Усэйн Болт мэргэжлийн хөлбөмбөгчийн хувиар анхны гоолоо орууллаа

Олимпийн найман удаагийн аварга, домогт гүйгч Усэйн Болт мэргэжлийн хөлбөмбөгчийн хувиар анхны гоолоо оруулж, дараахан нь дахиад нэг гоол хийлээ.

Австралийн “Сентрал Кост Маринерз” клубтэй Усэйн Болт хугацаагүй гэрээ байгуулж, өнгөрсөн наймдугаар сараас эхлэн бэлтгэл хийж эхэлсэн. Тэгвэл өчигдөр “Макартур Юнайтед”-ын хаалганд ийнхүү дубль хийжээ.

Усэйн Болт мэргэжлийн хөлбөмбөгч болох хүсэлдээ хөтлөгдөн заавал аль нэг багт тоглож, хөлбөмбөгч байж чадна гэдгээ харуулахаар тэмүүлсэндээ ийнхүү хүрч явна.

“Макартур Юнайтед”-ын хаалганд эхлээд зүүн хөлөөрөө хүчтэй цохиж гоол оруулсан бол дараа нь хамгаалагчдын алдааг ашиглан хоосонд хаалганд бөмбөгөө тайван өнхрүүлжээ. Дубль хийчихээд хоёуланд нь алдартай хөдөлгөөнөө хийж гоолын баяраа тэмдэглэжээ.

“Гоол оруулсны дараагаар маш их урам орлоо” гэж тэр хэлсэн байна. Гоолын бичлэгийг дороос үзнэ үү.

News1.mn Р.Гэгээ

SHARE