Хүний эрхийн зөрчил Цагаан хад боомтыг хаахад хүргэх үү?

Түрүүчийг ЭНДЭЭС уншина уу.

Нутаг орныхоо байгалийн баялгийг ашиглуулсныхаа хариуд тоосжилт, агаарын бохирдол, уул уурхайн тэсэлгээ, хүнд машин механизмын байнгын нүргэлсэн дуу чимээнээс үүдсэн өвчин эмгэг, сэтгэл санааны дарамтыг “бэлгэнд” авдаг улс дэлхийд Монголоос өөр алга.

Км гаруйхны цаана Баруун Цанхийн уурхайн хөрсний овоолго, саахалт айлын зайнд уурхайн ачилт тээвэрлэлт хийх хэдэн зуун хүнд даацын машин механизмын зогсоол дунд Өмнөговь аймгийн Цагаан-Овоо тосгоныхон аж төрж байна. Аж төрөх ч гоёдсон үг, нутгийн уугуул иргэд амьдаараа тарчилж байна, цаана чинь.

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын санаачлагаар Тавантолгойн бүлэг ордын нүүрс олборлох тээвэрлэх үйл ажиллагааны хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ хийхээр очсон багийнхныг угтсан дүр зураг, илэрсэн эхний зөрчил энэ юм. Өмнөх нийтлэлд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд үүссэн хүний эрхийн ноцтой зөрчлийн талаар онцолсон. Тавантолгой ордоос ашиглаж буй 3 компанийн нэг “Эрдэнэс Тавантолгой” компани гэхэд л жилд агаарын бохирдлын санд 10 тэрбум төгрөг тушаадаг ч тэрхүү төлбөрөөс Цогтцэций сумын агаарын бохирдлыг бууруулахад нэг ч төгрөг зарцуулагддаггүй нь хүний эрхийн ноцтой зөрчил болохыг ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж онцлон дурдаж байсан.

Тэгвэл Цагаан-Овоо тосгонд ч байдал ноцтой байгааг үнэлгээнд онцолжээ.

 

ЦАГААН-ОВОО ТОСГОНЫХОН ДАЙЖИЖ БАЙНА

Эрдэнэс Тавантолгой компаний хувьд Тавантолгойн ордыг бүрэн ашиглахад Цагаан-Овоо баг, түүний дунд багийн төвийн нутагт байгаа айл өрхүүд, Тавантолгой ХК-ийн төв оффисийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай талаар хүлээн зөвшөөрч, төлөвлөдөг ч нүүлгэн шилжүүлэлтийн суурь судалгаа, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэхгүйгээр өнөөдрийг хүрсэн нь иргэдийн эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол, эрсдэл учруулж байна. 2013 оноос Баруун Цанхийн уурхай олборлолтоо эхлүүлснээс хойш хаягдлын овоолго багийн төвд улам бүр ойртож, нүүрс тээвэрлэлтийн замтай холбоотой байгаль орчин, нийгмийн нөлөөлөл ихэссэн байна. Тоосжилт, чичиргээ, дуу чимээний эрүүл мэндийн сөрөг нөлөөллөөс сэргийлж олон айл өрх Цогтцэций сумын төв рүү шилжин амьдрах болжээ. Нэг ёсондоо уугуул иргэд үе удмаараа амьдарч ирсэн нутаг орноосоо дайжиж эхэлжээ.

Тавантолгойн бүс нутаг дахь уул уурхай, үйлдвэрлэлийн усны хэрэгцээ нэмэгдэж, бүс нутгийн хүн амын усны үндсэн эх үүсвэр болох уурхай орчмын нутгийн бага гүний усны түвшин буурч, одоо усны хомсдолтой байгаа Цагаан-Овоо багийн төвийн иргэд цаашид улам усны гачигдалд орох эрсдэлтэй гарсан нь үнэлгээний бас нэг ноцтой асуудал.

Түүнээс гадна Цагаан-Овоо багийн иргэдийн хувьд Эрдэнэс Тавантолгой компанийн Цанхийн уурхайн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, Баруун Цанхийн уурхайн Техник, эдийн засгийн үндэслэл, уурхайн нөхөн сэргээлт, хаалтын төлөвлөгөө зэрэг нэн чухал баримт бичгүүдтэй танилцаж, мэдээлэл авах боломжгүй. Энэ талаар компанийн зүгээс танилцуулсан, хэлэлцүүлэг зохион байгуулдаггүй. Аймаг, сумын удирдлагын зүгээс энэ талаарх мэдээллийг компаниас гаргуулж, орон нутгийн иргэдэд хүргэх талаар арга хэмжээ авалгүй ирснийг харж болно. Иргэд өөрсдийнх нь газар нутаг дээр хийгдэж буй уул уурхайн үйл ажиллагаа, байгаль орчны талаар мэдээлэл авах эрх хаалттай байна гэсэн үг.

 

ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТ 24 ХУВИАР ӨСЧЭЭ 

Уул уурхайн үйл ажиллагаанаас гадна хүн амын хэт нягтаршилт эргээд нутгийн уугуул иргэдийн эрх ашигт нөлөөлөх хандлага ажиглагдах болжээ. Тухайлбал, залуучууд, хөдөлгөөнт хүн ам ихтэй, түүнчлэн нүүрс тээвэрт олон хоногоор явах үед гардаг эрсдэл зэргээс бэлгийн замын халдварт өвчин их байдаг байна.

Цогтцэций сумын хүн амд залуучуудын эзлэх хувь өндөр, гэр бүлээрээ сумын төвд оршин сууж буй уурхайчин болон бусад ажилчид олон учраас 0-5 насны бага насны хүүхдүүдийн хүн амд эзлэх хувь 8.2 хувь бөгөөд бусад сумдаас 1-3 хувь өндөр байна. Тоосжилт, агаарын бохирдлын улмаас бага насны хүүхдүүдийн дунд амьсгалын тогтолцооны өвчлөл ихтэй, хүүхэд эрүүл өсч торниход хүнд байна.

Боловсролын тухайд Т.Борын нэрэмжит сургуулийн хувьд ачаалал хэтрэлт 6-р сургуулиас 5 дахин их байна. 2013 онд сумын хүн ам 6108 байсан үед 6-р сургууль ашиглалтанд орж тухайн үед үүссэн сургуулийн ачааллыг бууруулж байсан. Харин түүнээс хойш хүн ам улам өсч 2017 онд 7422 болсон. Энэ өсөлтөөс Т.Борын нэрэмжит сургуулийн ачаалал 2013 оны өмнөх их ачаалалтай, 3 ээлжээр хичээллэж байх үетэй адил түвшинд очсон гэжээ.

 

Цогтцэций сумын хүн амын өсөлт, ялангуяа хөдөлгөөнт хүн амтай холбоотой гэмт хэрэг, нийгмийн хэв журмын зөрчил нэмэгджээ. 2016 онд 66 гэмт хэрэг бүртгэгдсэн бол 2017 онд 82 болж 24 хувиар өссөн байна.

Сумын төвийн дотоод замын хөдөлгөөний эрчим ихэссэн нь хүүхдүүдийн аюулгүй байдалд эрсдэл учруулах болж. Учир нь дотоод шороон замын хөдөлгөөнөөс тоос шороо дэгдэж харагдах орчин хязгаарлагддаг, ялангуяа хүнд даацын тээврийн хэрэгслүүд их хэмжээний тоос шороо босгож, хөрсний элэгдэл эвдрэл үүсгэсэн байна.

 

ХЭҮК: ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨРЧЛИЙГ АРИЛГАТАЛ ЦАГААН ХАД БООМТЫГ ХААХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА 

Уул уурхайн нэг төсөл бүхэл бүтэн нэг сумын иргэдийн амьдралын хэв маягийг орвонгоор нь эргүүлж эрсдэлд оруулсан нөхцөл байдал ийм байна. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, эрүүл мэндээ хамгаалуулах, амьд явах, хөдөлмөрийн таатай нөхцөлөөр хангуулах, мэдээлэл авах, гомдол саналаа шударгаар шийдвэрлүүлэх зэрэг хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн, улмаар дээрх эрхийн зөрчлүүд цаашид даамжрах хандлагатай байгааг мэргэжилтнүүд онцолсон байна.

Тиймээс дараах арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхийг зөвлөжээ.

  • Тавантолгойн бүлэг ордоос нүүрс олборлох, тээвэрлэхтэй холбоотой үйл ажиллагааны улмаас хүний эрх зөрчигдөж байгаа асуудлыг УИХ-ын Хүний эрхийн дэд хороогоор хэлэлцүүлж, хүний эрхтэй холбоотой зөрчлийг арилгах ажлын явцын талаар улирал бүр тайлагнах үүргийг Засгийн газарт үүрэг болгох

 

  • Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандартыг мөрдөхгүй, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаагийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, хөдөлгөөний аюулгүй байдалд хохирол учруулж, хүний эрхийн зөрчил гаргасаар буй тус бүлэг ордоос нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагаа эрхэлж буй байгууллага, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоох шаардлагыг хүргүүлэх, улмаар одоогийн нөхцөл байдлыг шийдвэрлэхэд чиглэсэн өргөн хүрээтэй, харилцан уялдаатай арга хэмжээг төрийн холбогдох байгууллага, уурхайн компаниуд, бусад аж ахуйн нэгжүүд авч хэрэгжүүлэхийг даалгах, хэрэгжилтийг үнэлэх

 

  • Хүний эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах наад захын нөхцөлийг хангах хүртэл Цагаан хадны гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагааг зогсоох, мөн Хөдөлмөр, эрүүл ахуйн стандартыг мөрдөөгүй, мөрдөхөөс татгалзсан тээврийн байгууллагууд, нийтийн хоолны газар, засвар үйлчилгээний газрын үйл ажиллагааг түр зогсоох, холбогдох Зөрчлийн болон холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авах

 

  • Энэхүү танилцуулж буй Хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээний зөвлөмжийг хэрэгжүүлэх, нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагаанд гарч буй хүний эрхийн сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Оролцогч талуудын зөвшилцлийн механизм бүрдүүлэх, байгаль орчны, хог хаягдлын, тээвэрлэлтийн зэрэг асуудлаар хамтарсан хяналт, мониторингийн тогтолцоотой болох, тулгарч буй бэрхшээл, саадыг шийдвэрлэх, шаардлагатай төсөв, хөрөнгийг дундын санд төвлөрүүлж, хамтарсан шийдвэр гаргах зэргээр хамтын хүчин чармайлт гаргах

 

  • Оролцогч талуудын зөвшилцлийн механизм бүрдүүлэхдээ тус ордод олборлолт хийж буй уурхайн 3 компани төдийгүй тус ордтой холбоотой ханган нийлүүлэлт хийж буй шатахуун түгээх, тээвэрлэлт, хүнсний үйлчилгээ зэрэг бусад компани, оролцогч талуудыг бүрэн хамруулж, уг зөвшилцлийн механизмын дундын мэдээлэл харилцаа, зохицуулалтыг Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хамтран хэрэгжүүлэхийг зөвлөжээ.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХЗАЯА

SHARE