Б.Баярмаа: Ус бохирдуулсны төлбөрийг 50-60 хувь бууруулах нь усыг бохирдуулахгүй, хэмнэлтэй зарцуулах сонирхлыг төрүүлэхгүй

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн хуралдаанаар оруулахаар товлоод байна. Энэ хуулийн тухайд байгаль орчны иргэний нийгмийн байгууллагууд эсрэг байр суурьтай, буцааж татахыг шаардаж байна. Энэ тухай ТАН /Төлсөн авснаа нийтэл/ эвслийн зохицуулагч, “Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Б.Баярмаатай ярилцлаа.

-Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж Засгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг танай байгууллагын зүгээс Захиргааны хэргийн шүүхэд өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагаа дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?

-Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг 2012 онд баталснаас хойш 6 жил хэрэгжүүлээгүй. Хэрэгжүүлээгүй гол шалтгааныг салбарын яам хэлэхэдээ эдийн засгийн хямралын үед аж ахуйн нэгжүүдэд дарамт болно гэдэг шалтгаанаар Засгийн газар журам батлаагүй гэсэн шалтгаг хэлдэг. Бид сүүлийн хоёр жилийн хугацаанд Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг журмаа батлуулж, төлбөрийг бохирдуулагч нараас аваад хуулиа хэрэгжүүл гэдэг шаардлага тавьсан боловч журмыг гаргаагүй явж ирсэн. Тиймээс бид Засгийн газар, БОАЖЯ-ыг хариуцагчаар татан хууль хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй эс үйлдлийнх нь төлөө шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх бидний нэхэмжлэлийг хүлээж аваад хэрэг үүсгээд явж байгаа.

-Хариуцагчаар татагдаж байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг шинэчилж найруулаад УИХ-аар хэлэлцүүлж байна шүү дээ?

-Засгийн газар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлэхгүй явж ирсэн хэрнээ төлбөрийн хэмжээг 50-60 хувь бууруулах өөрчлөлтийг хуульд оруулаад болгож оруулж ирээд УИХ-аар хэлэлцүүлж эхэлсэн. Бид үүн дээр эсрэг байр суурьтай байгаа. Хуулиа хэрэгжүүлэхгүй явж ирчихээд төлбөрийн хэмжээг 50-60 хувь бууруулна гэж оруулж ирж байгаа нь шүүмжлэлтэй.

Анхны хэлэлцүүлэг хийж байхад ТАН эвслээс УИХ-ын гишүүдэд хандаж “Хуулийг битгий дэмжээч” гэж шаардлага хүргүүлсэн. Хэвлэлийн бага хурал зохион байгуулсан. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлэхгүй 6 жил болсны дараа төлбөрийн хэмжээг бууруулах гэж байгаа нь гишүүдийн лоббид автагдсан захиалгын хууль байж магадгүй гэсэн хардлага байгаа. Учир нь ус бохирдуулсны төлбөрийн хэмжээг бууруулах нь ус бохирдуулагчийг усаа хэмнэлтэй зарцуулах, цэвэрлээд эргүүлж ашиглах сонирхлыг төрүүлэхгүй гэж үзэж байгаа. Ажлын хэсгийн гишүүд тайлбарлахдаа зөвхөн дээд хэмжээг бууруулсан гэдэг. Тухайн үеийн нөхцөл байдлаас хамаарч дээд хэмжээг хэрэглэнэ гэж тайлбарлаад байгаа. Энэ хууль батлагдчихвал төлбөрийн хэмжээ 50-60 хувиар буурчихаж байгаа юм. Энэ бол ус бохирдуулагчид усны бохирдлыг бууруулах сонирхол бий болохгүй.

Ер нь манай улсад ус ашигласны төлбөрийн хэмжээ дэлхийн улсуудтай харьцуулахад маш бага. Жишээ нь, ХБНГУ-аас гэхэд 30 дахин бага, АНУ-аас 25, Японоос 35 дахин бага төлбөрийг ус ашигласны төлбөрт төлдөг. Тэгээд бохирдуулсны төлбөрийг тооцохдоо ус ашигласны хэмжээ дээр нь үндэслээд хувь, пропорцоор тооцож явж байгаа учраас тэр хэмжээгээр авдаг. Тэгэхээр бохирдуулсны төлбөр маш бага хэмжээтэй ногдож байгаа. Гэтэл ийм бага хэмжээн дээрээс дахиад 50-60 хувь бууруулна гэдэг ус бохирдуулагчийг усаа хэмнэлттэй зарцуулах, усаа бохирдуулахгүй байна гэдэг сонирхлыг төрүүлэх хөшүүрэг болж чадахгүй байгаа юм. Тийм учраас бид ус бохирдуулсны төлбөрийг бууруулж авахыг эсэргүүцэж байгаа.

-Хууль боловсруулагчид бохирдуулсны төлбөрийг авах нь бизнес эрхлэгчдэд дарамт болно гэж мэдэгдсэн. Хувьдаа ашиг олж буй тодорхой бүлэг хүмүүс, аж ахуйн нэгжүүдээс болж улс орны стратегийн гол бүтээгдэхүүнийг хайр гамгүй ашиглах, бохирдуулах нь шударга ёсонд нийцэх үү?

-Хямралын үед бизнес эрхлэгчдэд дарамт учруулна гээд байгаа. Эд нар үнэхээр 6 жилийн өмнө баталсан хууль дарамт болох уу үгүй юу гэдгийг амьдрал, практикт шалгаж үзээгүй байснаа ямар үндэслэл, тооцоогоор дарамт учруулахыг тогтоогоод байгаа нь ойлгомжгүй, маш тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, 50-60 хувь бууруулж байгаа нь ямар үндэслэлээр, ямар аргачлалаар тооцооллоор гарсан байна вэ гэдгийг хуулийн ажлын хэсгийнхэн тайлбарлаж чадахгүй байгаа юм. Түүнчлэн өнөөдөр уул уурхай усыг бохирдуулагч хамгийн том асуудал үүсгэсэн салбар. Хамгийн их ус ашигладаг, маш урт хугацаагаар ус ашиглах гэрээ байгуулдаг. Гэтэл тэд ус ашигласны төлбөрийг маш бага төлдөг. Гэтэл ийм аж ахуйн нэгжүүдийн төлбөрийг талаас илүү хувиар төлбөрөөс нь чөлөөлнө гэж байна. Тэгсэн хэрнээ өнөөдөр малчид болон газар тариаланчдаас шинээр ус бохирдуулсны төлбөр авахаар заачихсан. Хонин толгойд шилжүүлснээр 300 толгой хүртэлх мал маллаж байгаа малчин, өрхийн хэрэглээний нэг га хүртэлх тариа ногооны талбайгаа усалж байгаа тариаланчдаас ус бохирдуулосны төлбөр авахаар заачихсан. Хууль тогтоомжийн тухай хуулиараа малчид, тариаланчдаас санал авсан уу, хэлэлцүүлсэн үү гэдэг нь тодорхойгүй байна. Бид Ажлын хэсгээс удаа дараа шахаж шаардсан. Энэ хууль хэрэв батлагдаж гарвал эрх ашиг нь малчид тариаланчдын эрх ашиг хөндөгдөх нь. Тэдгээр хүмүүсээр Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу хуулийнхаа төслөө танилцуулж санал аваач гэсэн. Энэ ажлыг өнөөдөр хүртэл хийсэнгүй ирлээ. Ингэснээрээ хууль боловсруулагчид Хууль тогтоомжийн тухай хуулийг зөрчиж Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн төслийг оруулж хэлэлцүүлж байгаа нь хууль зөрчсөн явдал.

-Өргөдлийн  байнгын хороо энэ хуулийн хэрэгжилтийг шаардаж Засгийн газарт үүрэг өгч байсныг санаж байна. Энэ шаардлага ажил хэрэг болоогүй хэрэг үү?

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмж байдаг. Ус бохирдуулж байгаа хүмүүсийн хариуцлага чангатах эрх зүйн орчин бүрдүүл гэсэн. Мөн НҮБ-ын усны тусгай илтгэгч Монгол Улсад ирээд Туул голын бохирдолтой танилцаад бохирдлын хэмжээ гамшгийн түвшинд хүрчихжээ. Тиймээс бохирдлыг бууруулах ажлыг хийх ёстой, үүнтэй холбоотой эрх зүйн орчныг бий болгох ёстой. Туул голыг хамгаалах нь Засгийн газрын хамийн чухал ажил болсныг анхааруулж энэ чиглэлээр ажиллахыг зөвлөсөн байдаг.

Мөн Өргөдлийн байнгын хорооноос 2016 онд 03 дугаар тогтоол баталж гаргасан. Үүнд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн дагаж мөрдөх журмыг яаралтай баталж энэ хуулийг яаралтай хэрэгжүүл гэж Засгийн газарт даалгасан. Гэтэл Засгийн газар энэхүү дүгнэлт, зөвлөмж, үүрэг даалгаврыг хэрэгжүүлэхийн оронд харин ч төлбөрийн хэмжээг бууруулсан хуулийг УИХ-д өргөн бариад хэлэлцүүлж байгаа нь маш буруу. Хуулиа хэрэгжүүлэх ёстой үүргээ биелүүлэхгүйгээр хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад ус бохирдуулагчдыг өөгшүүлсэн. Тэднийг хамгаалсан заалтыг оруулж ирээд танилцуулж байгаа нь усыг хамгаалахад чиглэсэн бодлого эрхзүйн орчныг үгүй хийж байгаа үйлдэл. Тиймээс бид УИХ-ын гишүүдээс гадна Ерөнхийлөгчид “Хэрэв энэ хууль батлагдвал хориг тавьж өгнө үү” гэсэн хүсэлтийг хүргүүлсэн. Мөн Өргөдлийн байнгын хороонд 250 гаруй иргэн Засгийн газарт  “Энэ хуулиа эргүүлж татаж авах чиглэл өгөөч” гэсэн хүсэлтийг гаргасан. Мөн УИХ-ын гишүүдэд бүгдэд нь захидал хүргүүлсэн.

-УИХ-ын гишүүд ямар байр суурь илэрхийлсэн бэ?

– УИХ-ын гишүүдээс О.Баасанхүү гишүүн бидний саналыг дэмжинэ гэсэн хариулт ирүүлсэн. Харамсалтай нь бусад нь энэ хууль дээр ямар байр суурьтай байхаа хариу өгөөгүй байгаа. Ер нь бид хуулийн үзэл баримтлал хэрэгжүүлж байгаа нөхцөл байдал, чуулганы явцыг телевизээр харж, тэмдэглэлийг нь үзэхэд гишүүдийн ойлголт маш их холилдсон байна. Ус бохирдуулсны төлбөр, ус ашигласны төлбөр хоёрыг хооронд нь хольж хутгаад ойлгож ярьж байна. Ажлын хэсгийнхэн хуулийнхаа үзэл баримтлалыг дутуу буруу тайлбарлаад байна уу, ойлгохгүй байгаа зүйлүүд ихээр харагдаж байна. Тиймээс УИХ-ын гишүүд үүн дээр илүү их анхааралтай байгаач гэж хүсмээр байна.

Ажлын хэсгээс урд нь энэ хууль батлагдсан, ийм нөхцөл шалтгаанаас болоод аж ахуйн нэгжүүдэд үнэхээр дарамт болох гээд байгаа учраас төлбөрийг нь 50-60 хувь бууруулж байгаа гэдэг үндсэн үзэл баримтлалаа тайлбарлахгүйгээр хуулийг анх удаа оруулж ирж байгаа юм шиг, бохирдуулагчдаас анх удаа төлбөр авах гэж байгаа мэтээр танилцуулга хийгээд байгаа учраас гишүүд төөрөлдөөд байгаа бололтой. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Ус бохирдуулсны төлбөр тариф нь нэмэгдээд байна. Уул уурхай ус ашигласны болон бохирдуулсны төлбөрийг нэмж авч байна. Авсан мөнгөө юунд ашигласан бэ” гэх мэтээр асууж байсан. Үнэндээ тийм биш. Зургаан жилийн өмнө баталсан хуулийг хэрэгжүүлэхгүй байсаар энэ хэмжээгээ бууруулсан хууль орж ирж байна гэдгийг ялгаж салгаж ойлгож кнопоо дарахыг хүсч байна.

-Монгол Улс ундны усны нөөцөө нэмэгдүүлэх чиглэлээр Мянганы сорилтын сангаас хөрөнгө оруулалт авахаар болсон. Усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэхээр нэг хэсэг нь ажил эхлүүлж байхад эсрэг хууль оруулж ирж байгаа нь сонирхолтой?

-Иргэний нийгмийн байгууллагууд бидний баярлаж байгаа зүйл бол Засгийн газар усгүй болж байна гэдгийг ойлгож, усны ач холбогдол хөгжилд маш их гэдгийг ухаарсан явдал. Үүнийг бид олон жил шаардаж хэлж байсан, олон жил усны нөөцийг хамгаалаач, нэмэгдүүлэх тал дээр арга хэмжээ аваач гэж хэлж ирсэн. Ялангуяа Туул гол дээр 2014 оноос анхаарал хандуулах чиглэл дээр олон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээлэлтэй хамтарч Засагт шахалт шаардлагуудыг хүргэж ажилласан. Түүний хүчинд өнөөдөр Туул голыг хамгаалах талаар ӨБХ 5 тогтоол гаргалаа. Маш чухал 5 тогтоолыг гаргаж Засгийн газарт хэрэгжүүлэх 50 гаруй үүрэг даалгавар өгсөн. Улаанбаатарын хүн амын усаар хангаж байгаа Туул голын усны нөөц 2030 он гэхэд дуусна. Тэгэхээр улаанбаатарчуудыг ямар усны эх үүсвэрээр хангах гээд байна гэдэг нь манай улсын хувьд хамгийн тулгамдсан асуудал. Үүнийг АНУ хүлээж аваад Мянганы сорилтын сангийн 2 дахь санхүүжилтийг энэ асуудалд хөрөнгө оруулж байгаад маш их сайшаалтай сайн зүйл. Харин энэ их мөнгийг иргэд олон нийтийн хяналтан дор үр өгөөжтэй зарцуулж, үнэхээр Ерөнхий сайдын хэлээд байгаагаар 100 жил айлтгүй усны нөөцийг бий болгож, хамгаалах ажилд зарцуулах нь чухал.

Эх сурвалж: www.news1.mn

Б.ЭНХЗАЯА

SHARE