Каррагер: Торрес тэсрэлттэй хурдаа алдсан шиг Санчес гялалзахаа больсон

 

Хөлбөмбөгийн экспертээр ажиллаж буй Жейми Каррагер “Манчестер Юнайтед”-д Алексис Санчес очсоноор урьдынх шигээ гялалзаж чадахгүй байгааг  цагтаа “Ливерпуль”-ээс “Челси”-д очоод тоглолт нь унасан Фернандо Торресийн хувь заяатай адилтгажээ.

“Манчестер Юнайтед”-д очсоноор Алексис Санчес урьдынх шигээ биш болсныг олон хүн хүлээн зөвшөөрөх биз. Ер нь бол сүүлийн хэдэн жилийн турш түүний тоглолтын чанар унаад л байсан. Санчесийн гялалзах үе ард хоцорсон. Тэр “Юнайтед”-д очсоноор цагтаа Торрес “Челси”-д очоод хэрхсэнтэй яг адил хувь заяаг давтлаа.

Санчес, Торрес шиг хөлбөмбөгчдийг дасгалжуулагч суулгаад байж чаддаггүй. Талбайд гаргадаг. Гэвч талбайд гараад ч нэмэр болох цаг нь өнгөрсөн мэт. Фанатууд, хэвлэлийнхэн ийм тоглогчдоос маш ихийг хүлээхийн зэрэгцээ их шүүмжилдэг.

Би Торресийг ямархуу тэсрэлттэй хурдтай дэлхийн хамгийн дээд зэрэглэлийн довтлогч байсныг мэднэ. Гэвч нэг л мэдэхэд тэр хурдаа гээж, дахиад ч хэзээ ч тийм аюултай довтлогч байж чадаагүй. Санчес ч гэсэн гялалзахаа больжээ. Том том гишгэж гүйхээс өөр юм чадахаа больж.

667 тоглолтод гарчихсан 29 нас хүрч буй тоглогчийг авч буйгаа эхлээд “Юнайтед” бодох ёстой байсан юм. Америкийн цом, Холбоодын цом, ДАШТ гээд Санчес олон жилийн турш зуны амралт гээчийг үзээгүй, их ядралттай болчихсон хөлбөмбөгч шүү дээ” хэмээн Каррагер өгүүлсэн байна.

news1.mn Р.Гэгээ

SHARE