Садулаев: Хамгийн муу бөх ч одоо намайг ялах гэж улайрах болно

 

Орос танк Абдулрашид Садулаев олимпийн аварга Кайл Снайдерийг 1.12 минутад цэвэр дарж, дахин ноёрхлоо тогтоолоо. Жилийн дараагаар Снайдераас даагаа чангахан нэхэж чадсанаар Садулаев ОХУ болон АНУ бөхчүүдийн тус бүр гурван алтан медаль хүртээд байсны хайныг хагалж, эх орондоо Будапештийн ДАШТ-ээс дөрөв дэх алтан медалийг авчирч, багийн дүнгээр тэргүүлэх боломжийг олгосон.

22 настай олимпийн аварга, дэлхийн гурван удаагийн аварга Орос танкийн нэгэн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.

  • Снайдер та хоёрын барилдааныг дэлхий даяараа хүлээлээ. Өөрөө ч мэдэж догдолж хүлээсэн биз. Өөрөө илт илүүрхэж яллаа. Ингэж ялна чинээ бодож байв уу?
  • Үнэндээ би ийм хурдан ялчихна чинээ бодсонгүй. Зургаан минут бүтэн барилдахад л бэлэн гарсан. Гэвч барилдааны эхэнд надад сайхан боломж гарч, түүнийгээ алдалгүй ашиглалаа. Би довтолж, харин Снайдер алдаа гаргасан. Энэ чинь спорт шүү дээ. Алдаа гаргасных нь төлөө шийтгэх ёстой.
  • Ялалтынхаа дараа та хоёр гараа өргөсөн. Энэ үйлдэл юуг илэрхийлсэн бэ?
  • Сэтгэл хөдлөлдөө автаад л хийчихсэн үйлдэл. Үнэндээ тухайн үед юу хэлснээ ч санахгүй л байна.
  • “Би чадлаа” гэж хэлсэн юм болов уу?
  • Магадгүй л юм. Гэвч энэ төгсгөл биш. Дахиад бидний хооронд өрсөлдөөн өрнөнө гэдгийг би мэдэж байна.
  • Бүтэн жил хүлээсэн барилдаандаа ямархуу сэтгэгдэлтэй гарав?
  • Дайчин л барилдья гэж бодсон. Мөн даага нэхэх хүсэл бүр асаад байсан юм. Мэдээж, Иван Ярыгины Гран-Прид ч юмуу, эсвэл олимпийн дэвжээнд даагаа нэхэж болох л байсан. Гэвч тэвчээр гэдэг диваажингийн түлхүүр гэдэг шүү дээ. Манай дасгалжуулагч ч намайг энэ барилдаанд их ирлэсэн. Би ч сайн бэлдсэн.
  • Олимпийн аварга болсноос хойш өөрийн чинь амьдралд юу өөрчлөгдсөн бэ?
  • Олимпийн аварга гэдэг их том нэр хүнд, өндөрлөг. Олимпийн аварга болсон тамирчинг өрсөлдөгчид болон бөх сонирхогчид андахгүй. Одоо хамгийн муу бөх хүртэл намайг ялах гэж улайран зүтгэх болно. Яг л анчин шиг. Тэгэхээр ялах улам л хэцүү болно. Одоо би илүү их хөдөлмөрлөж, хичээх ёстой гэдгээ ухамсарлаж байна. Өрсөлдөгчдөөсөө толгой илүү байх ёстой.
  • Саяхан охинтой болсон аавын сэтгэгдлэл ямар байна даа?
  • Охиноо хараагүй яваа болохоор одоохондоо аавын мэдрэмжийг бүрэн амсаагүй л байна. Мөдхөн гэр рүүгээ нисч очоод мэдэрнэ дээ.
  • Энэ удаагийн тэмцээнд өөрийг чинь бэлтгэл сайтай, хөл чангатай орсон гэж дасгалжуулагч тань мэдэгдсэн байна лээ?
  • Миний бэлтгэлийг хараад л тэгж хэлсэн хэрэг. Бэлтгэлийн үеэр тамирчин тэмцээнд бэлэн байгаа эсэх нь тодорхой ажиглагддаг. Би бэлтгэлээ үргэлж сайн хийдэг. Гэхдээ Риогийн олимпийн дараагаар удаан хугацааны турш бэлтгэл хийгээгүй. Энэ нь өнгөрсөн ДАШТ-д нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Эртхэн бэлтгэлдээ гарах хэрэгтэй байсан байх.
  • Снайдерийг ялах гэсэн хүсэлдээ хүрчихлээ. Одоо ямар зорилго тавьж байна вэ?
  • Одоо надад ганц л зорилго бий. Олимпийн хошой аварга болох.

 

News1.mn Р.Гэгээ

 

 

SHARE