Дэлхийн хамгийн өндөр хөшөөг Нармада голын эрэг дээр сүндэрлүүлэв

 

Дэлхийн хамгийн өндөр хөшөөг Энэтхэгийн Гужарат мужийн Нармада голын эрэг дээр аравдугаар сарын 31-нд албан ёсоор нээх гэж байна. 182 метрийн өндөртэй энэ хөшөө нь суурьтайгаа нийлээд 240 метр хүрэх юм.

Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Сардар Пателийн энэхүү хөшөөг босгоход 430 сая ам.доллар зарцуулсан байна.

Сардар Валлабхаи Патель нь “Төмөр хүн”, “Энэтхэгийн Бисмарк” зэрэг нэрээр алдаршсан бөгөөд тус улсын Үндсэн Хуулийг зохиогч юм. 1947 онд Их Британиас Энэтхэг улс салан тусгаарлахад Сардар буюу монголчлон орчуулбал удирдагч Патель ихээхэн үүрэг гүйцэтгэж, Дотоод хэргийн яманы орлогч сайдаар ажиллаж, Энэтхэгийг задран бутаргалгүйгээр нэгэн том гүрэн болгох үйлсэд их хувь нэмэр оруулсан ажээ.

Их Британиас салан тусгаарласны дараагаар Энэтхэг нь маш олон жижиг улс болж задрах аюул нүүрлээд байсан гэдэг. Тухайн үед Сардар Патель цэргийн хүч юмуу дайн тулаанаар бус харин эв зүйгээр Энэтхэг улсыг нэг туг дор зангидаж чадсан байна.

1950 оны арванхоёрдугаар сарын 15-нд Сардар Патель таалал төгсчээ.

Хөшөөний тухайд бол суурь хэсэгт музей, танхим байх аж. Харин 153 метрийн өндөрт зочид жуулчдад зориулсан алсыг харах талбай байгуулжээ. Энэ талбайд нэг дор 200 хүн гарах боломжтой. Хөшөө рүү 3.5 километрийн зайнаас завиар очих юм байна.

Та бидний сайн мэдэх Нью-Йорк дахь Эрх чөлөөний хөшөө нь 93 метр өндөртэй байдаг бол түүнээс Сардар Пателийн хөшөө хоёр дахин өндөр гэсэн үг юм.

news1.mn Р.Гэгээ

SHARE