Олон улсын Барын холбооны шагналт өмгөөлөгч Х.Баасанжаргал: Унаач хүүхдийг арилжааны хэрэгсэл болгож байгааг олон улсын хуульчид шүүмжилсэн

Олон улсын хуульчдын нэгдсэн Барын холбооны ээлжит хурал Италийн ром хотноо энэ сарын эхээр болж өндөрлөсөн. Энэ хурлын үеэр “Про-боно хуульч” буюу “Үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлсэн оны шилдэг хуульч” шагналыг монгол өмгөөлөгч, өмгөөллийн “ИЭлСи” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн гишүүн Хүрэлбаатарын Баасанжаргал хүртсэн баярт үйл явдал тохиосон билээ. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Эрхэм хүндтэй шагнал хүртсэнд баяр хүргэе?

-Мэдээж маш их баяртай байна. Одоо хүртэл шокноосоо гараагүй л явна /инээв/.

-Про-боно шагналын талаар ярихгүй юу?

-Олон улсын Барын холбооны гурван төрлийн шагнал байдаг. Про-боно хуульч буюу мэргэжлийнхээ үйл хэргийг нийтэд тустай байдлаар үйл ажиллагаа явуулсан хуульч, хоёр дахь нь өсч яваа сайн залуу хуульчид олгодог, гурав дахь нь хүний эрхийн төлөө сайн ажилласан хуульчид олгодог гурван төрлийн шагналтай. Өнгөрсөн жилийн хурлаас харахад эдгээр төрлүүдэд олонх нь залуус шалгарсан. Тэднийг харахад хийсэн ажил ихтэй бахархмаар, цаанаасаа сүрдмээр жавхаатай. Тэднээс эрч хүч аваад, би Монголдоо очоод тэгж ажиллана даа гэж бодогдож ирсэн. Олон улсын Барын холбоо “Шилдэг про-боно хуульч”  шагналыг 2013 оноос олгож эхэлсэн. Мэдээж байгууллагын гол үндсэн чиг үүрэг нь хуульчид өөрсдийгөө хөгжүүлэхэд чиглэсэн. Гэхдээ эргээд хуульчид өөрсдөө нийгэмд ямар эерэг өөрчлөлт гаргаж байх юм бэ, яаж нөлөө үзүүлж байх вэ гэдгийг дэмжих зорилгоор энэ шагналыг анх бий болгосон гэдэг. Хүний эрх яаж зөрчигдөж байна, түүнтэй хуульч хүн мэргэжлийн түвшинд яаж нүүр тулах вэ, яаж ажиллах вэ гэдгийг бусдад үлгэр жишээ болгох, бусад улс оронд сигнал өгөх зорилготой шагнал.

-Энэ төрөлд олон хуульч өрсөлдсөн гэв үү?

-Миний сонссоноор 100 гаруй хуулчид өрсөлдөн гэж сонссон. Надад шилдэг долоон хуульчийг шалгарууллаа гэсэн мэдээллийг ирүүлдэг юм билээ. Энэ шилдэг долоон хуульчид хэн бэ ямар бүтээл ирүүлэв ээ гэдэг нь бас нууц. Тэр долоогоос шалгарсан хүнийг хурлын эхний өдөр зарладаг. Маш нууцын зэрэгтэй үйл ажиллагаа байсан. Шилдэгт шалгарсан долоон хуульчийн хувьд мундаг хүмүүс байсан. Англи, Шинэ Зеланд, Австралиас гэх мэт. Тэдний хийсэн бүтээл, сайн дурын чиглэлээр ажилласан туршлага 17, 18, 25, 30 жилийн түүхтэй. Энэ мундаг хүмүүсээс би сүрдсэн.

Хамгийн гол нь миний кейс олон улсын хуульчдын анхаарлыг татсан. Нөгөө талаар манай хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд маань маш тодорхойлолттой захидлуудыг Хуульчдын холбоонд өгсөн. Тэд нараас ирсэн захиа маш чухал нөлөө үзүүлсэн юм болов уу. Хэн нэгний эрх ашиг олон зүйлээс хамаараад маш олон зүйлийг өөрчилж чадах юм байна гэдгийг харлаа.

-Хурдан морины унаач хүүхдийн эрхийн асуудал. Монгол Улс дахь хүүхдийн эрхийн ноцтой зөрчлүүдийн нэг энэ асуудал яах аргагүй мөн. Хүүхдийн эрхийг хамгаалагч төрийн бус байгууллагууд хүчтэй тэмцэж Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгуулж чадсан. Ард нь та байж ээ?

-Хурдан морь унаач хүүхдийн эрхийг хамгаалах асуудал дээр манай хуулийн фирм сүүлийн хоёр жил ажиллаж байна. Мэдээж би энэ хэрэг дээр би ганцаараа ажиллаагүй, олуулаа ажиллаж байгаа. Бид хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллага явуулдаг долоон төрийн бус байгууллагатай хамтарч ажилласан.

Монголын Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 2015 оноос өөрчлөгдөж нийтийн эрх ашгийг яаж хамгаалах вэ, ямар нэхэмжлэл гаргах вэ гэдэг нь тодорхой болсон. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага нэхэмжлэл гаргана. Гэхдээ тус байгууллага нь тогтвортой, 3-аас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргах замаар нийтийн эрх ашгийг хамгаална гэж тодорхой заалттай болсон. Тэр хүрээнд унаач хүүхдийн асуудлаар хоёр төрийн бус байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргачихсан байсан. Манайх тэдгээр байгууллагад анх санал тавьсан. “Бид өмгөөлөгчөөр ажиллая. Та нарт тусалъя. Энэ ажлыг мэргэжлийн түвшинд хууль шүүхийн байгууллагад гомдол санал бичье. Мэргэжлийн түвшинд тусалъя” гэсэн санал тавихад төрийн бус байгууллагууд дуртай зөвшөөрсөн. Мөн дээр нь таван төрийн бус байгууллагыг нэмсэн. Учир нь хүүхдийн эрх гэдэг зөвхөн эрүүл аюулгүй орчинд амьдрахаас гадна сурч боловсрох, эрүүл мэндээ хамгаалуулах гээд маш олон эрхийн зөрчил унаач хүүхдүүдэд байдаг. Тэгэхээр төрийн бус байгууллагууд боловсролын чиглэлээр, эрүүл мэндийн чиглэлээр гэх мэт төрөл төрлөөр олуулаа ороод түүнд бид дүн шинжилгээ судалгаатай оролцохыг тулд олон төрийн бус байгууллагыг хамруулсан. Үнэхээр сурч боловсрох эрх нь хэдэн хувь нь яаж зөрчигддөг юм бэ, ямар хичээл сургуулийг хэддүгээр ангиасаа завсарддаг болох, тэр нь эргээд яаж нөлөөлдөг, цаашлаад сургуульдаа сурдаг уу, үгүй юм гэх мэт. Энэ судалгааг боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд маш сайн хийчихсэн байдаг. Мэдээж өмгөөлөл маань дажгүй сайн амжилттай, гэхдээ дуусаагүй. Маргаан эцсийн байдлаар дуусаагүй байгаа. Гурван шатны шүүхийн шийдвэр гарчихсан. Засгийн газар 2008 оноос хойш албан ёсоор өвөл хаврын улиралд хурдан морины уралдааныг зохион байгуулах тогтоол гаргадаг болсон. Үе, үеийн тогтоол хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж байгаа тогтоол мөн гэдгийг шүүхээр тогтоолгосон. Хамгийн том амжилт энэ. Нэгэнт шүүхийн шийдвэр гарчихаж байгаа учраас Засгийн газрын зүгээс түүнээс хойш ямар нэгэн тогтоол гаргаагүй. Гэвч нөгөө талаар уяачдын холбоо зэрэг байгууллага өөрсдөө сайн дураараа уралдааныг зохион байгуулаад эхэлсэн. Үүний эсрэг бид яаж ажиллах вэ гэхээр, Засгийн газар өөрөө ямар нэгэн байдлаар нэгдсэн хэмжээгээр өвөл, хаврын цагт уралдаан зохион байгуулахыг хориглосон шийдвэр гаргах хэрэгтэй байгаа юм. Энэ чиглэлээр бид дахиад ажиллаж эхэлсэн. Тэгж байж бид хүүхдийн эрхийг хамгаална. Эс тэгвэл цоорхой үлдчихдэг, дахиад л хүүхдийн эрх зөрчигдөж эхэлнэ.

-Өмгөөллийн явцад гарч байсан кейсээсээ дурдаач. Тухайлбал, хүүхдийн эрхийн ямар факт гарч ирж байв?

-Шүүх дээр маргахын тулд бид нотлох баримт цуглуулна. Засгийн газар, Морин уяачид спортын холбооноос хүүхдүүд ямар нэг эрсдэлд орохгүй, тэднийг бүгдийг даатгуулчихдаг болсон гэж бидэнтэй маргасан. Бид хариуд нь даатгалын байгууллагуудаас бүх баримтыг шаардаж гаргуулсан. Ямар хэмжээний мөнгөөр даатгадаг юм, хүүхэд эрсдэлд орвол хэдэн төгрөг гаргадаг, энэ нь өөрөө даатгалын хамгаалалт болж чадаж байгааг тогтоолгоё гээд шүүх дээр баримт цуглуулаад үзсэн. Тэгэхэд өвөл хүүхэд морь унаж уралдаад хөлнийхөө дөрвөн хурууг хөлдөөгөөд тайруулсан хүүхдэд 800 000 төгрөгийн нөхөн олговор олгоод л өнгөрсөн байдаг. Үүнийг хамгаалалт гэж үзэх үү гэдэг нь өөрөө ноцтой асуудал. Маш ноцтой баримтууд гарч ирсэн. Энэ мэтээр ул суурьтай баримт нотолгоотой үзсэн.

-Унаач хүүхдийн эрхийн асуудалд тулгамддаг гол зүйл нь монгол уламжлалын тухай. Та бүхний өмгөөллийн үйл ажиллагааны явцад ч энэ асуудал тулгарч байв уу?

-Яг энэ тухай шагналын комиссын төлөөлөгч шагнал гардуулах үеэр хэлж байсан. “Уламжлалтай тэмцэнэ гэдэг маш хэцүү. Нөгөө талд нь Засгийн газар байгаа. Хамгийн аюултай нь хүүхдийн эрхийг ингэж зөрчдөг тухай миний санаанд хэзээ  ч буухгүй байна. Ийм жаахан хүүхдээ морь унуулдаг гэж хэзээ ч бодож сонсч байгаагүй. Гэтэл зүгээр нэг морь унуулахгүй, яаж арилжааны хэрэгсэл болгоод байгаа юм бэ гэдгийг сонсоод бид үнэхээр цочирдсон” гэж байсан. Бидний хувьд уламжлал учраас хүлээн зөвшөөрчихсөн юм шиг боловч хүүхдийн эрхийн ямар ноцтой зөрчил вэ гэдгийг том жишээ болсон гэж бодож байгаа.

Би шагналаа авахдаа хэлсэн үгнийхээ төгсгөлд “Хүүхэд бол зөвхөн хайрлагдах гэж хүн төрөлхтөнд ирдэг. Бид ямар нэгэн хариу нэхэх ёсгүй. Эцэг эх нь ямар нэгэн зүйл шаардах эрхгүй. Хүүхэд эцэг эхийгээ тэжээх үүрэг байхгүй. Гэтэл манай энэ уламжлал яаж буруу тийшээ эргээд байгаа юм бэ гэдэг нь маш аймшигтай” гэж.

Нөгөө талаар миний шагнал надад гэхээс нийгэмд маш олон эерэг өөрчлөлт авчраасай гэж хүсч байгаа. Ямар ч байсан хүүхдийн эрх өөрөө ямар чухал юм бэ, энэ үнэхээр хүүхдийн эрхийн зөрчил мөн үү гэдэг дээр маргаж байсан. Энэ бол уламжлал, эрхийн зөрчил биш гэж. Тэгвэл энэ бол номер нэг хүүхдийн эрхийн зөрчил гэдгийг тогтоогоод өгчихлөө. Хоёрдугаарт, манайд Засгийн газрыг шүүх хянаж болохгүй гэж маргадаг болчихсон. Засгийн газар тусдаа эрх мэдлийн байгууллага гэж. Гэтэл Олон улс үүнийг харин Засгийн газрыг шүүх нь хянаж байна гэдэг шүүх эрх мэдлийн Монголын тогтолцоо мундаг байна гэдэг дээр дүн тавьсан гэж бодож байгаа. Гуравдугаарт, Монголын хуульчдын холбоо байгуулагдаад дөнгөж 5 жил болж байгаа залуу байгууллага. Гэвч Монгол Улс бие даасан Хуульчдын холбоотой болоод хуульчид нь нэгдээд дуу хоолойгоо нэгтгээд Засгийн газрынхаа буруу үйлдлийг таслан зогсоож байна гэдэгт бас дүн тавьсан. Тэгэхээр институцийнхээ хувьд хууль тогтоох эрх мэдэл, хууль хэрэгжүүлэх, хянах хуульчдын холбоо мэргэжлийн гэдэг утгаараа дуу хоолойгоо нэгтгэвэл ямар хүчтэй, ямар үр нөлөөтэай байх юм бэ гэдгийг харуулсан гэж би дүгнэж байгаа. Цаашид энэ эерэг өөрчлөлт хүчтэй гараасай гэж хүсч байна.

-Олон улсын Барын холбооны энэ жилийн хурлын онцлог юу байв. Танай хуулийн фирм олон улсын хуралд байнга оролцдог уу?

-Олон улсын Барын холбоо бол дэлхийн хэмжээний үйл ажиллагаа явуулдаг сайн дурын байгууллага. Гэхдээ мэргэжлийн байгууллага гэдгээрээ мэргэжлийн хуульчдыг нэгтгэсэн байгууллага. Дэлхийн 170 гаруй орны хуульчид энэ байгууллагад элссэн. 190 гаруй хуулийн байгууллага гишүүнчлэлтэй. Жил бүр хурал болдог. Энэ жил Италийн Ром хотноо 6000 гаруй хуульч оролцсон өргөн хурал боллоо. Дэлхийн хэмжээний хуульчдыг нэгтгэсэн том арга хэмжээ. Нийтдээ 5 өдөр үргэлжилдэг. Таван өдрийн турш олон салбар хуралдаан хэлэлцүүлэгтэй. Энэ жил таван өдөрт 200 гаруй сэдвээр хуралдаан болсон. Тэгэхээр хуульчид маань өөр өөрсдийн сонирхсон салбар хуралдаандаа суудаг. 200 гаруй сэдэв гэхээр нэг өдөрт 60 гаруй сэдвээр хуралдаан зэрэг өрнөдөг. Би гэхэд өдөрт хоёр хуралд сууж амжсан. Сэдвүүдийг нь харахаар бүгдэд нь суучихмаар сонирхолтой. Мэдээж зарим нь манай улсад хэрэгжих боломжгүй сэдвүүд байна. Би бол өнгөрсөн жилээс явж эхэлсэн. Манай хуулийн фирмийн захирал Баяраа 11 дэх жилдээ энэ хуралд оролцож байгаа.  Монголоос дандаа ганцаараа ордог байсан. Өнгөрсөн жилээс эхлээд олуулаа ордог болсон. Зөвхөн манай фирм гэлтгүй өөр олон хуульч залуус өнгөрсөн жилээс оролцдог болж байгаа. Энэ байгууллага өөрөө олон улсын байгууллага учраас тодорхой үе шаттайгаар улс орны хуульчдад боломж олгодог. Өнгөрсөн жил манай монгол 4-5 хуульчид тэтгэлэг олгосон. Өнгөрсөн жил Монгол, Энэтхэгийн хуульчид тэтгэлгээр оролцож байсан бол энэ жил Өмнөд Африкийн залуус ирж байх жишээтэй.

-Хэлэлцсэн сэдвийн тухайд?

-Хуульчдын холбооны хурал жил бүр нэг сэдэвтэй болдог. Өнгөрсөн жилийн сэдэв бол нийгэмд үүсээд байгаа сошиал мэдээлэл, популизмтэй хуульчид яаж тэмцэх вэ, бодитой мэдээллийг яаж нийгэмд хүргэж байх тухай байсан. Энэ жилийн хувьд хууль тогтоох шударга ёсны тухай байлаа. Нэг номерт хууль байна, хуульт ёс гэдэг нь ямар үнэ цэнэтэй юм бэ гэдэгт хуульчид өөрөө ямар үүрэгтэй оролцох вэ, хуульт ёсыг арчилж хамгаалж тордох юм бол буцаагаад хууль биднийг хамгаална гэсэн сэдэв. Сэтгүүлчдийн хувьд чаддаг зүйл хэвлэл мэдээллээр олон нийтэд мэдээллийг зөв хүргэх явдал чухал. Нөгөө талаар хуульчид бидний хувьд хууль ёсны дагуу шүүхээр хамгаалуулах ёстой бол шүүхэд хандана, Үндсэн хуулийн цэцэд хандах ёстой бол хандана, ХЭҮК-т хандах ёстой бол хандана гэх мэтээр хуулийн ямар арга боломж байна тэр бүхний эрэлхийлэх замаар хүний эрхийн зөрчилтэй тэмцэнэ.

-Нийтийн эрх ашгийг хамгаалах үүрэг хуульч, өмгөөлөгч нарт бий. Гэвч сүүлийн үед тэд энэ үүргээ тэр бүр сайн биелүүлж чадахгүй байгаа юм шиг харагддаг. Та бүхэн энэ тал дээр үлгэр жишээ ажиллаж байгагаагаа харууллааббб?

– Хуульчдын холбооны дэргэд Хууль зүйн үнэ төлбөргүй туслалцаа үзүүлэх төв гэж байгаа. Энэ байгууллагын тайлан судалгаатай танилцвал маш их ажил хийсэн байгаа. Цөөнгүй өмгөөлөгч нар ажилладаг. Бусад хуулийн фирмүүд ч сайн ажилладаг. Гол нь нийгэмд тулгамдаж байгаа асуудал олон байна. Төрийн албанаас хохирол нэхэхтэй холбоотой ажиллаж байгаа хуульчид олон байгаа. Манай хуульчдын чадварыг би маш сайн гэж хэлнэ. Мэдээж сайны хажуугаар саар гэдэг шиг ёсзүйн хувьд тэнцэхгүй, шаардлага хангахгүй, үйлчлүүлэгчээ гомдоодог өмгөөлөгч нар байхыг үгүйсгэхгүй.

Эргээд иргэдийн хувьд эрх зүйн боловсрол муу байгаатай холбоотой. Үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг боллоо гэхэд хууль зүйн зөвлөгөө авч байгаа хүмүүсийг харахад харамсалтай. Залуус гэр бүлийнхээ асуудлыг солонгос киногоор төсөөлдөг болчихож. Хууль эрх зүйн ямар ч ойлголт байхгүй. “Манай эхнэр, нөхөр өөр хүнтэй яваад байна. хэрэв бид салахад хөрөнгөө би авах боломжтой юу” гэх жишээний. Ардчилсан нийгмийн үед эрх, эрх чөлөөний боловсролын талаар суурь ойлголт муутайдаа тэгээд байна уу гэхээр дандаа залуус байгаа нь маш харамсалтай. Тэгэхээр иргэдийн суурь эрх зүйн боловсрол гэдэг нь бага. Наад захын эрхээ хамгаалдаг байвал маш олон асуудал шийдэгдэхээр байгаа юм. Эсрэгээрээ социализмын үед боловсрол эзэмшсэн хүмүүс эрхээ хамгаалахаа мэдээд байгаа юм. Болдог бол ерөнхий боловсролын ахлах анги, оуютнуудад мэргэжил харгалзахгүйгээр наад захын эрх зүйн боловсролын талаар жаахан юм хэлчих юмсан гэж бодоод байгаа.

-Одоо та ямар хэрэг дээр ажиллаж байна. Нийтийн эрх ашгийг хамгаалсан хэрэг дээр дахиж ажиллах уу?

-Манай хуулийн фирмийн зүгээс жилд дор хаяж 2-3 энэ чиглэлийн про-боно ажлыг хийдэг. Зөвхөн иргэн Дорж амьжиргааны түвшин бага учраас өөрийнхөө эрхийг хамгаалж чадахгүй байна. Тиймээс Доржид хуулийн туслалцаа үзүүлье гэж ажиллахаас илүүтэй Доржоор дамжуулаад өөр олон зүйлийг өөрчилж болохоор ажлыг сонгож ажиллахыг хүсдэг. Нэгэнт мэдээж хуульчид үүн дээр цаг заваа зарцуулна, олон хуульч ажиллана. Унаач хүүхдийн эрхийн хэрэг дээр гэхэд 4 хуульчийн баг ажилласан. Цаашид төрийн байгууллага өөр хэн нэгэн бусдын эрхийг зөрчихөөс хамгаалах талаас хэргээ сонгож авч ажиллахыг эрмэлздэг. Энэ хэргээс гадна 100 айлын гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой иргэдийн эрхийг хамгаалах хэрэг дээр ажиллаад дууссан. Тэр иргэд дараагийн шатандаа Хотын захиргаатай гэрээ байгуулаад явж байна.

Бидний дараагийн төлөвлөөд байгаа ажил бол нийгмийн даатгалтай холбоотой асуудал. Бид нийгмийн даатгал төлөөд л байдаг. Тэр дунд эрүүл мэндийн даатгал гэж бас авна. Гэтэл зөвхөн төрийн эмнэлэгт үзүүлдэг, хувийн эмнэлэгт үзүүлэхээр мөнгө төлөх болчихоод байдаг. Энэ маань тогтолцооныхоо хувьд зөв үү буруу юу, нэгэнт бид мөнгө төлж байгаа юм чинь хувийн эмнэлэгт ч адилхан үйлчлүүлдэг, улсын эмнэлэгт адилхан үйлчилдэг байвал нэг талдаа иргэдэд өгөөжтэй. Төрийн эмнэлэгт голдуу хөгшчүүд үзүүлдэг. Залуучууд ажил төрөл гээд цаг зав муутайгаас хувийн эмнэлэгт төлбөрөө төлөөд үзүүлчихдэг. Энэ нь нийгэмд буруу үр дагавар авч ирж байгаа. Улсын эмнэлэг хөгжих хэрэгтэй. Хувийн эмнэлэг ч тэр. Өрсөлдөөд хөгжих ёстой болохоос нийгмийн даатгалаас хамаарч хөгжих ёсгүй. Эрүүл мэндийн салбар хүн бүрт хамаатай салбар. Энэ чиглэлээр ажиллахаар дөнгөж судалж эхэлж байна. Ямар боломж байна, бусад улс оронд ямар жишиг байдаг юм байна, ямар хууль дүрэм журам гарвал нийгмийн даатгалыг үр өгөөжтэй байх талаас судлаад явж байна.

-Та мэргэжлээрээ бахархдаг уу?

-Мэргэжилдээ би маш их хайртай. Ялангуяа өмгөөлөгчөөр ажиллах дуртай. Хуулийн чиглэлээр ажиллах мэргэжил олон. Гэхдээ миний хувьд ерөөсөө өмгөөлөгч болно гэж хүүхэд байхаасаа бодож байгаа. Энэ мэргэжил өөрөө маш их гайхамшигтай. Хүнд бүхэл бүтэн амьдралыг бэлэглэж чаддаг. Энэ мэргэжлийн амтыг 2012 онд мэдэрч билээ. 2012 онд Өршөөлийн хууль гарсан. Тэр үед 16 настай хүү хулгайн хэргээр тав, зургаан жилийн ял авчихсан. Өмнө нь бас давтан үйлдэлтэй. Тэр хүүгийн хувьд анхан шатны хурал нь болчихсон, гэрийнхэн нь найдлагагүй гээд орхичихсон. Хуулийг судлаад үзэхээр Өршөөлийн хуульд тэр хүүг хамруулах боломж надад харагдсан. Хамгийн сүүлд Дээд шүүх дээр Өршөөлийн хууль дээр үүнийг буруу хэрэглэж байсан юм байна, үүнийг залруулах ёстой. Өршөөлийн хуулийг зөв хэрэглэх ёстой юм байна гэдгийг тодруулж чадсан. Ганц тэр хүүхдийн асуудлыг шийдэж байгаа боловч зөндөө олон хүний асуудлыг шийдсэн явдал болсон. Гэмт хэрэгт холбогдож байгаа хүн бүр муу хүн биш. Алдах онох зөндөө зүйл бий. Тэр олон хүнд тусалж байгаа нь маш сайхан байсан. Хэдэн өдөр өөрөөрөө бахархаж билээ. Тэгж л би ажлынхаа амтыг чин сэтгэлээсээ мэдэрсэн. Түүнээс хойш мэргэжилдээ улам хайртай болсон.

Энэ дашрамд хэлэхэд хүүхдийн эрхийн төлөө үйл ажиллагаа явуулдаг олон төрийн бус байгууллагадаа баярлалаа гэж хэлье. Энэ байгууллагууд өөрсдөө шантрахгүй, олон жил тэмцэж ирсэн. Дээрээс нь ХЭҮК олон жил тэмцэж ирсэн. Бид дөжрөөд хаявал хаядаг хүмүүс. Хаяхгүй үргэлж тэмцэж ирсэн та бүхний маань үйл ажиллагаа үр дүнд хүрч байна гэж хэлмээр байна. Та нартаа маш их баярлалаа.

 

Эх сурвалж: news1.mn Б.Энхзаяа

SHARE