Утаатайгаа байж байя аа, Н.Цэрэнбат сайд аа?!

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат айлуудын янданд 54 тэрбумаар утааны шүүлтүүр гэж хичээгүйлэн зүтгэж байна. Албан тушаалаа барьцаанд нь тавилаа. Арай л амиа өгье гэсэнгүй.

Учир мэдэх хүмүүс бол Н.Цэрэнбатын ард ашиг сонирхол нуугдаж байна гэж шууд хэлж байна. Энэ үнэн байх маш магадлалтай.

Ер нь бол манайх шиг ингэж утаанаасаа салдаг улс гэж байдаг ч үгүй юм байна. Тэгээд ч таван жилийн өмнө үүнийг туршаад үзчихсэн байна.

Гандангийн дэнжийн 1000 айлын янданд шүүлтүүр тавиад бүтээгүй. Тэр нь одоо айлуудын хашаанд хог болоод хэвтэж байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Нөгөө утаа шүүгчийг 1000 айлд туршаад ажиллаагүй юм байна шүү дээ. Одоо дахиж татвар төлөгчдийн 54 тэрбум төгрөгөөр дахиад туршилт хийх хэрэг байна уу, УИХ-ын гишүүд ээ” гэж анхааруулсан. Мөн тэрээр “Цэрэнбат сайд хувиасаа 54 тэрбум төгрөгийг зээлийн хүүгийн хамт эскроу дансанд байрлуулчихвал хариуцлага хүлээнэ гэж итгэе. Өөрөөр бол зүгээр л хоосон үг.
Бас дээр нь утаа шүүгч суурилуулсан айл бүр сарын 22 мянган төгрөгийг цахилгаанд төлөх юм байна” гэж дуугарна лээ.

З.Энхболд л ил хэлж байгаагаас бүгд л ингэж ярьж байна.

Гэхдээ Н.Цэрэнбат сайд үүнийг арай өөр технологи гэж тайлбарлаад байгаа. Өөр байсан ч яндангаа оролдоод амжилт үзүүллэхгүй гэдгийг утаанаасаа салсан улсуудын жишиг харуулж байна.

Өмнөд хөршийн засаг захиргаа 2015 оны арванхоёрдугаар сарын 1-нээс эхлээд 2000 гаруй үйлдвэрийг хааж эхэлсэн. 2020 он гэхэд нүүрснээс бүрмөсөн татгалзахаар ажиллаж байна. Үр дүнд нь Бээжин утаагүй болсон.

Лондон ч утаагаараа алдартай л байсан. Тэд тортог үүсгэгч хийг хориглож, бохир түлшийг хязгаарлаж, нүүрсний оронд хийн зуух хэрэглэхэд хүн амаа санхүүгээр дэмжсэний хүчинд утаанаасаа салсан түүхтэй.

Парис саяхныг болтол агаарын чанар муудсан гэж иргэд нь гомдол тавьдаг байлаа. Тиймээс хотын захиргаанаас нь хотын төвөөр болон ойролцоох хотуудаар гурваас дээш зорчигчтой автомашинуудыг тэгш, сондгой дугаараар нь явуулж, 20 км/цагаас илүү хурдтай явахыг хориглосон байна. Мөн Парис хотын дарга нь 2020 оныг хүртэл дизель хөдөлгүүртэй автомашиныг хориглох санал тавьжээ.

Бас 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн ил зуухны хэрэглээг хориглосон байгаа юм.

Гэтэл манайд яаж байна?

Нэг сайд нь нөгөөдүүлтэйгээ нийлж байгаад 54 тэрбум төгрөг буюу Монголбанкны өчигдөр /2018.10.21/-ийн ханшаар 21.6 сая ам.долларыг янданд суурилуулна гэжзүтгээл байгаа нь хачин байна.

Хамгийн гол нь иргэд “Энэ хэрэггүй, дэмий” гээд байгаа юм. Өнөөдөр мэдээлэлд хил хязгаар үгүй болсон. Хэрэг болох эсэхийг хүн бүр мэдэж байгаа.

Тиймээс аргаа бараад “54 тэрбумыг зарцуулна гэдгээ л больчих. Болохгүй бол утаатайгаа байж байя аа, Н.Цэрэнбат сайд аа” гэцгээж эхэллээ шүү, цаадуул чинь?!

Эх сурвалж: www.news1.mn Д.Бат-Очир

SHARE