Монголын хөрөнгийн бирж: 1072 хувьцааг ингэж ашиглаарай

Олон нийтийн дунд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг арилжаалах боломжтой эсэх, үнэт цаасны данс нээлгэх асуудлаар буруу зөрүү мэдээлэл авч төөрөлдөх явдал гарсаар байна. Тиймээс хувьцаагаа хэрхэх талаар Монголын хөрөнгийн биржийн зөвлөгөө мэдээллийг хүргэж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг Монголын хөрөнгийн биржид арилжаалагдаж эхлэх хүртэл бусдад шилжүүлэх, худалдах боломжгүй бөгөөд хөрөнгийн биржээр хувьцаа нь арилжаалж эхлэхийн тулд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК нь нээлттэй хувьцаат компани хэлбэрээр Монголын хөрөнгийн биржид бүртгүүлсэн байх, Санхүүгийн зохицуулах хорооноос хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх зөвшөөрлийг өгсөн байх шаардлагатай юм.

Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК нь хаалттай хувьцаат компани буюу Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэгдээгүй, хувьцааны арилжаа эхлээгүй байгаа тул иргэд өөрийн эзэмшлийн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг бусдад худалдах, шилжүүлэх боломжгүй байна.

Иргэд Монголын хөрөнгийн биржийн арилжаанд оролцох, хувьцаа худалдах, худалдан авах зорилгоор үнэт цаасны данс нээлгэх эрх нь нээлттэй. Ингэхдээ уг дансыг хөрөнгийн биржид бүртгэлтэй аливаа компанийн хувьцааны арилжаанд оролцох, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг хөрөнгийн биржид бүртгэгдсэний дараа арилжаалах үед ашиглана.

Үнэт цаасны данс нээлгэсэн эсэхээс үл хамааран, “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн тохиолдолд иргэд ногдол ашгаа хүртэх эрхтэй байна. Иймд үнэт цаасны данс нээлгээгүй иргэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг эзэмших, ногдол ашиг авах, түүнийг бусдад арилжаалах эрхгүй гэх ташаа мэдээлэлд автахгүй байхыг анхаарна уу. Үнэт цаасны данс нээлгэх компанийг сонгохдоо тус компанийн үйлчилгээний чанар, хүртээмж, үнэ өртөг зэргийг харгалзан үзэж шийдвэрээ гаргахыг зөвлөж байна.

Эх сурвалж: news1.mn Б.ЗАЯА

SHARE