Интерполын тэргүүнийг авлигын хэргээр баривчлан, шалгаж эхэлжээ

Интерполын тэргүүн, Хятадын 64 настай иргэн Мэн Хун Вэй сураггүй алга болоод 10 хоносны дараагаар БНХАУ-аас албан ёсоор түүнийг авлигын хэрэгт сэжиглэж баривчлан шалгаж буйгаа мэдэгдлээ.

Тэрбээр Интерполын албан байр байрладаг Францын Лион хотоос төрсөн эх орон БНХАУ руугаа амрахаар одсноос хойш огт холбоо барилгүй таг чиг болсон талаар түүний эхнэр болон сэтгүүлчид мэдээлсэн юм.

Мэн Хун Вэй эхнэртэйгээ хамгийн сүүлд есдүгээр сарын 29-нд харилцсан байна. Тэрбээр өмнө нь БНХАУ-ын Олон Нийтийн Аюулгүй Байдлыг Хамгаалах яамны орлогч сайдаар ажиллаж байсан юм.

Тэгвэл Мэн Хун Вэйгийн эхнэр Грэйс Мэн нөхрөө хачин гэмээр зураг илгээснийхээ дараагаар алга болсон гэж өчигдөр мэдэгджээ. Түүний өгүүлснээр бол нөхөр нь хамгийн сүүлд хутганы зураг илгээсэн гэнэ. Үүгээрээ өөрийгөө аюултай байдалд орсоноо илтгэх гэсэн байж болзошгүй гэж эхнэр нь таамаглаж буйгаа ярьсан байна.

Мэн Хун Вэй Хятадаас Интерполын удирдлагатай холбоо барьж, өөрийн хүсэлтээр ажлаасөө огцорч буйгаа өчигдөр мэдэгдсэн ажээ.

.Эх сурвалж: news1.mn Р.Гэгээ

SHARE