Фан Бин Бинээр дамжуулан Хятадын төр татвараас зайлсхийгсдийг айлгав

 

Эдүгээ цагийн Хятадын хамгийн алдартай, амжилттай жүжигчдийн нэг 38 настай Фан Бин Бин өнгөрсөн хавар Каннын кино наадмын дараагаар гэнэт сураггүй алга болж, олон сая шүтэн бишрэгчдээ сандаргасан.

Инстаграмдаа хэдэн сая дагагчтай жүжигчин эмэгтэй шинэ зураг оруулахаа больж, утасны дуудлагад хариулахаа байсны зэрэгцээ олны өмнө ч үзэгдэхгүй болсон юм. Хятадын фэйсбүүк гэж нэрлэж болох Weibo-гоор Фан Бин Бинийг гэмт этгээдүүд барьцаанд авсан гэх юмуу эсвэл төр засгийн том албан тушаалтан өвөртөө оруулах гээд чадаагүй болохоор шоронд хорьсон гэх дуулиан хүртэл дэгдээд байлаа. Ингээд шүтэн бишрэгчид нь “Фан Бин Бин бидэндээ буцаад ирээч!” гэх мэт хөдөлгөөн хүртэл өрнүүлж эхэлжээ.

Түүний тоглосон шинэ кино ч кинотеатрын дэлгэцнээ гарах хугацаагаа хойшлуулж эхлэв. Үүнтэй зэрэгцээд жүжигчин эмэгтэйг БНХАУ-аас гарч болохгүй, хилийн хориг тавиулсан талаар мэдээ цацагдаж эхэллээ. Иймэрхүү мэдээллийн дараагаар “Фан Бин Бин төрийн удирдлагуудтай улстөрийн үзэл бодол, байр суурийн зөрчилдсөний улмаас золиос болжээ” гэж шүтэн бишрэгчид нь таамаглаж, өмгөөлөх болжээ.

Гэвч Фан Бин Биний алга болсон тухай детектив романтик маягийн түүх өндөрлөж, үнэн бодит байдал нь олны өмнө ил боллоо. Тэр өөрөө Хятадын нэгэн телевизийн дэлгэцээр гарч, ард түмнээсээ уучлалт гуйлаа.

Фан Бин Бин сүүлийн хэдэн жилийн турш хэд хэдэн киностудитэй давхар гэрээ байгуулж, бодит орлогоо нуун дарагдуулж байсан гэнэ. Ингээд нийтдээ 20 сая ам.долларын татвараас зайлсхийсэн хэрэгт унажээ. Ийм учраас л зуны гурван сарын турш жүжигчин эмэгтэйн дүр төрх олны өмнө огт харагдалгүй, алга болжээ.

 

Одоо Хятадын төр засаг, хууль түүнээс нуун дарагдуулсан мөнгийнхөө хэмжээг хэд дахин нугалж төлөхийг шаардаж байна. Тухайлбал, 129 сая ам.долларыг төлөх ёстой гэж үзжээ. Фан Бин Бин ч дэлгэцээр ард түмнээсээ уучлалт хүсэхдээ энэхүү мөнгийг төлөхийг зорьж буйгаа хэллээ.

Олон сая шүтэн бишрэгчдээ бүгдийг нь алдчихгүйн тулд жүжигчин эмэгтэй ийм алхам хийж буйгаа дэлгэцээр мэдэгдсэн юм. Гэлээ ч одоо түүнийг хүмүүс урьдын адил шүтэн бишрэх эсэх нь эргэлзээтэй болжээ.

“Икс хүмүүс”, “Төмөр хүн” зэрэг холливудын кинонд дүр бүтээж, Дундад иргэн улсын шинэ зууны баатар болсон бүсгүй саяхан л магтаал, сайшаалын үгэнд умбаж байсан бол ийнхүү нүд үзүүрлэгдэх болов.

Фан Бин Бин Хятадын төр засаг, хууль хяналтынхантай хамтран кино урлагийн салбарын нууц данс, татвараас зайлсхийх аргуудыг нээн илчлэхээр болсон байна.

Өөрөө нэгэн кинонд дүр бүтээхдээ киностудитэй хоёр гэрээ хийдэг байснаа хүлээн зөвшөөрчээ. Нэг нь бодит буюу маш өндөр үнэтэй гэрээ. Нөгөө нь, хуурамч буюу бага үнэтэй гэрээ. Хятадад тун амжилт олсон нэгэн кинонд тоглохдоо 1.6 сая ам.долларын урамшуулал авсан мэт хуурамч гэрээнд заасан ч бодит хэрэгтээ 7.8 сая ам.доллар авсан гэнэ.

Ийнхүү Фан Бин Бинээр дамжуулан Хятадын төр засаг, хууль хяналтын байгууллага татвараас зайлсхийгчдийг айлгаж түгшээхийн зэрэгцээ нүглээ эртхэн наминчилбал өршөөх боломж бийг сануулжээ.

Энэ оныг дуустал татвараас зайлсхийсэн хүмүүс түүнийгээ өөрсдөө илчлэн хүлээн зөвшөөрч, төлөлтөө хийх ёстой гэнэ. Тэгвэл тэдэнд хариуцлага тооцолгүй өршөөх юм. Харин 2019 оны нэгэнт гарсан тохиолдолд татвараас зайлсхийсэн нь тогтоогдвол хуулийн дагуу маш хатуу шийтгэл ногдуулахаа зарлаад байна.

.

Р.Гэгээ

 

 

 

SHARE