Я.Содбаатарт Булганы уулзалт буянаа өглөө

Я.Содбаатар ЗТХ-ийн сайд боллоо. Үнэн хэрэгтээ энэ хүн сайд болох нь сарын шахмын өмнө тодорхой болоод байсан юм. 2018 оны есдүгээр сарын 6-нд МАН-ын удирдлагууд бөөнөөрөө Булганд очиж уулзацгаасан байдаг. Тэр уулзалтаар шийдсэн хамгийн гол асуудал нь Я.Содбаатарыг ЗТХ-ийн сайд болгох тохироо байсан юм.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нар уулзалтын зохион байгуулагчид байсан бөгөөд Я.Содбаатар Нутгийн зөвлөлийнхөө уулзалттай байж байгаад араас нь очсон гэдэг. Мөн энэ уулзалтад ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаас бусад МАН-ын удирдлагууд цугласан тухай эх сурвалжууд мэдээлсэн.

Я.Содбаатар ч намынхаа удирдлагуудаас сайд болчихоод юу юу хийх талаараа удирдамж, чиглэл авсан тухай тухайн үед зарим хэвлэлд мэдээлж байлаа.

Энэ мэдээлэл ёсоор болж Я.Содбаатар сайд боллоо. Өөрөөр хэлбэл, Я.Содбаатарт Булганы уулзалт буянаа өглөө.

Харин мань эр Булганы уулзалтын дараа гарсан хэвлэлийн мэдээллүүдэд дурдсанаар МИАТ-ын хувьчлалыг заавал явуулах, МИАТ-ын санхүү эрхэлсэн захирлыг солих, Б.Цэнгэлийг ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга болгох зэрэг ажлуудыг хийгээд эхлэх нь үү, яах нь вэ гэдгийг харж л байя.

Эх сурвалж: www.news1.mn Д.Бат-Очир

SHARE