Марсело гоолын түүхэн ганг тайлсан ч, “Реал Мадрид”-ын асуудал үргэлжилсээр…

“Реал Мадрид” талбайдаа “Леванте”-д 1:2-оор хожигдлоо. Тэд Ла лигийн есөн тойргийн дараагаар дөрвөн хожил, хоёр тэнцээ, гурван хожигдолтойгоор тавдугаар байрт яг одоогоор бичигдэж байна. Гэвч тойргийн бүх тоглолт явагдсаны дараагаар 6-7 руу ухрах магадлалтай.


Мадридын баг сүүлийн 481 минут гоол оруулалгүй түүхэндээ байгаагүйгээрээ гоолын ганд нэрвэгдээд байсныг 72 дахь минутад Марсело тайлж, нэг гоол оруулсан. Гэвч тэд хожигдлоо.


Тоглолтын дараагаар Хулен Лопетеги “Одоо бид тойрч суугаад юуг буруу хийснээ ярилцах хэрэгтэй. Магадгүй хурдаа нэмэх ёстой байж мэднэ. Ерөнхийдөө бид гоолын боломж ахиу үүсгэх ёстой. Өнөөдөр манай баг олон тал дээр өмнөхөөсөө сайн байлаа. Миний халагдах эсэх яахав. Гол нь одоо биднийг Аваргуудын лигийн чухал тоглолт хүлээж байна. Тэр тоглолтын өмнө бид сэргэлт авах хэрэгтэй” гэжээ.


Харин Марсело “Бид сайн тоглосон ч хаалганд бөмбөг орох их дургүй байлаа. Дасгалжуулагч бидэнд өөртөө итгэх итгэлийг буцаан өгөхийг их хүсдэг. 33 удаа цохисон ч нэг ч бөмбөг хаалганд орсонгүй. Сэтгэлээр унах цаг биш ээ. Бид дахиад хожлын замдаа орох хэрэгтэй.
“Леванте” бидний алдаан дээр л тоглочихлоо. Лопетегитэй бид үхтлээ хамт зүтгэх ёстой. Тэр бидэнд зөв зүйлийг хэлдэг. Бид харилцан сайн ойлголцож тоглох ёстой. Лопетегид дахиад ажиллах хугацаа өгөх хэрэгтэй” гэжээ.


Тэгвэл Мадридын домгуудын нэг Эмилио Бутрагеньо “Бид гутарч бас гайхширч байна. Гэхдээ одоо тайван байх нь чухал. Энэ хожигдол цохилт боллоо. Биднийг ирэх мягмар гаригт дараагийн тоглолт хүлээж байгаа. “Леванте”-д баяр хүргэе. Одоо бүгдээрээ сэтгэлээр хямарчихсан байгаа болохоор бага зэрэг тайвшраад урагшаа харах хэрэгтэй” хэмээн өгүүлжээ.

.
Реал Мадрид – Леванте 1:2
Гоол: Моралес 6, Марти 13-пен, Марсело 72
Реал Мадрид: Куртуа, Варан, Марсело, Одриосола (Бэйл, 46), Рамос, Иско (Бензема, 60), Каземиро, Васкес, Модрич, Асенсио (Себальос, 60), Диас.
Леванте: Оласабаль, Постиго (Родригес, 75), Робер, Тоньо, Кабако, Моралес, Рочина (Дукуре, 67), Барди, Кампанья, Жейсон, Марти (Боатенг, 79).
Шар хуудас: Кабако (53), Жейсон (89), Марсело (90).
.
News1.mn Р.Гэгээ

SHARE