Агаарын бохирдлын санд 10 тэрбум, ард түмэнд нүүрсний тортог “бэлэглэсэн” “Тавантолгой”-1

-“Тавантолгой”-н олборлолт, тээвэрлэлтэд хүний эрхийг ноцтой зөрчлүүд илэрчээ-

Монгол Улсын стратегийн ордуудын нэг Тавантолгойн орд. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлалтай. Сар гаруйхны өмнө 5.1 тэрбум байсан ордын нөөцийн хэмжээг 6.3 тэрбум тонн болгож нэмэгдүүлж Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хурлаар шинэчлэн батлуулснаа зарлаж олон улсын анхаарлыг татав. Энэ оны эхний 9 сарын байдлаар гэхэд 36.7 сая тонн нүүрс экспортлов.

Нүүрс олборлолт, борлуулалтаараа 2017, 2018 онд дараалан Монгол Улсад тэргүүлжээ. 2018 онд Монгол Улсын 2 511 000 иргэн, 486 аж ахуйн нэгжийг балансдаа бүртгэж, албан ёсоор Монголын хамгийн их хувьцаа эзэмшигчидтэй компани болсон. Улсын төсөвт 2018 онд төвлөрүүлэх 285 тэрбум төгрөгнөөс 216.5 тэрбум төгрөгийг хагас жилд багтаан төвлөрүүлсэн тухай “Эрдэнэс Тавантолгой” компанийн цахим хуудаст мэдээлжээ.

Энэ хэдхэн тооноос харахад “Тавантолгой” бол Монгол Улсын эдийн засагт оруулж буй хувь нэмэр асар их орд. Энэ том төслийг дагасан уул уурхайн үйл ажиллагаа-олборлолт, тээвэрлэлт, суурьшлын бүс, энэ төсөл рүү тэмүүлсэн ажил эрэгчид гээд Өмнөговийн Цогтцэций сум яг одоо буцалж байна.

Тавантолгойн ордын улсад оруулж буй ашиг тус, хувь нэмэр асар их ч нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагаа байгаль орчин, нийгмийн өргөн хүрээтэй ноцтой нөлөөллүүдийг үүсгэж эхэлснийг мэргэжлийн байгууллагууд, судлаачид, нутгийн ард иргэд анхааруулж шүүмжилсээр ирсэн билээ. Тэр дундаа орд орчмын нутгийн уугуул болон суугуул иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах сүүлийн хоёр жилийн хугацаанд улам доройтож эхэлсэн явдал нутгийн удирдлагууд, мэргэжлийн байгууллага, хүний эрхийг хамгаалагч байгууллагуудын анхааралд өртжээ.

Үүний дагуу Хүний эрхийн үндэсний комиссоос Тавантолгойн бүлэг ордын нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагааны хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээг анх удаа хийсэн байна.

Уул уурхайн төсөл үйл ажиллагаанд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийдэг. Хийх ч хуультай. Харин сүүлийн жилүүдэд уул уурхайн төслүүд байгаль орчноос гадна хүний эрхэд хүчтэй нөлөөлж эхэлснээс ийнхүү үнэлэх шаардлагатай болсныг мэргэжлийн байгууллага анхааралдаа авчээ.

Хүний эрх гэдэг хамгийн дээд эрх. Хүн бүр амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах, сурч боловсрох гээд язгуур эрхтэй. Монгол Улс Үндсэн дээд хуульдаа эдгээр эрхийг дэлхийн жишгээр суулгаж өгсөн. Гэтэл сүүлийн жилүүдэд асар хурдтай хөгжсөн уул уурхайн салбар Монгол Улсад ашгаа өгсөн ч түүнээс ч илүүгээр хохирол амсч эхэлсэн нь хүн ард нь эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ алдаж эхэлсэн явдал юм.

Уул уурхайн салбарт хамгийн их хөндөгддөг хэрнээ мэргэжлийн байгууллага, шийдвэр гаргагчдын анхааралд хамгийн бага өртдөг уул уурхайн үйл ажиллагаа хүний эрхэд хэрхэн нөлөөлдөг үнэлгээг сонирхуулъя.

Үнэлгээг ХЭҮК-ийн захиалгаар Бодлогын Инновацийн Хүрээлэн Швед Улсын Байгаль орчны агентлаг, НҮБХХ-ийн хамтран хэрэгжүүлж буй  “Байгалийн нөөцийн тогтвортой удирдлагыг хангах байгаль орчны засаглал” төслийн  санхүүжилтээр хийснийг энэ дашрамд дурдъя.

               

 ТООСЖИЛТ, АГААРЫН БОХИРДЛЫН ДУНДАХ ЦОГТЦЭЦИЙ

 

Цогтцэций сумын төвийн Өгөөмөр баг болон Цагаан-Овоо багийн иргэдээс авсан судалгаагаар 80 орчим хувь нь тоосжилт, агаарын бохирдлыг бууруулах асуудлыг хамгийн ихээр тулгамдаж буй асуудал гэж үзжээ.

 

Тавантолгойн бүлэг уурхай нь Цогтцэций сумын төвөөс маш ойр зайд оршдог бөгөөд говийн бүс нь салхи шуурга ихтэй байдаг учраас олборлолт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа нь тоосжилтын гол эх үүсвэр болдог аж. Түүнчлэн, Эрдэнэс Тавантолгой компанийн уурхайгаас Гашуунсухайтын зам хүртэлх нүүрс тээвэрлэлтийн шороон замаас их хэмжээний тоосжилт үүсдэг. Хатуу хучилттай зам багатай, тээврийн хэрэгслийн тоо, хөдөлгөөн их, олон машин хурдтай давхих зэрэг шалтгаанаар сумын төв орчмын тоосжилт сүүлийн жилүүдэд ихэссэн болохыг оролцогч талууд хүлээн зөвшөөрчээ.

Гэвч өнөөг хүртэл Тавантолгойн уурхайн бүсийн тоосжилтын эх үүсвэрүүд, тоосжилтын тархац, байгаль, нийгэмд үзүүлж буй нөлөөллийн талаар хээрийн цогц хяналт шинжилгээнд үндэслэсэн судалгаа хийгдээгүй байна. Тавантолгойн уурхайн хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний тоосжилттой холбоотой хэсэг нь бие даасан суурь судалгаанд тулгуурлаагүй, уурхайн байгаль орчны нөлөөллийн үнэлгээнүүд, бусад хоёрдогч эх сурвалжуудыг ашиглаж хийгдсэн нь учир дутагдалтайг мэргэжлийн хүмүүс онцолсон байна.

 

 

ГАНЦ БАГАЖААР 20 САЯ ТОНН НҮҮРСНИЙ ТООСЖИЛТЫГ ХЭМЖИХ БОЛОМЖГҮЙ

 

Нүүрсний ил уурхай нь асар их хэмжээний хатуу хаягдал болон тоос ялгаруулдаг. Олон улсын туршлагаас үзэхэд нүүрсний ил уурхайн тоосжилт үүсгэгч эх үүсвэр тус бүрээс ялгарах тоосжилтыг хэмжиж, түүнийг ихээс бага руу эрэмбэлж, хамгийн их тоосжилт үүсгэгч эх үүсвэрт авах арга хэмжээг технологийн ба санхүүгийн хамгийн оновчтой хувилбараар төлөвлөж хэрэгжүүлдэг.

Тэгвэл Тавантолгойн бүлэг уурхайн хувьд жил бүрийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тоосжилтыг бууруулах талаар авах арга хэмжээг тусгахдаа ихэнхдээ замын усалгааг сайжруулах арга хэмжээг төлөвлөсөн боловч зам арчилгааны шинэ технологи нэвтрүүлэх, замын хучилтаа сайжруулах, тоосжилтын бусад эх үүсвэрүүд болох хөрсний овоолго, нүүрс овоолох, нүүрс ачих, тэсэлгээ хийхэд үүсэх тоосжилтыг бууруулах талаар арга хэмжээ төлөвлөдөгүй, хөрөнгө зарцуулдаггүй гэжээ.

 

Нэг бүлэг ордыг тал бүрээс нь олборлож буй хөрш 3 уурхайн хувьд тоосны хэмжилтийн арга зүй нь ялгаатай, мэдээлэл солилцдоггүй, мэдээлэл нь ил тод бус байгаа нь тоосжилтыг бодитой хэмжих, байгаль орчинд, нийгэмд, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах компанийн нийгмийн хариуцлага маш бага байна гэдгийг харуулж байна. Ойролцоогоор 20-30 сая төгрөгийн үнэтэй нэг л ширхэг Дасттрак багажаар жилдээ 20 орчим сая тонн нүүрс олборлож, хамгийн багадаа 1000 тонн тоос ялгаруулж буй эдгээр 3 уурхайн тоосжилтыг хэмжих, хяналт тавих ямар ч бололцоогүй юм. Говийн хуурай бүсэд 7000-10000 орчим хүн байнга амьдарч, ажиллаж буй суурингаас 2-10 км зайд нүүрсийг ил аргаар олборлож байгаа нөхцөлд хүний эрүүл мэндэд үзүүлэх эрсдлийг зөв тодорхойлж, эсрэг арга хэмжээ авах боломжийг хааж байна.

 

 

АГААРЫН БОХИРДОЛД ТӨЛӨХ 10 ТЭРБУМ ТӨГРӨГ ЦОГТЦЭЦИЙН НЭГ Ч ХҮНД ХҮРТЭЭЛГҮЙ

 

Тавантолгойн бүлэг уурхайн үйл ажиллагаа эрчимжсэн сүүлийн 10 орчим жилд Цогтцэций сумын иргэдийн зүгээс тоосжилт ихсэж, амьсгалын тогтолцооны өвчлөл нэмэгдэж, амьдрах орчин, эд хөрөнгөд хохирол учирч байгааг гомдол санал гаргаж ирсэн боловч агаарын чанар, тоосжилттой холбоотой хяналт шинжилгээ, байгаль орчин, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаарх мэдээлэл маш хомс байжээ. Цогтцэций сум нь 10000 хүн амд эзлэх амьсгалын тогтолцооны өвчлөлөөр сумдаас хамгийн өндөр үзүүлэлттэй байна. Цогтцэций сумын хэмжээнд оношлогдсон өвчлөлийн 49.3 хувь нь амьсгалын тогтолцооны өвчлөл байгаа аж. Нийт өвчлөлд амьсгалын тогтолцооны өвчлөлийн эзлэх хэмжээ 2006 – 2014 онд жил бүр нэмэгдсэээр 32.7-оос 55.7 хувь хүртэл өссөн байна.

 

Тавантолгойн уурхайнууд Монгол улсын нийт агаарын бохирдлын төлбөрийн дийлэнх хувийг бүрдүүлдэг. Зөвхөн Эрдэнэс Тавантолгой компанийн 2018 оны батлагдсан төсвийг үзэхэд энэ онд агаарын бохирдлын төлбөрт 10 тэрбум төгрөг төлнө. Гэтэл Агаарын тухай болон агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн үзэл баримтлал, мөн Агаарын бохирдлын эсрэг үндэсний хөтөлбөрт нүүрсний уурхай орчмын агаарын бохирдлын асуудал, орон нутгийн иргэдийн эрүүл мэндийн эрсдлийн талаар орхигдсон нь шударга ёсонд нийцэхгүй байгааг судалгааны багийнхан онцолсон байна. Үнэлгээний үр дүнд Цогтцэций сум дахь Цагаан хадны гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагааг зогсоох нь зүйтэй гэж судалгааны багийнхан мэдэгдлээ.

 

ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж:

-Монгол Улсыг тэжээх хэмжээний ийм том компани үйл ажиллагаа явуулж байгаа бол тэнд байгаа нутгийн иргэд, ажиллаж байгаа хүмүүсийн асуудлыг хамгийн түрүүнд анхаарах ёстой. Хүний эрх бол нийгэмдээ амьдрах боломж нөхцлийг хэлдэг. Тэр боломж нөхцлийг хамгийн түрүүнд хангаж өгөх ёстой. Эрдэнэс Тавантолй компани жилд агаарын бохирдлын санд 10 тэрбум төгрөг төвлөрүүлдэг. Нэг ч төгрөгийг тэнд байгаа хүмүүст чиглэгддэггүй. Хуульд өөрчлөлт оруулах шаардлага байна. орон нутагт стратегийн ач холбогдолтой уул уурхайн төсөл эхлүүлснээр нутгийн иргэд хохирох бус бусдаас түрүүнд ашиг хүртэх ёстой. Түүний дараа монголчууд нийтээрээ ашиг хүртэх ёстой хэмээн байр сууриа илэрхийлэв.

2010 онд Агаарын бохирдлын төлбөрийг хурааж эхэлснээс хойш нүүрсний уурхайн шууд болон дам нөлөөнд автсан Цогтцэций суманд агаарын бохирдолтой тэмцэх, тус сумын бүртгэлтэй 7000 гаруй, мөн ийм тооны бүртгэлгүй иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад зориулж нэг ч төгрөг зарцуулаагүй байна.

Зөвхөн Эрдэнэс Тавантолгой компани 2018 онд агаарын бохирдлын төлбөрт 10 тэрбум төгрөг төлнө гэж бодвол энэ ордыг ашиглаж буй 3 компани нийлээд 2010 оноос эхлээд хэдэн зуун тэрбумыг төвлөрүүлсэн болж таарлаа.

 

 

Үргэлжлэл бий.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХЗАЯА

SHARE