Жижиг дундын зээлээс “шүүрдэхдээ” нэрээ нуугаагүй ганц гишүүн энэ байна

УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүн энэ жил Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас мөнгө авчээ. Хоёр нь давхар дээлтэй буюу сайд юм байна.

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг 1.4 тэрбумыг, УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Я.Содбаатар 1.2 тэрбумыг, УИХ-ын гишүүн Г.Солтан 950 саяыг, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун мөн 950 саяыг Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас авсан байна. ИнгэхээрЖижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн 2018 онд тараах 65 тэрбумын 4.5 тэрбум нь энэ дөрөвхөн гишүүнд оччихсон байна.

УИХ-ын гишүүн ч гэсэн иргэн хүний хувьд ижил эрхтэй ч энэ албанд сонгогдсоных хязгаарлуулах үүрэг бас бий. Түүнчлэн УИХ-ын гишүүүний ёс зүй ч бас байх.

Хамгийн харамсалтай нь дээрх эрхэм гишүүд, сайд нарын компанийг жижиг дунд үйлдвэр гэж хэлэхэд тун бэрхтэй юм.

ХХААХҮ-ийн сайд Батжаргалын Батзориг гэхэд “Тээвэр ачлал” компаниараа 1.4 тэрбум төгрөгийн зээл авчээ. “Тээвэр ачлал” компанийн 89.9 хувь уг нь Б.Батзоригийн нэр дээр байсан. Харин одоо түүний эхнэр Лхүндэвийн Отгонжаргал компаниа хариуцдаг юм байна.

“Тээвэр ачлал” компанийг Б.Батзориг сайд Баянзүрх дүүр­гийн Засаг даргын ажлаа өгсний дарааа Там­гын газрын даргаар ажил­лаж асан Д.Баатар­нямтайгаа нийлж байгуулжээ.

ЗТХ-ийн сайд Янгугийн Содбаатарбас л өмнө нь эзэмшиж байсан “Эпато анарваан” ХХК-даа 1.2 тэрбум төгрөгийн зээл авчээ. Тэрээр “Эпато анарваан” ХХК-ийн 400 ширхэг хувьцааг эзэмшдэг байсан байна. Одоо бол “Эпато анарваан” компанийн эзэн нь түүний эхнэр Батлхагвын Мөнгөнцэцэг гэж байна.  Энэ компани уг нь төрсний дараах эх, нярайн эрүүл мэнд, ая тухыг хангаж сувилахуйн орчин үеийн үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлдэг юм байна.

УИХ-ын “хэлгүй” гишүүдийн нэг Гомбожайгийн Солтан “Монгол шаазан” ХХК-даа 950 сая төгрөг авч өгсөн байна. Г.Солтан Москва хотын Хими технологийн дээд сургуулийг Шаазангийн инженер, технологич мэргэжлээр төгсч ирээд 2010 оныг хүртэл Шаазангийн үйлдвэрийн ерөнхий технологич, лабораторийн эрхлэгч, ерөнхий инженер, улмаар “Монгол шаазан” ХК-ийн үйлдвэрийн дарга, үйлдвэрийн ерөнхий захирал, ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан. Одоо “Монгол шаазан” ХХК-ийг нь түүний эхнэр Базарсадын Алтанчимэг хариуцдаг байна.

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл туусан дөрөв дэх хүн бол УИХ-ын гишүүн Хаянгаагийн Болорчулуун. Өмнөх гурав шиг эхнэрийнхээ нэрээр зээл туугаагүй, өөрөөр хэлбэл нүүрээ нуугаагүй ганц гишүүн байгаа юм.

Х.Болорчулуун 1997-2002 оны хооронд захирлаар нь ажиллаж байсан “Дорнод гурил” ХХК-иараа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас энэ жил 950 сая төгрөгийн зээлийг авчээ. “Дорнод гурил” компани нь анх 1959 онд атар газар эзэмшихтэй зэрэгцэн Гурил тэжээлийн үйлдвэр нэртэйгээр зүүн аймгуудын хүн амыг гурилаар, мал сүргийг тэжээлээр хангах зорилготойгоор байгуулагдсан. Х.Болорчулуун сүүлд хувьчлалаар авсан байдаг юм.

Эх сурвалж: www.news1.mn Д.Бат-Очир

 

 

SHARE