Нэг эрийн 44 хүүхдийг төрүүлээд хаягдсан уганда эмэгтэйгийн түүх

 

Угандад нэгэн ер бусын гэмээр олон хүүхэдтэй эмэгтэй байдаг гэнэ. Мариам Набатанзи Бабирье хэмээх 39 настай энэ эмэгтэй аль хэдийнэ 44 хүүхэд төрүүлээд амжжээ. Гэхдээ бүгд нэг эрийн хүүхдүүд юм байна.

Түүний ер бусын амьдралын түүхийг дэлхийн олон улсын хэвлэл мэдээллийн салбарынхан саявтархан гэнэт анзаарч, мэдээлж эхэлсэн юм. Зарим хэвлэлийн мэдээлснээр бол Мариам 38-39 настай гэнэ. 44 хүүхдийн эцэг нь гэр бүлээ орхин салж оджээ.

44 хүүхдээс зургаан нь нас барж, одоо 38 ээжтэйгээ хамт өсч, том нь ажилд орж, тус болж эхэлсэн байна. Мариам долоон удаа ихэрлэжээ. Дөрвөн удаад нь гурван ихэр, гурван удаад нь дөрвөн ихэр төрүүлсэн гэнэ.

1993 онд түүнийг 12 настай байхад 40 настай эр авч суун, хуримаа хийжээ. “Үнэндээ би хурим гэдгийг нь мэдээгүй. Олон хүн гэрт ирээд л бэлэг өгөөд байсан юм. Харин хүмүүсийн хөл татарсаны дараагаар үеэл эгч маань намайг хөтлөн хажуугийн нэг айлд оруулсан. Тэгээд л би айлын эхнэр болсон” гэж Мариам ярьж байна.

25 жил нэг эртэй амьдрахдаа Мариам сэтгэл тайван, жаргалтай байсан нь ховор гэнэ. “Намайг байнга зоддог, тэгээд бас байсхийгээд л алга болчихдог байлаа” гэж тэр ярьжээ. Одоо хүүхдүүдийнх нь эцэг жилдээ нэг удаа ирж уулздаг аж.

Эмч нар Мариамыг үр тогтоох чадвар дэндүү сайтайгаасаа болоод биегүй болж, залуугаараа нас барж магадгүйг сануулж, эцэстээ савыг нь авчээ.

Одоо Мариам хүүхдүүдээ тэжээхийн тулд ямар ч ажил хийхэд бэлэн гэдгээ хэлдэг. “Үс засах юмуу эсвэл тоосго өрсөн ч би чадна. Олон хүүхэдтэй болохоор ажил орлоготой байх нь надад чухал. Том хүүхдүүд маань ажилд орж, эхнээсээ тус дэм болж байгаа” гэж Мариам өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE