Хүн-аалзыг Лондоны цамхаг дээрээс баривчлав

 

Хүн-аалз гэх хочоороо зартай 56 настай франц уулчин Ален Роберийг Их Британийн нийслэл Лондоны Heron Tower цамхаг дээрээс цагдаа нар баривчлан, түр саатуулжээ. Түүнийг олон нийтийн газар биеэ зөв авч яваагүй гэсэн үндэслэлээр баривчлахад хүрчээ. Хүн-аалзын өндөр цамхаг руу авирч гарахыг харах, бичлэг хийх гэсэн олон хүн замын хөдөлгөөнд саад учруулж, түгжрэл үүсгэсэн тул “хэрэгтэн”-ийг баривчлахаас аргагүйд хүрсэн байна.

“Аврах анги болон цагдаа нарт энэ явдал их чирэгдэл учрууллаа” гэж Лондоны Цагдаагийн газрын төлөөлөгч Карен Бакстер мэдэгджээ.

Ален Робер бол Гиннессийн номд бичигдсэн алдартай авирагч. Тэрбээр цамхаг руу авирахдаа ямар нэгэн хамгаалах бүс хэрэглэдэггүйгээр зартай. Дэлхийн хамгийн өндөр гэх бүхий л цамхаг руу хүн-аалз аль хэдийнэ гарчихсан гэнэ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE