“Охины минь цогцсыг бидэнд харуулаагүй”

 

“Монгол модель” агентлагийн загвар өмсөгч, 22 настай Ч.Чамин-Эрдэнэ аравдугаар сарын 25-нд нас барсан тухай мэдээлэл цацагдсан. Боловсрол суваг телевизийн “Mongolia’s next top model” нэвтрүүлэгт оролцож олны танил болсон бүсгүйн зуурдаар нас барсан явдал олон нийтийг цочроогоод байгаа билээ. Талийгаачийг амиа хорлосон, хэн нэгэн хөнөөсөн гэх хоёр үзүүртэй сэжиг таамаг ард иргэдийн дунд яригдсаар байна.

Хан-Уул дүүргийн “Хурд” хорооллын “Кэй Эйч” апартментийн гэрийнхээ хажуугийн орцны 11 дүгээр давхраас Ч.Чамин-Эрдэнэ унасан гэж мэдээлж байгаа.

Яагаад ч юм “11 дүгээр давхар руу ганцаараа гарч буй хяналтын камерийн бичлэг бий” гэх мэдээллийг олон нийтэд эхэлж цацлаа. Энэ нь амиа хорлосон гэх ойлголтыг шууд төрүүлэх гэсэн өгөгдөл байхыг үгүйсгэх аргагүй юм. Гэхдээ хэргийн газар яг юу болсон, хэн нэгэн этгээд хүч хэрэглэсэн эсвэл шаардан тулгасан, айлгаж сүрдүүлсэн байхыг мөн үгүйсгэх аргагүй.

Талийгаачийн ар гэрийнхэн болон найз нөхөд түүнийг амиа хорлох хүн биш гэх мэдээллийг өгч байгаа гэнэ.

Талийгаачийн ээж Г.Чимгээ “Бидэнд охины цогцсыг харуулаагүй. Зургаас харахад нүүр нь цэвэрхэн, ам нь эцсээ хүртэл том ангайсан, царай нь цонхийсон байсан. Их айж сандарсан гэмээр харагдаж байсан. Мөн хоёр өгзөгнийх нь арьс зулгарсан, футболкны баруун мөрөн дээр толбо болсон, цамцных нь зүүн тохойн хэсэг иртэй зүйлээр зүссэн мэт урагдсан гэж харсан. Охиныг маань чирсэн гэж бодож байна” гэсэн юм.

Талийгаачийн хамаатан Т гэгч “Чамин-Эрдэнэ яавч амиа хорлох хүн биш гэдгийг баттай хэлнэ. Амиа хорлоогүй гэдгийг хэлж чадна. Түүнийг амиа хорлосон гэж мэдэж бичсэн эх сурвалж маш сонин санагдаж байна. Алуурчин амьд яваа гэдгийг хэлье” гэжээ.

Талийгаачийн цогцсыг задлан шинжилж 21 хоногийн хугацаанд үхлийн шалтгааныг нарийвчлан тогтоох юм байна.

Олон нийтийн сүлжээнд энэ хэрэгтэй холбоотойгоор ард иргэд өөр өөрийн таамаглалаа дэвшүүлсээр байна.

  • “Яасан гэж ийм зорилго зорилттой амьдарч байсан хүн амиа хорлох үйлдэл хийх юм бэ”
  • Амиа хорлосон юм бол утас, гэрийнхээ түлхүүрээ атгаж мөн уруулаа яах гэж будах юм бэ? Яах гэж?
  • Мэдээж, алуурчид мөр үлдээхгүй. Цахилгаан шатанд цуг явахгүйгээ тэнэг хүн ч мэднэ.
  • Ямар царайлаг охин бэ? Харамсалтай байна. Хэт царайлаг охид бусдын атаа жөтөөнөөс хол байхгүй бол хорон муу санаатай атаачид яаж ч мэднэ. Алуурчныг олж шийтгэх хэрэгтэй…
  • Монголын загварын ертөнцийн нүүр царай байсан юмсандаа…

 

 

SHARE