна лээ. Ерөнхий сайд харин ч зөөлөн хэлсэн байна. Нэг намынх юм болохоороо “Оргил”-ын Ганбааг хайрласан бололтой юм. Тээр жил Гарьдхүүгийн Баярсайханыг ширвэдэг шигээ ширвэсэн бол “Оргил”-ын Ганбаа яах байсан бол…?

Эцэст нь хэлэхэд, улс төр гэдэг чинь арми шиг эрэмбэтэй байдаг юм. Мангар бацаан ч гэсэн үүнийг мэдрэх л ёстой юм, уг нь.

Эх сурвалж: news1.mn Д.Бат-Очир

SHARE