Хабиб тулааны 10 сая ам.доллараасаа татгалзахад бэлэн гэдгээ зарлалаа

 

UFC-гийн удирдлага болон ОХУ-ын тулаанч Хабиб Нурмагомедовын хоорондын зөрчилдөөн улам гаарч эхэллээ. Конор Макгрегортой хийсэн тулааны дараагаар Хабиб Нурмагомедов октагоны хашлага даван харайж өрсөлдөгчийнхөө бэлтгэл хангагчтай гар зөрүүлээд амжсан. Энэ үеэр Хабибын найз Зубайра Тухугов ч зүгээр суулгүй Конорыг хэд дэлсээд авсан юм. Тэгвэл энэ үйлдлийнх нь төлөө Зубайра Тухуговыг UFC-гийн тулаанд дахин оролцуулахгүй гэжээ. Үүний хариуд Хабиб UFC-тэй гэрээгээ цуцална гэж сүрдүүлээд амжсаны зэрэгцээ тулааны мөнгөнөөсөө ч татгалзахад бэлэн гэдгээ мэдэгдэв.

“Хэрвээ та нар Тухуговыг хөөвөл миний гэрээг ураад над руу явуулахаа битгий мартаарай. Эсвэл би өөрөө ураад хаячихна шүү. Өө бас мартах шахаж. Та бүхний өгч чадахгүй байгаа өнөөх тулааны мөнгийг өөрсөддөө үлдээвэл үлдээхгүй юу даа. Харин хоолой дээр чинь тээглээд хахахвий дээ” гэж Хабиб өгүүлжээ.

Конор Макгрегорыг ялсан тулааныхаа төлөө Хабиб Нурмагомедов ойролцоогоор 10 сая ам.доллар хүртэх учиртай ажээ.

.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE