“Магнай трейд”-ийн газрын тосны хайгуулыг эсэргүүцэж жагсчээ

Дорнод аймгийн Чойбалсан сумын иргэд, малчид энэ сарын 7-нд газрын тосны хайгуулыг эсэргүүцэж жагсчээ. Дорнод аймгийн 8 сумын газар нутгийг хамарсан Баянтүмэн 17 дугаар талбайд “Магнай трейд” компани Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан юм. Тус гэрээний дагуу хайгуулын ажлыг эхлүүлэхээр БНХАУ-ын иргэд кемп байрлуулах, өрөм тавих ажлыг хийжээ. Энэ үеэр нутгийн иргэд, малчид эсэргүүцлийн жагсаал хийсэн байна. Жагссан иргэдийн тайлбарлаж байгаагаар хайгуулын талбайд малчдын бэлчээр, өвөлжаа, хаваржаа орсон байгаа аж. Түүнээс гадна газрын тосны өмнөх хайгуул, олборлолтын ажил нутаг оронд өгөөжгүй, байгаль орчин, нутгийн иргэдийн эрүүл аюулгүй амьдрах эрхийг ноцтой зөрчсөн. Тиймээс дахин ийм зөрчил гаргуулахыг хүсэхгүй байгаагаа хэлж байв.

Дашрамд дурдахад, Дорнод аймгийн Засаг даргын захирамжаар газрын тосны олборлолт явуулж байгаа Петрочайна дачин тамсаг ХХК-ийн 19, 21 дүгээр талбайн тээвэрлэлтийг аймгийн Засаг даргын захирамжаар түр зогсоогоод байгаа юм.

Эх сурвалж: news1.mn Б.ЗАЯА

SHARE