Испанийн Ерөнхий сайдын докторын диссертаци хуурамч уу?

 

Испани даяар Ерөнхий сайдынхаа докторын диссертацид эргэлзэн тээнэгэлзсэн бүр хуурамч, хуулбарласан гэдэгт нь итгэсэн хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Тус Улсын Эрүүл мэндийн яамны сайд Кармен Мотроны магистрын диссертаци хуурамч болох нь нотлогдсоны дараагаар Ерөнхий сайд Педро Санчесийг докторын диссертациа олны өмнө дэлгэхийг Иргэний намын тэргүүн Альберт Ривера шаардсан юм.

Гэтэл Ерөнхий сайд Педро Санчес диссертациа олонд дэлгэхээс татгалзжээ. Хэвлэлүүдийн таамаглаж буйгаар бол Педро Санчес диссертациа өөрөө бичээгүй, харин Үйлдвэрийн яамны ажилтан түүнд бичиж өгсөн байж магадгүй гэнэ.

Мөн хэвлэлийнхэн Педро Санчесийн намтар номыг сөхөн, тэнд диссертацийнх нь хэсгээс дурьдагдсаныг хянаж үзтэл ихэнх нь өөр материалаас хуулбарласан болохыг тогтоосон байна. Үүний зэрэгцээ Педро Санчесийн диссертацийн хамгаалалтад Эзэн Хаан Хуан Карлосын нэрэмжит Их сургуулийн профессоруудаас хэн нь ч оролцоогүй нь ил болжээ. Мөн диссертацийг хамгаалсан гэх хугацаанаас бүтэн гурван сарын дараагаар А үнэлгээ тавьсныг олж тогтоожээ.

Одоогоор 46 настай Испанийн Ерөнхий сайд Педро Санчес энэ талаар тоймтой хариулт өгөөгүй байна.

.

Эх сурвалж: news1.mn Р.Гэгээ

SHARE