Хоёр хөлгүй залуу 33 барилдаанд ялж, олимпийн наадамд бэлдэж байна

 

20 настай Зион Кларк төрөлхийн хөлгүй. Гэлээ ч өөрийгөө өрөвдөж, гомдоллож суулгүй чөлөөт бөхөөр барилдаж, бүр 2020 оны Токиогийн олимпийн наадамд оролцохоор бэлдэж байна. 60 мянган хүүхдэд ганц тохиолддог каудалийн синдромтой хөлгүй хүүгээс эцэг эх нь шууд татгалзжээ. Ингээд хэд хэдэн айлд үрчлүүлж, эцэстээ Кларкийн гэр бүлд очсоноор тайван зөв амьдралын замд орсон байна.

Зион Кларк удирдлагын менежментийн мэргэжлээр аль хэдийнэ сургууль төгсөөд диплом өвөртөлчихсөн. Үргэлж өөдрөг, цовоо цолгиун байдаг залуу.

Түүнийг долоон настайд чөлөөт бөхийн дугуйланд оруулсан байна.  “Анх чөлөөт бөхийн заал, барилдааныг хараад л би “Энэ миний хувь заяа” гэдгийг мэдэрсэн. Би хоёр хөлгүй төрсөн. Тиймээс хоёр гар маань миний биеийн бүх хүч болж өгдөг. Хоёр гарынхаа хүчээр би амьдарч яваа. Миний гар гэдэг бол наддаа хөл бас гар юм. Биеийн тэнцвэрээ хоёр гараараа олж, барилдахдаа нэгээр нь барьц авч, нөгөөгөөр нь тулгуур хийдэг. Ирээдүйд чөлөөт бөхийн ямар нэгэн багт ажиллахыг хүсдэг. 2020 онд олимпийн наадам бий. Би тэнд барилдаж, медаль хүртэхийг хүсч байгаа” гэж Зион Кларк өгүүлжээ.

Зион Кларк коллежид сурч байхдаа чөлөөт бөхийн тэмцээнд тогтмол оролцжээ. Сүүлийн нэг жилийн хугацаанл цоо эрүүл хоёр хөлтэй бөхчүүдтэй өрсөлдөж, 15 ялагдаж, 33 ялсан үзүүлэлттэй явна.

Гэхдээ Зионы биеийн жин нь 45 кг. Гэтэл 57 кг-ын жинд барилдах ёстой болдог.

“Тэр бидэнд маш их эрч хүч, урам зориг өгдөг. Хэрвээ болохгүй бүтэхгүй зүйл тохиолдвол бид Зионыг хардаг. Тэгээд бүрэн сэргэдэг” гэж дасгалжуулагч нь өгүүлжээ.

news1.mn Р.Гэгээ

 

 

SHARE