Дональд Трампыг шүтэн бишрэгч Жаир Болсонару Бразилын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо

 

Бразилын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд хэт барууны үзэлт Жаир Болсонару 55 хувийн санал авч ялалт байгууллаа. Түүний өрсөлдөгч Зүүний Хөдөлмөрийн намаас нэр дэвшигч Фернанду Аддад 45 хувийн санал авчээ.

Бразилын шинэ Ерөнхийлөгч 2019 оны эхний өдөр тангараг өргөж, ажлаа авах юм. Жаир Мессиас Болсонару 1955 онд Сан-Паулуд төрсөн. Дэлхийн хоёрдугаар дайны үед Италиас дүрвэгчдийн үр удам ажээ.

Залуу насаа цэрэг армид зориулж, ахмад цол хүртсэн байна. 1988 онд армиас гарч, улстөрчийн замналаа эхлүүлжээ. Анх Рио-де-Жанейро хотын зөвлөлд сонгогдсон юм.

Болсонару хэт барууны үзэлтэйн зэрэгцээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг шүтэн биширдэг гэдгээ нуудаггүй нэгэн. Түүнийг ялалт байгуулсны дараагаар Дональд Трамп утасдаж баяр хүргэжээ.

Болсонару эмэгтэйчүүдийн тэгш эрхийн эсрэг мөн бэлгийн цөөнхийн эсрэг хурц үгс хэлснээрээ шүүмжлэл багагүй хүртдэг. Нэгэн ярилцлагадаа “Эмэгтэйчүүд эрчүүдээс бага цалинтай байх ёстой. Яагаад гэвэл тэд хэзээ л бол хэзээ жирэмсэн болоод декрет аваад ажлаас гарчихдаг” гэж ярьсан удаатай.

Мөн Цэргийн дарангуйллын үеийн улс төрийн тогтолцоо Бразилд үгүйлэгдэж буй талаар хэд хэдэн удаа мэдэгдээд амжсан ажээ.

Гэхдээ Бразилын ард түмэн түүнийг түүхэн уламжлалт үнэт зүйлийг эрхэмлэдэг, улс орны аюулгүй байдлыг бүрэн хангана гэж итгэдэг байна.

Сонгуулийн кампанит ажлын үеэр Болсонару авлига, хээл хахуульд идэгдсэн улстөрчдийг “цэвэрлэх”, гэмт хэргийн гаралтыг эрс бууруулах тал дээр анхааран ажиллана гэдгээ мэдэгдсэн юм.

“Бохир улстөрчид алдаагаа зөвтгөж, намайг дарангуйлагч гэж харлуулахыг харуулахыг хичээж байх зуур 14 сая хүн ажилгүй, жилд 60 мянган хүн амины хэрэг гарч, 50 мянган хүчингийн хэрэг тэмдэглэгдэж байна. Энэ л ард иргэдийн сэтгэлийг зовоож байгаа” гэж Болсонару мэдэгдэж байв.

Өнгөрсөн есдүгээр сард хутгалуулж хүнд шархдсан тул сонгуулийн сүүлчийн хоногуудад бие нь тааруу, боолттой ч гэсэн ажлаа үргэлжлүүлсэн байна. Түүнийг Бразилын олон алдартай тамирчид дэмжсэний дотор алдарт Роналдиньо, Ривалдо нар байсан юм.

News1.mn Р.Гэгээ

 

 

SHARE