Орора: Царайлаг бүсгүйгээс гурав хоноод уйдна, царай муутай бүсгүйд гурав хоноод дасна

 

19 жилийн турш Японы мэргэжлийн сумогоор барилдсан ОХУ-ын Буриадын иргэн Орора /Аврора ч гэх нь бий/ Анатолий Михаханов 35 насандаа зодог тайлж, эх орон руугаа буцжээ. Тэрбээр мэргэжлийн сумод хөл тавьсан анхны орос хүн юм. Хэдийгээр макүшитагийн 54-ээс дээш эрэмбэлэгдэж үзээгүй ч гэсэн сумогийн ертөнцөд нэр сайтай нэгэн. Мөн сумогийн түүхэн дэх хамгийн хүнд жинтэй /293кг/ бөх гэдгээрээ зартай. Нэг настайдаа 14 кг жин татаж, нэгдүгээр ангид орохдоо 100 кг хүрсэн Анатолий Михахановыг япончууд сумо бөхөө глобалчлах бодлогын хүрээнд анзаарч, улмаар Китаноуми дэвжээнд харьяалагдах болсон юм.

Зодог тайлаад эх нутагтаа очиход нь сэтгүүлчид түүнээс “Та үнэхээр бүтэн хайрцаг шар айргийг нэг дор уучихдаг юм уу?” гэж асуухад инээмсэглэн “Нэг ээ? Таван хайрцгийг ч уучихаж дөнгөнө. Гэхдээ гэдэс сунаад дэмий эд. Сүүлд миний гэдэсний тойрог бүр 210 сантиметр болчихсон байна лээ” хэмээн өгүүлжээ.

Түүнээс ямар эмэгтэйтэй гэрлэхийг хүсдгийг нь лавлахад “Надад элдэв шаардлага гээд байхаар зүйл үгүй. Гол нь сайхан сэтгэлтэй сайн хүн л байхад болно. Японд ийм нэг мэргэн үг байдаг юм. “Царайлаг бүсгүйгээс гурав хоноод уйдна, царай муутай бүсгүйд гурав хоноод дасна” гэж. Би ч гэсэн тэгж л боддог” хэмээн ярьсан байна.

“Сибирийн агаараа л их саналаа. Би бөх хүн. Цаашид ч бөхөөсөө салахгүй. Гэхдээ Буриадад сумогийн сургууль нээх хэрэггүй болов уу. Японд хүмүүс очоод сумо үзье гэдэг. Монголд жуулчид очоод үндэсний бөхийг нь сонирхдог. Буриадад сумо гэхээсээ өөр спортыг илүү сонирхдог” хэмээн өгүүлжээ.

 

news1.mn Р.Гэгээ

SHARE