Цэцийн шийдвэр, УИХ-ын тогтоолыг “ялсан” шүүхийн шийдвэр

2018.9.20.  Улсын Дээд шүүхийн мэдээ: “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангажээ

“Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлоор 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хянан хэлэлцлээ.

Нэхэмжлэгч “Монголиан коппер корпорейшн” ХХК  Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар гэсэн гурван байгууллагад холбогдуулан нийт 13 нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүх уг хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд нийт 13 нэхэмжлэлийн шаардлагаас 9-ийг нь хангаж, 2 шийдвэртэй холбоотой шаардлагыг хэсэгчлэн хангаж, 2-ыг нь хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээрх хэргийг 2018 оны 7 дугаар сарын 19-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нийт 13 нэхэмжлэлийн шаардлагаас 5-ыг нь хангаж, 1 шийдвэртэй холбоотой шаардлагыг хэсэгчлэн хангаж, 7-г нь хангахгүй орхиж шийдвэрлэсэн юм.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нийт 13 нэхэмжлэлийн шаардлагаас 6-г нь хангаж, 2 шийдвэртэй холбоотой шаардлагыг хэсэгчлэн хангаж, 5-ыг нь хангахгүй орхиж шийдвэрлэв. Дээд шүүх хэргийг ийнхүү шийдвэрлэхдээ Монгол Улсын Засгийн газар болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь УИХ-ын 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхдээ хууль болон дээрх тогтоолыг зөрчиж,  зарим шийдвэрүүдийг гаргасан байна гэж дүгнэжээ”

 

2017.2.10. Монгол Улсын Их Хурлын тогтоол. Дугаар 23: “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ХХК, “МОНГОЛРОСЦВЕТМЕТ” ХХК-ИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 15 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6, 7 дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг зөрчиж эдгээр аж ахуйн нэгжийн 49 хувийн энгийн хувьцааг худалдаж авах төрийн давуу эрхэд хууль бусаар халдсан байх тул Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ““Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 330 дугаар тогтоолын 1 дүгээр заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Оросын Холбооны Улсын Засгийн газрын эзэмшлээс “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-д шилжсэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид шилжүүлэн авах асуудлыг яаралтай шийдвэрлэж, төрийн өмчит үйлдвэрийн газрын статустайгаар ажиллуулах арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо /Ш.Раднаасэд/, Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/-т даалгасугай.

3.“Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг Хөгжлийн банк болон Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексель зэрэг эх үүсвэрээс суутган тооцох хэлцэл хийж төрийн өмчид авах арга хэмжээг зохион байгуулахыг Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо /Ш.Раднаасэд/, Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/-т даалгасугай.

4.Хууль тогтоомж удаа дараа зөрчсөн Монголбанк, Засгийн газар, Худалдаа хөгжлийн болон Улаанбаатар хотын банкны удирдах ажилтнуудад холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/, Монголбанк /Н.Баяртсайхан/-нд даалгасугай.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                            М.ЭНХБОЛД

 

2018.2.28.  Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт: Дугаар 03. Монгол Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх

 маргааныгхянан шийдвэрлэсэн тухай  

 

Үндсэн хуулийн цэцийн
хуралдааны танхим 17.00 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан, Т.Лхагваа, Д.Сугар /илтгэгч/, Д.Солонго нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Ч.Жадамба, Р.Очирбал, Ж.Онон, Н.Нямжаргал болон Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Д.Цогтбаатар нар оролцсон болно.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалт, Дөчин тавдугаар зүйлийн 2, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

  1. Монгол Улсын Их Хурлын ““Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Төр нь … хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.”, мөн зүйлийн 3 дахь хэсгийн “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.”, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө;”, Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд … төрийн байгууллагын бусад шийдвэр … бүрнээ нийцсэн байвал зохино.”  гэж заасныг тус тус зөрчөөгүй байна.

 

  1. “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн мэдэлд  авсан  тохиолдолд  “Монголиан  Коппер  Корпорейшн”  ХХК-ийн Оросын Холбооны Улсын “Ростех” корпорацид уг 49 хувийн энгийн хувьцааг авахад зарцуулсан төлбөрийг төлж барагдуулах үүрэгтэйг дурдсугай.

 

  1. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу дараагийн чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                                       Д.ОДБАЯР

ГИШҮҮД                                                                       Н.ЖАНЦАН

Т.ЛХАГВАА

Д.СУГАР

Д.СОЛОНГО

SHARE