“Лестер”-ийн тайланд эзэн нисдэг тэрэгний ослоор амь эрсдэв

 

Английн хөлбөмбөгийн “Лестер” клубын эзэн, 60 настай тайланд эр Вишай Шривадданапрабхи нисдэг тэрэгний ослын улмаас амиа алдсаныг албан ёсоор зарлалаа. Аравдугаар сарын 27-нд болсон  Английн Премьер лигийн аравдугаар тойргийн “Лестер”-“Вест Хэм”-ийн тоглолтын дараагаар “Кинг Пауэр” стадионы дэргэдэх авто зогсоолоос хөөрөх гэж байгаад нисдэг тэрэг осолджээ.

Мөн нисдэг тэргэнд Вишайгийн ажил хэргийн түншүүд болох Нурсара Сукнамай, Кавепорн Пунпарэ болон нисгэгч Эрик Сваффер, зорчигч Изабела Роза Лечович нар байсныг мэдээллээ. Хөөрөх мөчид нисгэгч жолоодлогоор алдсанаар осол гарсан бололтой.

Вишай Шривадданапрабхи нь Английн “Лестер”-ийг 2010 онд худалдан авч, шат ахиулсаар клубын түүхэнд байгаагүй өндөр амжилт буюу Английн аваргын алдарт хүрэхэд гол үндэс суурь болж өгсөн юм.

Английн томоохон клубүүдийн дэргэд санхүүгээр хувь дутуу ч гэсэн 2016 онд “Лестер” орчин цагийн хөлбөмбөг төдийгүй дэлхийн спортын түүхэнд гайхалтай амжилт үзүүлэн түрүүлсэнийг “Үлгэр” гэж тодотгон нэрлэдэг билээ. Энэ гайхалтай үлгэрийн үндсийг тавьсан бол хүн бол Вишай Шривадданапрабхи юм.

“Лестер” клубын “Кинг Пауэр” стадионы дэргэд олон зуун фанатууд цуглаж, эмгэнэл илэрхийлсээр байгаа ажээ.

Тэрбээр Тайландын толгой баячуудын тоонд багтдаг байлаа.

News1.mn Р.Гэгээ

SHARE