Английн Премьер лигийн есдүгээр тойргийг нээж “Челси” талбайдаа “Манчестер Юнайтед”-ыг хүлээн авлаа. Антони Марсьяль дубль хийсэн бол тоглолтын сүүлчийн минутад Росс Барклигийн гоолоор хоёр баг 2:2-оор тэнцсэн.
Барклигийн гоолын дараагаар “Челси”-гийн туслах дасгалжуулагч Марко Ианни Моуриньогийн өмнө гүйж очин баяр тэмдэглэж, эгдүүг нь хүргэсэн явдал гарсан.
Хоёр багийн дасгалжуулагч юу өгүүлснийг сонирхуулья.
“Эхний үед бид сайн тоглосон. Гэвч дараа нь санаачлагыг “Юнайтед” авлаа. Биеийн хүчний тоглолтод өрсөлдөгч биднээс илүү. Сүүлийн 30 минут манай багийнхан хэрхэн тоглосонд би сэтгэл дундуур байна. Хожиж болохоор тоглолтод ганц оноотой саллаа.
Алсын дамжуулалтын үеэр бид зохион байгуулалт сайтай байж чадсангүй. Ер нь бид алсын дамжуулалтаар тоглохгүй. 90 минутын турш өөрсдийнхөөрөө л тоглох ёстой.
Тоглолтын төгсгөлд яг юу болсныг би хараагүй. Гэвч Моуриньотой ярилцсан. Тэр үйлдэл бол бидний 100 хувь буруу. Тоглолтын дараагаар туслахтайгаа энэ талаар шууд ярилцаж, бурууг нь хэлсэн” хэмээн Маурицио Сарри өгүүлжээ
Харин Жозе Моуриньо “Тоглолтын төгсгөлд болсон зүйл үү? 97 минут сайхан хөлбөмбөг тоглочихоод байхад та нар иймхэн зүйл дээр л анхаарлаа хандуулах юм. “Челси”-гийн фанатууд намайг хүндэлсэнгүй. Гэхдээ энэ бол тэдний л асуудал. Фанатуудын сэтгэл хөдлөл, зан авирыг хянаж, удирдаж би чадахгүй.
Уурлаж бухимдах ч юм алга. Сарригийн туслахын үйлдлийн тухайд бол би Саррид юу болсныг хэлсэн. Дараа нь туслах нь хүрч ирээд уучлал гуйхад нь би “Зүгээр ээ, март” гэсэн. Би ч гэсэн замналынхаа туршид олон л алдаа гаргаж явсан хүн” хэмээн өгүүлжээ.
Челси – Манчестер Юнайтед 2:2
Гоол: Рудигер 21, Марсьяль 55, 73, Баркли 90+6
Челси: Аррисабалага, Рудигер, Алонсо, Аспиликуэта, Давид Луис, Ковачич (Баркли, 69), Жоржиньо, Виллиан (Педро, 73), Канте, Азар, Мората (Жиру, 79).
Манчестер Юнайтед: Де Хеа, Линделоф, Шоу, Янг, Смоллинг, Погба, Матич, Мата (Эррера, 75), Марсьяль (Перейра, 84), Лукаку, Рэшфорд (Санчес, 85).
Шар хуудас: Матич (13), Янг (27), Рудигер (30), Азар (34), Мата (67), Санчес (90), Перейра (90).
News1.mn Р.Гэгээ