100 настай британи эмэгтэй өөрөөсөө 26 дүү эртэй гэрлэлээ

 

Их Британийн 100 настай эмэгтэй Нора Уиткисс өөрөөсөө 26 дүү эртэй гэрлэжээ. Тэд 30 жилийн өмнө бүжгийн сургуулилтын үеэр анх танилцаж, түүнээс хойш байнгын харилцаатай байх болжээ.

“Надад энэ маань л бүжиг зааж өгсөн юм. Хоёулаа олон сайхан газраар хамт аялсан. Бид хоёрын дуртай бүжиг бол ча-ча-ча” гэж 74 настай Малкольм Йетс өгүүлж байна.

Сэтгэлт хосын хурим Уэльсийн Престатин хотноо болж, 30 зочин уригджээ. Сүйт бүсгүй ABBA хамтлагийн Dancing Queen дуу эгшиглэхэд тэргэнцэртэйгээр сүмд орж иржээ.

“Өдий насандаа сүйт бүсгүйн хувиар хуримд оролцож, нөхөрт гарна гэдэг сайхан юм. Би ийм сайхан мөчийг олон жил хүлээсэн. Дахиад ч хүлээхэд бэлэн л байлаа. Тэр надад бүхнийг бэлэглэсэн үнэхээр онцгой эр” гэж Нора Уиткисс инээмсэглэн ярьжээ.

Нора 1917 онд төрсөн. Гольфийн клубт угаагч, тогоочоор ажиллаж байгаад 18 настайдаа анх нөхөрт гарчээ. Нөхөр нь 1970 онд нас барсан байна. Нэг хүүтэй гэнэ.

Өндөр насалж буйнхаа нууцыг Нора идэвхтэй амьдралтай холбон тайлбарлажээ. “Би амьдралын өдөр хоног бүртээ баярлаж, аз жаргалыг мэдэрч байхыг хүссээр ирсэн. Үеийн охидтойгоо бүжгэнд их явдаг байлаа. Тэгээд л залуус намайг уриад л мөн ч их бүждэг байж дээ” хэмээн Нора Уиткисс ярьжээ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE